2011-07-27
Зүүн, барууны магнайгүй ч, зүгээр болсон “COPA AMERICA 2011”

Долдугаар сарын нэгэнд Аргентинд  эхэлсэн “Copa America  2011” буюу Өмнөд Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Уругвайн хөлбөмбөгчдийн ялалтаар өндөрлөлөө.

 43 дахь удаагаа зохиогдож буй энэхүү тэмцээн манай гаригийн “хамгийн өндөр настай” хөлбөмбөгийн олон улсын тэмцээнд тооцогддог бөгөөд хамгийн анхных нь тэртээх 1916 онд болсон гэж байгаа.   Тэгэхэд “Хуучин тив” гэгддэг Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “Copa America” –аас 44 жилийн дараа л түүхээ бичиж эхэлсэн байх юм.

Өмнөд Америкийн 10 орноос тивийнхээ аварга цолыг долоо нь хүртэж байсан бөгөөд(Аргентин-14, Уругвай-14, Бразил-8, Парагвай-2, Перу-2, Колумб-1, Боливи-1) Чили, Эквадор, Венесуэлийн хөлбөмбөгчид тивдээ тэргүүлж үзээгүй гэнэ. Гэхдээ Чили бас шаггүй дөрвөн мөнгө, таван хүрэлтэй бол Эквадор, Венесуэл хоёр ганц ч медальгүй ажээ.

“COPA AMERICA 2011” –д Өмнөд   Америкийн 10 орноос гадна Коста-Рика, Мексикийн залуучуудын шигшээ багууд урилгаар оролцсон. Ер нь 1993 оноос эхлээд  өөр тивээс хоёр баг урилгаар оролцуулдаг уламжлалтай болсон бөгөөд өнгөрсөн жилүүдэд АНУ, Мексик, Коста-Рика, Хондурас, Японы шигшээ багууд оролцож байв.

Энэ жилийн тэмцээнд түрүүлэх багаар гарцаагүй Аргентин нэрлэгдэж байсан бөгөөд дэлхийн шилдэг хөлбөмбөгч Месси, мөн Тевес, Игуан, Агуэро, Ди Мариа, Машерано гээд шилдэг тоглогчид нь бүгд байсан, тэгээд бас “гэртээ” тоглож байгаа болохоор аргагүй ээ.  Харин тэдэнтэй аваргын төлөө өрсөлдөх боломж өндөр баг нь мэдээж Бразил. Дэлхийн таван удаагийн аваргууд ямар ч үед ямар ч бүрэлдэхүүнтэй байсан хамгийн хүчтэй өрсөлдөгчид байдаг. Энэ удаа Бразилийн шигшээ залуу од Неймар, Гансу нараас гадна Пату, Робиньо, Майкон, Дани Алвес, Жулиа Сезар, Лузио гээд бас л хүчирхэг .

Тивийн хоёр шилдэг багт мэдээж түрүүлэх боломж бусдаас илүү  байсан. Гэхдээ Аргентин –Бразил гэсэн дуэль аваргын төлөө тоглоосой гэсэн хүсэл бодит боломжоос ч илүү хөлбөмбөгийн хорхойтнууд , сэтгүүлчид, мэргэжилтнүүдийн нууцхан сэтгэлд ч байсан биз ээ.

Гэвч өнөө цагийн яах аргагүй шилдэг хөлбөмбөгч Месси тэргүүтэй Аргентинчүүд гараагаа тун даруухан эхэлсэн. Эхлээд тааруухан Боливитой тааруухаан тоглоод 1:1-ээр тэнцсэн. Дараа нь Колумбид гоол ч оруулж чадалгүй 0:0-ээр хайнцав. Дэндүү олон дэлхийн хэмжээний довтлогчтой баг гэхэд арай ч дээ гэмээр. За тэгээд хэсгийн сүүлчийн тоглолтод Коста-Рикаг  3:0-ээр хожиход олон хүн за одоо л тоглолт нь гарах нь гэж бодож байсан. Ингээд талбайн эзэн Аргентинчүүд хэсгээсээ Колумбын дараа хоёроор гарсныхаа “шанд” хасагдах даваанд шууд л Уругвайн шигшээтэй таарсан билээ.  Эртний өрсөлдөгч , хөрш Уругвайг Аргентинчүүд бас л барсангүй 1:1-ээр тэнцээд торгуулийн цохилтоор 4:5-аар хожигдсон. Ингээд энэ тэмцээний “барууны магнай” эрт өвдөг шороодлоо.

Одоо “зүүний магнай” Бразилийн тухай . Эхний хоёр тоглолтоо бас л тааруухан хийсэн.Тивийнхээ хамгийн муу багт тооцогддог Венесуэлтэй 0:0-оор, дараа нь Парагвайтай сандарч байж 2:2-оор тэнцсэн. Өнгөрсөн жилийн ДАШТ-ий дараа шигшээгийн дасгалжуулагч Дунга солигдож, Ману Менезеш ирснээр 2014 онд нутагтаа болох ДАШТ-д “түрүүлэх” багаа бэлдэж эхэлсэн гэж болно. Менезеш олон арван залуучуудыг шигшээд анхлан дуудсан нь сайшаалтай. Гэхдээ хэзээ ч Бразилийн шигшээд байж боломгүй “сонин сонин” тоглогчдыг ч бас урьсан нь санаанд багтамгүй.

Баруун жигүүрийн хамгаалалтад эхлээд “Барса”-ийн Дани Алвешийг сонгосон. Миний бодлоор Алвеш “Барса” шиг багт л тодроод байгаа болохоос байдаг л нэг “гар”. Өөрийгөө харуулах гэж тоглодог, алдаа их гаргадаг хамгаалагч гэдэг нь өнгөрсөн ДАШТ-д харагдаж байсан, энэ удаа ч бас нотлогдсон. Түүний байрлал дээр бол Майкон бол 100 хувь илүү.  Майкон үндсэн бүрэлдэхүүнд гарснаас эхлээд л Бразилийн тоглолт өөр болсон. Эквадорыг хэсгийн сүүлчийн тоглолтод 4:2-оор хожиход Майкон багагүй үүрэг гүйцэтгэсээн. Ямар ч байсан хэсгээсээ нэгээр гарсан Бразилчууд шөвгийн наймд дахиад Парагвайтай таарсан. Ингээд 0:0-ээр тэнцээд торгуулийн цохилтоор “зүүний магнай” –аас боссон Бразил бас л яваад өгөв өө. Неймар жаахан хүүхэд шиг “амиатаад”, шинэ Кака гэгдэж буй Гансу бас л “түүхийгээрээ” гэдгээ харуулсан ч Бразилийн өнөөгийн шигшээгийн хамгийн гол “проблем” бол гоол оруулах, гүйцэтгэл төгс хийх довтлогч л байна даа. Нэгэн цагт Бразил хаалгач гэж “толгойны өвчтэй байсан”. Яагаад сайн хаалгач Бразилд байдаггүй гэхээр хүүхэд болгон довтлогч болж гоол оруулах гэдгээс . Гэвч Бразилийн шигшээ Таффарел, Дида, Жулио Сезар гээд шилдэг хаалгачдыг ар араас нь төрүүлж чадсан. Тэгтэл одоо довтлогч??? Үнэхээр Ромарио, Роналдо шиг байгалаас төрчихсөн довтлогч ус агаар шиг хэрэгтэй байна даа, манай Бразилд.

За ингээд зүүн, барууны тэргүүн магнай Бразил, Аргентин хоёр доор даваанд “өвдөг шороодохлоор” нэг бодлын жаахан амтгүй шиг байсанч нөгөө талаас нь харвал бас л тун сонирхолтой тэмцээн болох болоод явчихлаа. 

“Copa America-2011” –ийн гол нээлт нь хөөрхий муу “Халтар царайтын” эх орон Венесуэлийн шигшээ болсон. Венесуэлийн хөлбөмбөгчид ДАШТ-д “тоосоо “ өргөж үзээгүй цорын ганц Өмнөд Америкийн баг бөгөөд тивийнхээ аваргад 1967 оноос хойш оролцохдоо хоёрхон удаа л хожил авч байсан баг ажгуу. Тэгвэл энэ жил ёстой л “Дэмбэрэл шиг цоорч” хэсэгтээ Бразил, Парагвайтай тэнцэж, Эквадорыг хожин шөвгийн наймд шалгарсан. Дараа нь Чилийн шаггүй хүчтэй багийг буулган авч хагас шигшээд Парагвайтай таарсан. Чухамдаа Парагвайтай хийсэн хагас шигшээгийн тоглолтод “Халтар царайтууд” илүү тоглосон. Тэдний гурван ч цохилт Парагвайн хаалганы хөндлөвч, шонг оноогүй бол ч...

Ингээд Парагвайд “пенальти”-аар ялагдсан Венесуэлчууд хүрэл медалийн төлөө тоглолтод сэргэлт авч чадалгүй Перуд 1:4-өөр хожигдон дөрөвдүгээрбайр эзэлсэн. Энэ бол Венесуэлийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том амжилт билээ.

Тэмцээний бас нэг нээлт бол Перу. Тэртээ 1939 онд Перучууд тивийнхээ аваргаар анх тодорч байсан бол 1975 онд хоёрдахиа аваргалсан түүх бий. Чухам энэ 1970-аад оны үе бол Перугийн хөлбөмбөгийн “Алтан үе” билээ. Теофило Кубильяс, Эктор Чумпитас, Рубен Диас, Урибе, Облитас, Кирога, Барбадильо гээд хөлбөмбөгийн ертөнцөд бас чиг чанга сонсогдож явсан нэрсийг манай хөлбөмбөг сонирхогчид санаж буй биз. 1970, 1978, 1982 оны ДАШТ-д муугүй тоглож байсан Перугийн шигшээ 1980-аад оны сүүлчээс сураггүй болсон билээ. Сүүлийн хэдэн жил Писарро, Фарфан, Герреро, Варгас гэсэн Европт тоглодог перу тоглогчдын нэр л сонсогдож байснаас Перугийн шигшээ “мартагдсан аялгуу” болсоор олон жил өнгөрчээ.

Харин өнгөрсөн жил Перугийн шигшээгийн жолоог Серхио Маркарян гэгч армен гаралтай уругвай эр атгах болсноор энэ жилийн амжилтын “суурь” тавигдсан болой. El Mago  буюу испаниар “Ид шидтэн” хочтой Маркарян тун сонин түүх намтартай хүн. Их сургууль дүүргэж, Уругвайн хамгийн том нефтийн компанийн ерөнхий менежерийн албан тушаалыг хашин, нэртэй бизнесмэн, бэлтэй албан хаагч явсан тэрбээр 1974 оны ДАШТ-д Уругвайн шигшээ Холландад хожигдсоны дараа эргэлт буцалтгүй хөлбөмбөгийн дасгалжуулагч болохоор шийдэн өндөр албан тушаалаа өөрийн дуртай хөлбөмбөгийн төлөө орхиж байсан гэдэг. Уругвайн шигшээд сайн дасгалжуулагч хэрэгтэй гэдгийг ойлгосон Маркарян дасгалжуулагчийн сургуулиа дүүргэхийн тулд “ “Mercedez Benz” машинаа хүртэл зарж байсан гэдэг. 1983 оноос түүний хүсэл биелэж Парагвайн “Олимпиа” багийг дасгалжуулж эхэлсэн байна. Түүнээс хойш Маркарян Парагвай, Перу, Чили, Грек, Мексик зэрэг оронд алба хашихдаа удирдсан баг болгоноо амжилтад хүргэж байжээ. Шигшээ багийн хувьд Парагвайн шигшээг 1992, 1998-2002 онд дасгалжуулж 2002 оны ДАШТ-д оролцуулж байв. Ийм л “Ид шидтэн” Перугийн шигшээг удирдах болсноор “инкүүдийн” нэрийг дахин гаргаж ирж чадлаа. “Copa America”-д Перугийн хөлбөмбөгчид хэсэгтээ Мексикийг хожин, Уругвайтай тэнцэж, Чилид хожигдоод , шөвгийн наймд Колумбыг хожиж хагас шигшээд шалгарсан. Дараа нь Уругвайд хожигдсон ч , хүрлийн төлөө Венесуэлийг 4:1-ээр хожсоноор 36 жилийн дараа тивийнхээ аваргаас медаль зүүлээ.

Хэдийгээр ганц ч тоглолтод ялалт байгуулаагүй ч Парагвайн баг шигшээ тоглолтод хүрч чадсан нь “Copa America” –ийн бүү хэл бүх томоохон тэмцээний түүхэнд гарч байгаагүй ховор , хачин амжилт боллоо. Тэд Аргентиний ногоон талбайд зургаа тоглохдоо тав тэнцэж, нэг ялагдсан хэрнээ л гэртээ мөнгөн медальтай харилаа. Хаалгач Вильярын одтой тоглолтууд, дээрээс нь хөлбөмбөгийн бурхан ивээлээ өгсөн тулдаа л Парагвайчууд финалд хүрсэн билээ. Тэмцээний шилдэг хаалгачийн шагналыг Вильяр хүртсэн нь зүй ёсны хэрэг байв.

Эцэст нь Уругвайн тухай. Ердөө л 3,5 сая хүн амтай энэ жижигхэн орны хөлбөмбөгийн шигшээ баг хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон түрүүтэй баг гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй байж болох. Зөвхөн өнгөрсөн XX  зуунд гэхэд л Уругвайн шигшээ баг 19 тэмцээний түрүүг авсан байдаг. Тухайлбал дэлхийн хошой аварга, олимпий хошой аварга, Өмнөд Америкийн 14 удаагийн аварга, ФИФА-ийн “Аваргуудын Алтан цом” тэмцээний аварга гээд. 

ӨАБНУ-д өнгөрсөн жил болсон ДАШТ-д Уругвайчууд шөвгийн дөрөвт үлдэн тивийнхээ багуудаас хамгийн өндөр амжилт  үзүүлсэн билээ . Тэгвэл цол дагаж бяр гэгчээр өнөөдрийн байдлаар л лав Өмнөд Өмерикийн шилдэг баг гэж нэрлэгдэх эрхтэй гэдгээ дахин нотоллоо. Хэсгийн тоглолтод Уругвайчууд бас чиг  тийм ч гялалзсан тоглолт үзүүлээгүй ээ. Перу, Чилитэй 1:1-ээр эвийн гэрээ байгуулж, Мексикийн багийг 1:0-оор хожсон. Хэсгээсээ хоёроор гараад хасагдах шатанд талбайн эзэн Аргентинтай  шууд таарсан ч мөн л тэнцээд торгуулийн цохилтоор 5:4-өөр хожин замаа зассан юм. Нөгөө талд Бразил бас л энэ даваанд “өнхрөөд” өгсөн болохоор Уругвайн хөлбөмбөгчдөд түрүүлэх боломж маш их болсон билээ.

 Хагас шигшээд “ӨАБНУ-2010” ДАШТ-ий гол баатруудын нэг, “Бурхны гар”-тай өнөөх Суарезийн дублийн ачаар Уругвайчууд Перугийн шигшээг 2:0-ээр буулган авсан. Финалд бол Парагвайг ёстой л юм болгохгүй 3:0-ээр “арчсан”. Суарез-Форлан гэсэн довтолгооны супер хослолтой Уругвайчууд ийнхүү тивийн аваргын титмийг 15 дахь удаагаа хүртэж , түүхэн рекорд тогтоолоо. La Celeste  буюу Уругвайн хөлбөмбөгийн шигшээ багийн түрүү 20 болох нь энэ.

“ Copa America-2011”-ийн шилдэг тоглогчоор “Ливерпуль”-ийн “асман цэрэг” Суарез шалгарсан. Түүний зүтгэлтэй, идэвхтэй тоглолт энэ тэмцээнийг үнэхээр чимж байлаа. ДАШТ-ий шилдэг тоглогч Форлан энэ тэмцээний туршид гоол оруулааагүй байж байгаад финалын тоглолтод буюу яг хэрэгтэй үед шийдвэрлэх хоёр ч гоол оруулав. Тэрбээр Уругвайн шигшээд хамгийн олон тоглосон бүх цаг үеийн тоглогч (82), төдийгүй шигшээ багтаа хамгийн олон буюу 31 гоол оруулсан Эктор Скаронегийн(Тэрбээр 1917-1930 онд тоглож байсан) амжилттай зэрэгцлээ. Тун удахгүй Уругвайн бүх цаг үеийн “мэргэн бууч” болох нь дамжиггүй ээ. Форлан гэснээс нэгэн сонирхолтой зүйл хэлэхэд Диего Форланы эцэг , мөн өвөг эцэг нь Уругвайн шигшээд тоглож “Copa America”-д түрүүлж байсан бөгөөд гурван үе дамжин Өмнөд Америкийн аваргын цомыг өргөсөн эцэг, хөвгүүд тэдний гэр бүлээс өөр байхгүй ажээ. Уругвайн шилдэг хөлбөмбөгч Форлан Уругвайн нэг ч багт(томчуудын) алба хашин байгаагүй бөгөөд Аргентиний “Индепендьенте” багаас 2001 онд Английн “Манчестер Юнайтед”-д ирж байв. Гурван жилийг “МЮ”-д өнгөрүүлсэн Форлан 2004 оны наймдугаар сард Руниг “МЮ”-тэй гэрээ байгуулмагц Испани руу явсан нь юм. Тэгээгүй бол “МЮ”-д “зэврээд” юун ДАШТ-ий шилдэг тоглогч, шилдэг довтлогч, юун хүрэл медаль, юун “Copa America”-ын 15 дахь түрүү байхгүй ч байх байсан юм билүү хэн мэдлээ, хувь тавилаан гэж...

 

Ц.Энхтүвшин (“Таван цагариг”-сонины АНУ дахь тусгай сурвалжлагч)

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 01:50 | Спорт | уншсан: 821 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)