Кальфорн мужийн 2010 оны аварга шалгаруулах Монгол шагайн харвааны тэмцээн Оакланд хотноо 12 сарын 18 нд боллоо. Үндэсний уламжлалт спортыг дэлгэрүүлэх мөн спортоор дамжуулан үндэснийхээ ёс заншил, өв уламжлалыг өсвөр хойч үеийнхэндээ уламжлуулан үлдээх зорилготой, мөн үндэсний шагайн харвааны цол зэргийн болзолд багддаг, хоёр дахь удаагаа зохиогдсон энэхүү тэмцээнд Los Angeles, Sacramento, Oakland, Concord , San Francisco хотын нийт 6 баг цэц мэргээ сорив.
Аймгийн гоц мэргэн нэг, аймгийн мэргэн хоёр,аймгийн дэд дэргэн гурав, Монгол Улсын хүндэт харваач тав , мөн өсөх ирээдүйтэй залуу харваачид оролцсон гээд бодохоор ямархуу чансаатай, ямархуу өрсөлдөөнтэй тэмцээн болсон нь тодорхой. Багууд тойргийн журмаар тоглон аваргаа тодруулсан бөгөөд Конкорд хотын “Хийморь” баг нэг хожигдолгүй хийморьтой сайхан харваж , Кальфорнийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж, хошой аварга баг болов.
№ БАГИЙН НЭР 1 2 3 4 5 6 Хо БАЙР
1 УУХАЙ ( San/F ) = 0 0 0 1 0 1 V
2 L.A ( Los Angeles ) 1 = 0 0 1 0 2 IV
3 ТОЙРОМ (Sacramento) 1 1 = 1 1 0 4 II
4 ЭВ ЭЕ ( Oakland ) 1 1 0 = 1 0 3 III
5 МЭРГЭ ( Bay Area ) 0 0 0 0 = 0 0 VI
6 ХИЙМОРЬ (CONCORD ) 1 1 1 1 1 = 5 I
Конкорд хотын Шагайн харвааны энэ багийн амжилт нийт харваачдын хичээл зүтгэл, МУын Хүндэт Харваач, Аймгийн Дэд Мэргэн Г. Ганболдтой салшгүй холбоотой ба түүний нэрийг дурьдахгүй өнгөрөх аргагүй билээ.
Тэмцээний хамгийн сонирхолтой тоглолт , их спортын хэллэгээр бол ФИНАЛ гэж хэлж болох тоглолт нь нэг ч хожигдолгүй явсан хоёр баг буюу Sacramento хотын “Тойром” баг, Concord хотын “Хийморь” багуудын хооронд боллоо. Хоёр багийн эхний өрөгт “Хийморь” баг нэг хасаа шимж, харин хоёр дахь өрөгт “Тойром” баг сөрж нэг хасаа шимснээр хоёр багийн оноо тэнцэж, Шагайн харвааны дүрэм ёсоор дүүжин ( зоосон мөнгө ) тавьж харвалаа. Дүүжинг хоёр дахь сумаараа “Хийморь” багийн харваач Оюунцэрэн онож багаа түрүүлгэлээ.
Үүний дараагаар хувийн цуваа харваа болж “Эв Эе” багийн харваач Д. Мөнхбаяр 20 сумнаас 19 онож түрүүллээ. Харин 2, 3-р байрын төлөө 20 сумнаас адилхан 18 оносон дөрвөн харваач сум уралдуулснаас “Хийморь” багийн М. Жаргалтүвшин (Дэд Мэргэн) 2-р байр, “Уухай” багийн Д.Цолмон (Мэргэн) 3-p байр тус тус эзэллээ.
Энэ тэмцээний үеэр “L.A” багийн ахлагч Г. Алтанхуягт Монгол Улсын Хүндэт харваач, мөн тус багийн Ц. Цогтгэрэлд Биеийн Тамир Спортын Алдар медаль, Аймгийн Дэд Мэргэний болзол биелүүлсэн “Хийморь” багийн Б. Батсайхан, Ч.Тогтохжав, “Эв Эе” багийн Д.Мөнхбаяр нарт энгэрийн цол тэмдгийг Кальфорний Монгол Шагайн Товчооны Тэргүүн, МУ-ын харцага Б.Жавхлантөгс гардуулан өглөө.
Шагайн Харваа маань уухайн түрлэг дүүрэн, харваачдын оноо мэргэн сайхан тэмцээн болж өндөрлөлөө.
С. Баяраа . Walnut Creek 12/18/10