Сан Францискогоос Детройт –Баффало маршрутаар “Дельта” авиакомпанийн “төмөр шувууг” хөлөглөн хоккейн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлахаар зорин байхдаа үнэхээр ийм сенсаац дүүрэн финал болно, ийм содон сонин гоё хоккей үзнэ гэж үнэндээ ч төсөөлж явсангүй ээ.
Америкийн Нью-Йорк мужийн Баффало болон Ниагара Фоллс хотуудад залуучуудын дэлхийн аварга шалгаруулах шайбтай хоккейн 35 дахь удаагийн тэмцээн болж буйг, уг тэмцээний явцын тухай өмнөх нийтлэлдээ өгүүлсэн болохоор хагас шигшээ болон медалийн төлөө тоглолтууд руу уншигчдын анхаарлыг хандуулья.
Тэмцээн Америкт болов уу? Канадад болов уу?
Хэсгийн тоглолтод Шведийн хоккейчдод буллитаар хожигдсон Канадчууд хагас шигшээд эзэн орны залуустай таарах нь тодорхой болсон билээ. 2005-2009 онд завсаргүй тав дараалан түрүүлж, 1993-1997 онд мөн ийм амжилт үзүүлсэн “ах нарынхаа” рекордыг эвдэхээр завдаж байсан Канадын залуучуудыг өнгөрсөн жил Америкчууд нутаг дээр нь алтан медалийн төлөө тоглолтод нэмэлт цагт 5:6-аар хожин “мөрөөдлийг” нь салхинд хийсгэсэн болохоор “Агч навчны” орныхонд чухам Америкийг л финалд хожин аваргалбал “амттай” байх байсан биз. Гэвч өөрсдөө Шведийн зохион байгуулалт сайтай , тоглолтын сахилга бат өндөр багийг бараагүй болохоор “өст хүн өлийн дөвөөн дээр” гэдэг шиг хагас шигшээд Америктайгаа ахин таарсан нь энэ.
Энэ тоглолт ч Америк , Канадын балиашигуудын “цөсийг” нь хөөргөсөн халуухан юм болох байх гэж бодож байтал ёстой эсрэгээр эргэв. Баффало хотын HBSC хэмээх аварга ордонд Канад-АНУ-ын тоглолтыг үзэхээр ирсэн 20 000 хүний за бараг 80-90 хувь нь улаан өнгөтэй, агч модны дүрстэй хувцсаар гангарсан Канадчууд , Канадын балиашигууд байсан нь гайхалтай. Тэдний уухайлах, шуугилдах үнэхээр гайхалтай.
Хүний бус өөрийнхөө нутагт тоглож байгаа юм шиг Канадууд ч бүх талаар энэ тоглолтод илүүрхэн 4:1-ээр төвөггүйхэн хожлоо. Хэрэв өмнөх тэмцээний шилдэг хаалгачийн шагналтай АНУ-ын ирээдүйтэй хаалгач Жэк Кэмпбелл Канадын багийн 37 цохилтыг хаагаагүй бол тооны харьцаа илүү зөрүүтэй байх байсан. Ийнхүү Канадчууд өнгөрсөн жилийнхээ “тооцоог” хийх нь хийлээ. Харин алтын төлөө тэд хэнийг “хожих” бол хэмээн Канадын балиашигууд ярих нь сонсогдоно...
Орос “пацаануудын” онцгой гавьяа
Хагас шигшээгийн хоёр дахь тоглолтод “үхлийн хэсэгт” Канад, Чех, ОХУ гээд хоккейн луухгаруудтай багтсан ч нэг хожигдолгүй хэсэгтээ тэргүүлж, хагас шигшээд шууд шалгарсан “Гурван титэмт” Швед , энэ тэмцээнд эхлээд Канад, Шведийн багт хожигдож, ирээдүй нь нилээд бүрхэг болоод байсан ч Норвеги, Чехийн багийг дараалан хожиж плей-оффын эрхээ аваад хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Финландын багт тоглолтын цаг дуусахад 4 минут орчим дутуу байхад 1:3-аар хожигдож яваад 3:3 болгож дөнгөсөн, улмаар нэмэлт цагт хожлын шайб оруулан гайхамшигтай ялалт байгуулсан Оросын залуучууд хоорондоо таарсан.
Бараг найдваргүй хожигдож яваад гайхамшигтай ялалтыг байгуулсан Оросын залуучууд эрчиндээ Шведийн эсрэг ч шийдэмгий тоглолоо. Хоёрдугаар үед Оросууд 2:0-ээр хожиж явсан юм уг нь. Үүндээ хэт тайвширсан уу, эсвэл өмнөх өдөр Финландтай хийсэн “тулаан”-аас сэргэлт авч амжаагүй юу бүү мэд төдөлгүй Шведүүд санаачилгыг авч Оросын хаалганд гурван шайб дараалан оруулах нь тэр. Гэвч Оросын залуучууд “Русский характераа” харуулж тоглолтын цаг дуусахаас ердөө 1 минут 27 секунд дутуу байхад тооны харьцааг 3:3 болгож дөнгөлөө.
Нэмэлт 10 минутад тооны харьцаа дахин өөрчлөгдсөнгүй . Бүх зүйл хоккейн “пенальти” буюу буллитаар шийдэгдэх боллоо.
Авьяас ур чадвар гэхээсээ илүү азтэй, одтой нь хождог энэ үед “Хоккейн бурхан” Оросуудыг ивээж, шийдвэрлэх буллитыг Голубев оруулснаар тэд дэлхийн аваргын алтан медалийн төлөө тоглох боллоо.
Энэ дашрамд өгүүлэхэд Швед-ОХУ-ын тоглолтын үеэр HSBC ордныг дүүргэсэн Канадын балиашигууд Оросын талд балиашигласан билээ. Хоккейн мөсөн дээрхи хамгийн үзүүштэй тоглолт бол Канад-Оросын “тулаан” байдаг болохоор алтын төлөө, аваргын төлөө ийм л “тулаан” үзэхээр ийн Оросуудад “тал зассан” хэрэг, Канадын балиашигууд.
Шведүүд медальгүй хоцорсон ч ...
Энэ жилийн тэмцээний хүрэл медалийн тоглолтод АНУ-ын хоккейчид Шведийн үе тэнгийнхнийгээ 4:2-оор хожсон. Гэсэн хэдий ч энэ тэмцээний шилдэг багийн нэг нь яах аргагүй “Гурван титэмтнүүд” буюу Шведийн залуучуудын шигшээ баг байсан гэдэгтэй хөгжөөн дэмжигчид, үзэгчид, сэтгүүлчид, мэргэжилтнүүд бүгд санал нэгтэй байна лээ. Үнэхээр ч Шведийн залуус өндөр зохион байгуулалттай, ухаалаг хоккей тоглож, маш сайхан багийн тоглолт үзүүлсэн нь ийм хүндлэл хүлээсэн хэрэг. Шведийн хаалгач Робин Ланер бол ДАШТ-ий шилдгүүдийн нэг яах аргагүй мөн. Мөн багийн ахлагч Антон Ландер, хамгаалагч Адам Ларссон, довтлогч Габриэль Ландеског нарын нэр тун удахгүй NHL-ийн мөсөн дээр цуурайтах биз ээ.
Өнгөрсөн жилийн дэлхийн залуучуудын аварга АНУ-ын шигшээ аварга цолоо нутаг дээрээ хамгаалах зорилгоо биелүүлээгүй ч сайхан тоглолоо. Тэд үндсэндээ бол зөвхөн Канадын багт л ганц ялагдсан билээ. Ялангуяа Америкийн хаалгач Жэк Кэмпбелл, довтлогч Жереми Морин, Кайл Палмиери нар урамтай сайхан тоглолтоороо хоккей сонирхогчдын “найз” болсон.
“Таван цагариг” шилдгүүдээс тавыг нь зөв нэрлэв
Хүрэл медалийн төлөө тоглолтын үеэр “Баффало-2011” ДАШТ-ийг албан ёсоор сурвалжлах эрх авсан орон орны сэтгүүлчдийн дунд тэмцээний “Бүх оддын” багийг нэрлэх санал асуулга явуулсан юм. Сэтгүүлч тус бүр нэг хаалгач, хоёр хамгаалагч, гурван довтлогч нэрлэх бөгөөд байрлал тус бүр дээр хамгийн олон санал авсан зургаан тоглогч ДАШТ-ий “Бүх Оддын” багт нэрлэгдэх байв. Канад, Орос, Америк, Швед, Швейцарь, Финланд, Чех, Словак, Герман, Норвеги гээд хоккейн том гүрнүүдийн сэтгүүлчдийн дунд Ази тивээс ганцхан Монголоос, “Таван цагариг” сониноо төлөөлөн санал өгөх завшаан олдсон бөгөөд ДАШТ-ий “Бүх Оддын” багт хаалгачаар АНУ-ын Ж.Кэмпбелл, хамгаалагчаар Канадын Р.Эллис, Шведийн А.Ларссон, довтлогчоор Канадын Б.Шенн, Р.Жохансон, ОХУ-ын Е.Кузнецов нарын нэрийг дэвшүүллээ.
Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр “Бүх оддын” багт багтсан тамирчдын нэрсийг зарлахад “Таван цагариг”-ийн нэр дэвшүүлсэн зургаан тоглогчийн тав нь ДАШТ-ий “All Star Team”-д багтсан бөгөөд харин зөвхөн хамгаалагч А.Ларссоны оронд ОХУ-ын Д. Орлов түүнээс олон санал авчээ.
Үргэлжлэл бий
“Таван цагариг”-ийн тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин.
Баффало, Нью Йорк
Залуучуудын хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
он алт мөнгө хүрэл хаана болсон
1977 ЗХУ Канада Чехословак Банска-Бистрица, Зволен (Чехословак)
1978 ЗХУ Швед Канада Монреаль, Квебек (Канад)
1979 ЗХУ Чехословак Швед Карлстад (Швед)
1980 ЗХУ Финланд Швед Хельсинк (Финланд)
1981 Швед Финланд ЗХУ Аугсбург (ХБНГУ)
1982 Канад Чехословак Финланд Миннеаполис (АНУ)
1983 ЗХУ Чехословак Канад Ленинград (ЗХУ)
1984 ЗХУ Финланд Чехословак Норчёпинг(Швед)
1985 Канад Чехословак ЗХУ Турку , Вантаа (Финланд)
1986 ЗХУ Канад АНУ Хамильтон (Канад)
1987 Финланд ЧехословакШвед Нитра, Тренчин (Чехословак)
1988 Канад ЗХУ Финланд Москва (ЗХУ)
1989 ЗХУ Швед Чехословак Анкориж (АНУ)
1990 Канад ЗХУ Чехословак Хельсинки, Турку (Финланд)
1991 Канад ЗХУ Чехословак Саскачеван (Канад)
1992 ТУХН Швед АНУ Фюссен (Герман)
1993 Канад Швед Чех Евле, Фалун (Швед)
1994 Канад Швед ОХУ Острава, Фридек-Мистек (Чех)
1995 Канад ОХУ Швед Эдмонтон, Калгари (Канад)
1996 Канад Швед ОХУ Бостон (АНУ)
1997 Канад АНУ ОХУ Женев, Морже (Швейцарь)
1998 Финланд ОХУ Швейцарь Хельсинк, Хямеэнлинна (Финланд)
1999 ОХУ Канад Словак Виннипег (Канад)
2000 Чех ОХУ Канад Шеллефтео, Умео (Швед)
2001 Чех Финланд Канад Москва, Подольск (ОХУ)
2002 ОХУ Канад Финланд Пардубице (Чех)
2003 ОХУ Канад Финланд Галифакс, Сидней (Канад)
2004 АНУ Канад Финланд Хельсинк, Хямеэнлинна (Финланд)
2005 Канад ОХУ Чех Грэнд Форкс, (АНУ)
2006 Канад ОХУ Финланд Ванкувер (Канад)
2007 Канад ОХУ АНУ Мора, Лександ (Швед)
2008 Канад Швед ОХУ Пардубице, Либерец (Чех)
2009 Канад Швед ОХУ Оттава (Канад)
2010 АНУ Канад Швед Режайна, Саскатун (Канад)
2011 ОХУ Канад АНУ Баффало (АНУ)