Одоогоос таван жилийн тэртээ буюу 2006 онд “Америкийн Колорадо мужийн Денвер хотноо нэг л сэтгэл санаа, нэг л зорилгоор нэгдсэн хөлбөмбөгт дуртай , спортод элгэмсү хэсэг монгол залуус “Алтан бөмбөг” клубыг байгууллаа” гэсэн товчхоон даруухан мэдээг “Таван цагариг” сонин руугаа “шидэж” байсан цаг саяхан л мэт. Монгол Улсын шигшээ багт тоглож явсан , Б.Баярсайхан, Г.Алтан-Илд агсан, Ц.Энхтөр, Ч.Алтантогос нарын хөлбөмбөгийн спортын дөрвөн шилдэг мастер энэ клубыг үүсгэн байгуулсныг дуулаад мөн ч хүчирхэг баг бүрдэж дээ гэж дотроо бодож явсансан.
Тэр үед хэдхэн сарын дараа энэ л багийн нэгэн гишүүн болоод ногоон талбайд эрхэм нөхөдтэйгөө хамтдаа тоглож явах юм хэмээн яахан төсөөлөх билээ.
2006 оны тавдугаар сарын сүүлчээр Дэнвер хотноо Америкт ажиллаж ,сурч , амьдардаг Монголчуудын хөлбөмбөгийн анхдугаар аварга шалгаруулах зохиогдох зар түглээ. “Вашингтон Ди Си, Чикаго хотуудаас баг ирнэ. Чи наанаасаа нэг баг бүрдүүлээд ирвэл тун сайнсан” гэж нөгөө дөрөв маань надад захина. Миний бие тэр үед Сан Франциско хотноо буюу Бэй Аэриад амьдарч байсан бөгөөд бас ч гэж өөрийн суугуул хотоосоо баг “босгоод” очихийг хэрэндээ л хүсч байв. Урьд өмнө нь Монголд байхад хөлбөмбөг тоглож байсныг нь гадарлах ганц нэг залууст хэдүүлээ нэг баг босгоод Дэнвер явах уу гэхэд үл итгэсэн, бас гайхсан маягаар хүлээн авч, зарим нэг нь зардал даах юм уу ухааны юм ярьсан тул нөхдийн даалгаварыг биелүүлэх хөг өнгөрсөн билээ. Гэвч ямар ч байсан баггүй ч хамаагүй очиж, анхны тэмцээнийг сурвалжлах, бас ч үгүй аль нэг багт нь “зай гарвал” орчих санаатай муу пүүзээ цүнхлээд, аян замд дөрөө, спортын талаар яриа нийлдэг “Замдаан”-ы Д.Цэрэндоржийг хань татаад , “Замдаан”-аас зүгээр ч үгүй нэг тусгай шагнал гаргуулчихсан, өөрийн сониноос бас нэгийг бэлдээд Дэнвер руу Бэй Аэриагаас хоюулаа гараад туучихлаа.
Анхны тэр тэмцээнд Дэнверээс хоёр баг, мөн Вашингтон Ди Си-ээс “Монгол морьд”, Чикагогоос “Аргамаг” багууд очиж байсан юм. Тэмцээнд оролцох багууд жигдрээд, олон жил уулзаагүй ногоон талбайд хамт тоглож явсан, бас өрсөлдөж явсан олон андуудтайгаа уулзаад сэтгэл хөдөлж байна гэж жигтэйхээн. Ди Си-ээс манай шилдэг мастеруудын нэг , миний унаган багшийн хүү С.Эрдэнэбат маань “Монгол морьд”багаа ахлаад ирж. Тэдний баг хөлбөмбөгийн Амараа, Рэнцэнсамбуу, Эрдэнэмөнх, волейболын Чука, хэл шинжлэлийн доктор Саруул-Эрдэнэ гээд бас “хатуу самар” ажээ. Чикагогийн “Аргамаг” багт “Алдар”-ын идэрчүүдэд хамт тоглож байсан Амгаа, Жачин, бас манай “хар” Амка нар маань хүрээд ирж. Дэнверийн хоёрдугаар багт гэхэд л Бостоноос ирсэн хөлбөмбөгийн мастер, “Оюутны” Баатар, Монгол Улсын гавьяат тамирчин “Баавгай” хэмээх “Том” Сүхбат гарьд, теннисийн Ууганаа , хоккейн Эрка гээд л бас эвгүй баг бүрдэж.
За “Алтан бөмбөг”-ийг бол ярих юм алгаа. Дээр дурьдсан Монгол Улсын шигшээ багт тоглож явсан дөрвөн мастераас гадна , улсын аварга болж байсан Сэлэнгийн Мягаа, жүдогийн “дух” Лхагваа, Банди, хөлбөмбөгийн зэрэгтэй тамирчид болох Соко, Өлзий , за тэгээд Ганбаа, Бааска гээд бүгд л тоглодог “гарууд” байнаа. Эднийх ч үнэхээр хүчирхэг баг юм, гарцаагүй аварга болох байх гэж бодож амжив.
Тоглох далд санаатай ч ирснээ бараг мартчихаж. Сайхан сурвалжлага хийгээд, найзуудтайгаа хоёр хоног ярьж хөөрөөд буцна даа гэсэн бодолтой зогсож байтал “Алтан бөмбөг”-ийн Баяраа, Тогосоо хоёр маань ирээд “Юугаа хийгээд байгаан бэ. Бие халаалтаа хий. Манайх одоо тоглоно” гэлээ. Баяраа өөрийн 8 дугаартай тоглолтын хувцасаа өгөөд “Би хаалган дээр зогсоно. Чи үүнийг өмс” гэлээ. Баяраагийн өгсөн хувцсыг өмсөөд , бие халаалт хийж байх зуур Төрөө маань ирээд “Дунд тоглоод надад ганц хоёр гоё паас хаяадахаарай” гэснээр “Алтан бөмбөг” багийн гишүүн болж, энэ сайхан хамт олны “халуун ам бүлд” багтсандаа одоо ч сэтгэл хангалуун явдаг билээ. Тэр анхны тэмцээнд манай “Алтан бөмбөг” баг маань түрүүлж аваргын алтан медаль хүртсэн. Багийн ахлагч Г.Алтан-Илд агсан маань тэр үед хүнд өвчин тусаад бие нь их тааруу байсан ч шийдвэрлэх тоглолтод оролцож, гайхалтай тоглон ялалтын гоолыг оруулж байсан нь нүднээ илхэн.
Тэр тэмцээнийг Дэнверийнхэн , “Алтан бөмбөг” –ийнхөн маань маш сайхан зохион явуулсан юм. Гараа сайн бол бариа сайн гэдгээр тэр сайхан эхлэлийг тавьсан, тийм сайхан түүхийг эхлүүлсэн болохоор жилээс жилд Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн улам өргөн, улам сайн зохион байгуулалттай болж ирсэн. Энэ бүхэнд “Алтан бөмбөг” –ийнхний жинтэй хувь нэмэр их бий.
Тэр өвөлдөө би Чикаго хот руу шилжин тэнд амьдрах болов. Дараа жилийн тэмцээн Чикагод зохиогдох байсан. Чикагод ирснийг дуулаад Амгаа, Амка хоёр маань энд амьдарч байгаа юм чинь чи “Аргамаг”-т тоглоно биз дээ гэж “үүрэгдэнэ”. Би ч тодорхой хариу хэлж чадахгүй ээ. Бостоноос Баатар мастер утас цохиж “ Энэ жил найз нь “Мон Юнайтед “ гээд шинэ баг байгуулж байгаа. Англиас Буман-Учрал ирнэ. Хотоос нь баг гардаггүй хүмүүс манай багт тоглох юм. Чи Сангийнх ш дээ. Тэгэхээр манай багт тоглоход болно” гэж “загнах”. Ингээд л бөөн бодол болж байтал Дэнвэрийн хэд маань ярьж таагүй мэдээ дуулгах нь тэр. Манай “Алтан бөмбөг”ийн ахлагч Илд маань ид залуу насандаа аймшигт өвчний улмаас хорвоог орхижээ. Бид нар энэ жил “Илдийнхээ төлөө тоглоно шүү! Бэлтгэлээ сайн хийгээрэй! “ гэлээ. Үүнээс хойш удалгүй Тогос маань ч Монгол руугаа буцаж. Эргэлт буцалтгүй “Алтан бөмбөгтөө” тоглохоор шийдэж, Амгаа, Амка, Баатар нартаа учир байдлаа хэллээ. Ид сайхан эрч хүчтэй дөрвөн мастертай байхад нь нэмэргүй шахам явж , алтан медаль авчихаад нэг нь хорвоог орхиж, нэг нь эх нутагтаа буцсан үед нь “Алтан бөмбөг-өө орхиод өөр багт тоглох сэтгэл яахан байх билээ. Надаар ч тэд дутахгүй л дээ, харин би тэднээр дутна гэдгээ сайн мэдэж байлаа. Ингээд “Чикаго-2007” тэмцээнд “Алтан бөмбөг”-ийн бүрэлдэхүүнд хоёр дахь жилээ тоглолоо. Өнгөрсөн жил тоглосон анхны багийн бүрэлдэхүүн нилээн өөрчлөгдсөн байна. Энхтөр маань багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж, шинээр Уугаа, Санжаа , Төөгөө, Санжаа нарын залуус, Отгоо, Жагаа нарын хашир тоглогчид үндсэн багт орж иржээ. Жилийн дотор Уугаагийн ур чадвар, хурд маш их өсчээ. “Мятрашгүй Жулиа” гэдэг шиг манай Отгоогийн асар их мятрашгүй хүчин зүтгэл, Жагаагийн хийгүй тоглолт, Мягаа, Соко нарын ухаалаг холболт, уран дамжуулалтууд, Бандийн маань тамирчин хүний тэсвэр тэвчээр, Санжаагийн нягт нямбай “немец” зан, Баяраагийн маань “залуу насандаа” дахиад очсон уран гоё хаалтууд, ур чадвар нь, багийн бусад гишүүдийн сэтгэл зүтгэл бүгд нэгэн цул болоод энэ багийг ахиад хүчирхэг болгож, аваргын төлөө тоглолтод дахин төвөггүй шалгаран үлдсээн.
Алтан медалийн төлөө манайхан гол өрсөлдөгч Ди Си-ийн “Монгол морьд”-той хоёр дахь жилээ дараалан финалд үлдэн тоглосон. Үндсэн цагт тэнцээд, нэмэлт цаг дуусахад хэдхэн хором үлдээд байхад “Монгол морьд” алтан гоол оруулж аварга болж, бид мөнгөн медальтайгаа эвлэрэхээс өөр аргагүй болж байлаа. Хэрэв хэдхэн хором тэсээд “пенальти”-аар хожлыг шийдвэрлэсэн бол хаалгандаа Баяраа гэсэн “цоожтой” манай баг ялах байсанд би огтхонч эргэлзэж байгаагүй билээ.
2008 онд аваргын тэмцээн Вашингтон Ди Си хотноо болсон. Энэ жил Төрөө маань Монгол буцаж, анхны дөрвөн мастераас Баяраа л багтаа үлджээ. Багийн ахлагчийн тууз зүй ёсоор Мягаад шилжэж. Манайх ардаа Сайханаа, Эрка гээд “ихэр цамхаг” шиг хоёр сайхан хамгаалагч залуутай болж. Уугаа багийн гол довтлогч болж, Ундрал урд гүйж, Банди, Санжаа, Отгоо, Жагаа нар ар талаа дааж, Бааска, Мооноо нар төвд Мягаа, Соко нартай хоршин бас л сайн баг болжээ. Мягаа “жанжин” талбай дээр цэргүүдээ командалж, Баяраа захирал “Барбарос” төлөвлөгөөг нь боловсруулсан манай баг маань энэ жил хүрэл медаль хүртсээн.
Ийнхүү Дэнверийн “Алтан бөмбөг” багт “цэргийн” гурван жил алба хааж дуусгасан түүхтэй. Түүнээс хойш суугуул Сан Францискодоо ирж, багийн нөхдийн захиас, бас ч өөрийн хүсэлдээ захирагдан Бэй Аэриагаас анхны багаа бүрдүүлэн “Дэнвер -2009” тэмцээнд орж байлаа. Энэ бүхэнд “Алтан бөмбөг” багийн нөхдийн маань үзүүлсэн нөлөө тун их. Тэр үеээс эхлээд “ногоон талбайд” өрсөлдөгч болон таарсан удаа олон ч үргэлж ид “манайхан” гэсэн сэтгэл шингээстэй явдаг шүү, “Алтан бөмбөг”-ийнхөөн.
“Алтан бөмбөг”-ийнхөн маань зөвхөн алаг бөмбөг л хөөхөөрөө найзалдаг улс биш ээ. Жаргал зовлонгоо хамтдаа хуваалцдаг, аялалд дөрөөгөө нийлүүлдэг, ах захаа дээдэлдэг, дүү нараа халамжилдаг, дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг, ийм л сайхан хамт олон, халуун ам бүл.
Энэ сайхан хамт олныг бүрдүүлэхэд харамгүй сэтгэлээ зориулсан, хөлс хүчээ урсгасан үүсгэн байгуулагч, тус клубын ерөнхийлөгч спортын мастер Б.Баярсайхан , спортын мастер Ц.Энхтөр, спортын мастер Ч.Алтантогос, багийн ахлагч С.Мягмарсүрэн нартаа гүн талархал илэрхийлмү. Тус багийн анхны ахлагч, спортын мастер Г.Алтан-Илд агсны гэгээн дурсгалд сөгдөн мөргөмү. Энэ он жилүүдэд тус багийн бүрэлдэхүүнд тоглож явсан бүх л найз нөхөд, дүү нартаа баярын мэнд хүргэе.
Энэ багийн ялалт, амжилтад хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг, хаана ч явсан хамтдаа байж, хожсон ч, хожигдсон ч сэтгэлийн дэм өгч байдаг З.Янхжмаа, Хулан, Сараа тэргүүтэй тоглогчдынхоо бүх гэргий нарт нь , үнэнч фэнүүддээ аз жаргалын дээдийг хүсье!
Өнөөдөр манайхан баярлаж байгаа. “Алтан бөмбөг” маань таван нас хүрчихэж. Хүнээр бол хэлд хэдийнээ орж, хөл дээрээ бат зогсчээ.
Туулах зам их, хүрэх оргил олон бий, Урагшаа, “Алтан бөмбөгийнхөөн”.