2009-04-11
Мөсөн дээрх гайхамшиг

-Уран гулгалтын ДАШТ-ээс хийсэн тэмдэглэл-

 

Өнгөрөгч ням гаригт  АНУ-ын Лос Анжелес хотноо өндөрлөсөн  уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сонин хачин ихтэй, сонирхолтой, өрсөлдөөн дүүрэн, нэг үгээр хэлбэл  ярих, дурсах зүйл  олонтой сайхан болж өндөрлөлөө.

 

Түүхийн хуудсыг сөхвөл…

 

Уран гулгалтын түүхэнд нэрээ мөнхөлсөн, бидний сэтгэл зүрхэнд тодхон санагддаг олон арван алдартай тамирчдыг бид мэднээ. Тиймээ, олимпийн гурван удаагийн, дэлхийн 10 удаагийн аварга ЗХУ-ын домогт гулгагч Ирина Роднина, түүний мөсөн дээрх төдийгүй амьдралынх нь хань Александр Зайцев, Олимпийн хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Ардчилсан Германы үзэсгэлэнт бүсгүй, “Мөсний Кармен” хэмээн алдаршсан Катарина Витт, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Английн алдарт хос Жэйн Торвилл, Кристофер Дин, Францын хар арьст  уран гулгагч, Европын зургаан удаагийн аварга боловч дэлхийн аваргад дандаа “аман хүзүүддэг” Сюрия Бонали, уран гулгалтын ертөнцөд “нугаралтыг” авчирсан , дэлхийн аварга Швейцарийн Дэнис Бильманн, Олимпийн хошой аварга Кристи Ямагучи, дэлхийн “дархан аварга” ч олимпод одгүй Мишель Кван, Оросын хос , олон сая хүний хайрыг татдаг Екатерина Гордеева, түүний хамтрагч, хань агсан Сергей Гриньков гээд л.

            Тэгвэл уран гулгалтын үүх түүхийг, журмыг бид хэр сайн мэдэх бол? Тийм ч амархан бас хариулчихаж чадахгүй л болов уу. Тиймээс ч тэмцээний тухай өгүүлэхээ түр азнаж, түүхийн “шарласан” хуудсыг эргэн нэг сөхөе.

            Уран гулгалт чухам яг хэзээ, хаана анх үүссэн нь одоо ч маргаантай асуудлын нэг билээ. Гэхдээ Холландад л лав тэртээ 13-14 зууны үед төмөр тэшүүр хэрэглэж байсан баримт олдсон юм билээ. Харин уран гулгалтын тэшүүртэй гутал Их Британид анх бий болсон гэж үздэг юм байна. Аливаа олон зүйлд анхдагч болчихоод байдаг британичууд уран гулгалтад ч бас өөрийн орон зайтай. Тухайлбал анхны тэшүүрийн клуб 1742 онд Эдинбургт байгуулагдаж байсан бол анхны тэмцээний журам, мөн анхны уран гулгалтын дүрмийн ном бас л энд хэвлэгдсэн байна.

            1896 онд уран гулгалтын анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор зохиогджээ. Тэр үед эрэгтэйчүүд л ганцаарчилсан төрөлд өрсөлддөг байсан гэнэ. Тэгтэл 1902 оны дэлхийн аваргад Мэж Сайерс Кэйв гэдэг бүсгүй эрчүүдтэй ана мана өрсөлдөж мөнгөн медаль зүүжээ. Тиймээс ч удалгүй эмэгтэйчүүдийн дэлхийн аваргыг тусд нь шалгаруулахыг ISU  хүлээн зөвшөөрчээ. Ингээд 1906 онд уран гулгалтын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн болсон байна. 1908 онд спортын хос, 1952 онд мөсний бүжиг дэлхийн аваргын хөтөлбөрт багтах болж, эдүгээг хүртэл зохиогдож иржээ.

 

           

Монголын уран гулгагч хэзээ ДАШТ-д оролцох бол?

 

 

 

 

 

 

Лос Анжелес хотноо дэлхийн 52 орны 216 тамирчин оролцсон нь бас нэгэн дээд амжилт болов. Манай Монгол Улс маань ISU-ийн албан ёсны гишүүн орон. Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гишүүн орон бүр ганцаарчилсан төрөлд нэг нэг тамирчин шууд оролцуулах эрхтэй байдаг аж. Байр, медаль энэ тэр гэж “сэрүүн зүүдэлдэггүй” юм гэхэд зүгээр оролцсон орны тоонд МОНГОЛ гэсэн нэрээ гаргаад оролцчиход болохгүй юм байхгүй л юм шиг. Цаана чинь цас мөс гээч юм нэг ч удаа хараагүй хаа холын Бразил хүртэл төлөөлөгчөө оролцуулаад байна шүү!

Намайг уран гулгалтын ДАШТ-ийг сурвалжлах болсныг сонссон цөөнгүй найзууд маань “Монголоос хүн оролцох юм уу? Нөгөө нэг АНУ-д байгаа монгол охин ( Ониука буюу Наранчагаа) гулгах уу?” гэж асууж байсан.

ДАШТ-ий мөсний бүжгийн төрөлд мөнгөн медаль авсан АНУ-ын хосын бүсгүй нь болох Танит Белбин Монголын сэтгүүлч гэхийг минь сонсоод “Монголоос гулгагч оролцоогүй шүү дээ” гэж шууд хэлж байсан. Яасан сайн мэдэж байнаа гээд гайхаж байтал харин Танит ТВ-ийн сэтгүүлч болохоор бэлтгэж байгаа юм гэнэ. Тэгэхээр “мэдээлэл” сайтай байсан нь аргагүй юм даа.

 

Америкийн эрэгтэйчүүд 13 жилийн дараа

 

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл анхны буюу 1896 оны дэлхийн аваргаас хойш ДАШТ-ий хөтөлбөрт тасралтгүй орсоор ирсэн билээ. Энэ төрөлд Америкчууд 61 медалиар (22 алт, 21 мөнгө, 18 хүрэл) тэргүүлдэг бол, Австри 53(22,16,15), ОХУ 34 (12, 11, 11) удаалдаг. Шведийн Ульрих Сальхов 10 удаа дэлхийн аварга болж байв.

 АНУ-ын Тодд Элдриж 1996 онд дэлхийн аварга болсноос хойш Америкийн гулгагч 13 жилийн дараа ахин алтан медаль зүүлээ. Энэ азтан бол Эван Лайсачек хэмээх 23 настай залуу. Магадгүй тэмцээнд оролцсон тамирчдаас хамгийн нуруулаг нь (188см) байж мэдэх Эван уг нь Чикаго хотын унаган юм билээ. Гэвч Лос Анжелесийн суугуул болоод цөөнгүй жил болж байгаа юм байна. Тэгэхээр нутаг дээрээ, амьдардаг хотдоо, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө байгаа  гэсэн үг. Лайсачек ч энэ боломжийг хэрхэн яаж ашиглахаа сайн мэддэг, “хоосонгүй толгой” ажээ. Шийдвэрлэх мөчийг хүртэл , бүүр тодруулбал медалийн өнгө  тодорхой болох  шийдвэрлэх үед сүртэй гойд эргэлтүүд, нарийн элементүүд хийлгүй, тун хянуур, алдаа мадаггүй гулгахад л “алтан медаль” ирнэ гэдгийг тун сайн тооцоолсон байна лээ.

Харин түүнтэй хамгийн ширүүн өрсөлдсөн хүн нь Францын Брайн Жубер. 2007 оны дэлхийн аварга, 2004,2006, 2008 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Европын 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальт франц эр нутгийн ард түмний хайртай хүүгийнх өмнө нь гарахаар, эрсдэлтэй хүнд элемент хийсэн ч алдаа гаргасан тул бүр хүрэл дээр буулаа. Гарсан боломжийг тун сайн ашигласан Канад хөвгүүн Патрик Чан анх удаагаа насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль авлаа. Хойтон жил Канадын Ванкуверт болох Өвлийн олимпоор Патрик Чан гол өрсөлдөгч байх биз ээ.

 

Аваргын тухай ахиад нэг зүйл өгүүлэхэд Лайсачек уран гулгалтын ертөнцөд цоо шинэ хүн биш ээ. 2005,2006 оны ДАШТ-ий мөнгөн медальтай нэгэн. Эван “Лэйкерс”-ийн улаан фэн бөгөөд үзүүлэх тоглолт буюу ДАШТ-ий “Гала тоглолт”-д “Лэйкерс”-ийн 1 дугаартай тоглолтын майктай үзүүлбэрээ хийсэн. Эван Лайсачекийг ОХУ-ын алдарт дасгалжуулагч Татьяна Тарасова “уяа сойлгыг нь” тааруулдаг ажээ.

 

Анх удаагаа Солонгосоос уран гулгалтын дэлхийн аварга төрөв

 

Уран гулгалтын хамгийн үзүүштэй, хамгийн олон үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулдаг төрөл нь эмэгтэйчүүдийн ганцаарчилсан гулгалт. Норвегийн домогт гулгагч Соня Хеня энэ төрөлд 10 удаа дэлхийн аварга болж хосгүй амжилтыг байгуулж байжээ. ДАШТ-ээс хамгийн олон медаль авсан тоогоор мөн л Америкийн бүсгүйчүүд 71 (26 алт, 21 мөнгө, 24 хүрэл) манлайлдаг бол Австри 36(7 алт, 17 мөнгө, 12 хүрэл), Германы 32 (10 алт, 16 мөнгө, 6 хүрэл) хүүхнүүд удаалдаг.

Энэ жилийн дэлхийн аваргын төлөө гол өрсөлдөөн өнгөрсөн жилийн дэлхийн аварга 18 настай Японы Мао Асада, он гарсаар оролцсон тэмцээн болгондоо түрүүлж байгаа, 2007,2008 оны ДАШТ-ий хүрэл медальт, мөн л 18 настай БНСУ-ын Ю На Ким нарын хооронд болно гэж мэргэжилтнүүд, спорт сонирхогчид таамаглаж байсан нь талаар болсонгүй ээ. Солонос охин дасгалуудаа ганц алдаагүй гайхамшигтай сайхан гүйцэтгэсэн. Тэрбээр дэлхийн аварга болсон БНСУ-ын анхны уран гулгагч болов. Уран гулгалтын түүхэнд БНСУ-ын уран гулгагчид өмнө нь хоёр хүрэл медаль авсан бөгөөд эзэн нь мөн л Ю На Ким ажээ.

 Харин Мао Асада түүнээс оноогор илүү гарахын тулд гурвалсан аксель хоёр удаа хийсэн боловч сүүлийнх дээрээ алдаа гаргаснаар бүүр дөрөвдүгээр байр руу “шидэгдэж” медаль ч үгүй хоцорсон. Гэхдээ жилийн дараа болох Өвлийн олимпийн аваргын төлөө Ю На Кимтай эн тэнцүү өрсөлдөх цорын ганц хүн бол яах аргагүй Мао Асада л байх болов уу.

Мао Асадаг дээр дурьдсан Татьяна Тарасова дасгалжуулдаг бол Ю На Кимийг Канадын нэрт гулгагч , дэлхийн аварга, ДАШТ-ий гурван мөнгөн медальт Брайан Орсер дасгалжууддаг юм байна. Мао охин Москвад, Ким охин Канадад бэлтгэлээ базаадаг гэнэ.

 

Аваргаа хамгаалсан аваргууд

 

Энэ жилийн ДАШТ-д өмнөх онд дэлхийн аварга болсон гулгагчдаас Германы спортын хос Алёна Савченко- Робин Шолковы нар л аварга цолоо хамгаалж, дэлхийн хошой аварга боллоо. Украйн гаралт бүсгүй, немец залуу хоёртой тэнцүүхэн өрсөлдөх хос одоогоор алга. ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт БНХАУ-ын Дан Жань- Хао Жань нар “уламжлал” ёсоор мөнгөн медаль хүртлээ. ДАШТ-ээс 32 алт, 25 мөнгө, 14 хүрэл медаль авч энэ төрөлдөө “даналздаг” ОХУ-ын спортын хос энэ жил хүрэл авлаа. Япон гаралтай охин Юко Кавагути- Александр Смирнов  нар хэдийгээр хүрэл медаль авсан ч энэ төрөлд хэн ч хийж байгаагүй дөрвөн эргэлттэй шидэлтийг хийсэн нь олныг шуугиулсан. Харамсалтай Юко буухдаа эвгүй унаж золтой л бэлтгэл авчихаагүй өнгөрсөн.

 

Хэний ч тааварт ороогүй аваргууд

 

Бүжгийн хосын төрөлд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Францын Изабель Делобель- Оливье Шонфельдер нар гэмтлийн улмаас ДАШТ-ийг өнжсөн болохоор энэ төрөлд аваргын төлөө нэр дэвшигчид тун олон байлаа. Европын шинэхэн аварга Оросын Яна Хохлова-Сергей Новицкий , ДАШТ-ий мөнгөн медальт Тесса Виртью-Скотт Моир (Канад), дэлхийн гурван медальтай Танит Белбин-Бенжамин(АНУ) гээд л. Гэтэл эдний хэн нь биш  харин 2008 оны Европын аварга ОХУ-ын бүжгийн хос Оксана Домнина- Максим Шабалин нар алтан медаль зүүлээ. Тэдэнд дэлхийн аварга цол тун их өрсөлдөөний үр дүнд ирсэн. Бүжгийн хосын медальтнуудын оноо маш ойрхон, эцсийн мөчийг хүртэл медалийн өнгө тодорхойгүй байсан билээ. Мөнгөн медалийг ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Танит Белбин- Бенжамин Агосто нар хүртсэн. Монголын уран гулгагч ДАШТ-д оролцоогүйг тун сайн мэдэж байсан Танит бүсгүйд талархлаа дахин илэрхийлэхэд гэмгүй байх. Сонирхуулж хэлэхэд энэ төрөлд алт, мөнгө авсан хосууд нэг багшийн шавь нар ажээ. Оросын болон Америкийн хосуудыг аль алийг нь хуучин ЗХУ-ын нэртэй бүжгийн хос, олимпийн аварга , дэлхийн хошой аварга Наталья Линичук, Геннадий Карпоносов нар дасгалжуулж байгаа харагдсан.

Оксана –Максим нарын ялалт ОХУ-ын бүжгийн хосын 28 дахь алтан медаль боллоо. Оросын “бүжигчид” ДАШТ-ээс мөн 19 мөнгө, 12 хүрэл медаль авч энэ төрөлд тасархай тэргүүлдэг билээ.

 

“ЛОС АНЖЕЛЕС-2009” уран гулгалтын ДАШТ-ий дүн

 

Эрэгтэй:

1.      Эван Лайсачек (АНУ)

2.      Патрик Чан (Канад)

3.      Брайан Жубер (Франц)

 

Эмэгтэй:

1.      Ю На Ким (БНСУ)

2.      Жоан Рошетт (Канад)

3.      Мики Андо (Япон)

 

Спортын хос:

1.      Алёна Савченко-Робин Шолковы (Герман)

2.      Дан Жань-Хао Жань (БНХАУ)

3.      Юко Кавагути-Алесандр Смирнов (ОХУ)

 

Бүжгийн хос:

1.Оксана Домнина-Максим Шабалин (ОХУ)

2.Танит Белбин- Бенжамин Агосто (АНУ)

3. Тесса Вирдю- Скотт Моир (Канад)

Тэмцээний эргэн тойронд

 

-Уран гулгалтын ДАШТ алдар цуут “Staples Center”-т явагдсан. Энэ спортын ордон нь 20 000 хүний суудалтай бөгөөд мэргэжлийн хоккейн “Лос Анжелес Кингз”, мэргэжлийн сагсан бөмбөгийн “Лос Анжелес Лэйкерс”, “Лос Анжелес Клипперс”, “Лос Анжелес Спаркс”(эмэгтэй), мэргэжлийн хөлбөмбөгийн “Лос Анжелес Эвенжерс” багуудын “өргөө гэр” юм. Энэ алдартай ордны үүдэнд домогт “Аугаа” Уэйн Гретцки, “Мэжик”  Ирвин Жонсон, Оскар де ла Ойя нарын хөшөө байдаг юм билээ.

-ДАШТ-ий тасалбарын үнэ 25-325 ам.долларын үнэтэй байсан бөгөөд ДАШТ-ий шагналын сан нь 710 000 ам.доллар байсан гэнэ. Тухайлбал ганцаарчилсан төрөлд алтан медалийг 45 000 ам.доллар, мөнгөн медалийг 27 000 ам.доллар, хүрлийг 18 000 ам.доллар дагалдсан бол хос төрөлд алт 67 500, мөнгө 40 500, хүрэл 27 000 ам.долларын “ханштай” байв. 1-12 байр эзэлсэн бүх тамирчид мөнгөн шагнал хүртсэн бөгөөд 12 байрын шагнал нь ганцаарчилсан төрөлд тус бүр 2000 ам.доллар, хос төрөлд тус бүр 3000 ам.доллар хүртээжээ.

-“Лос Анжелес-2009”  уран гулгалтын ДАШТ-ийг “Таван цагариг” сонин, “Таван цагариг-Америкт”, “Замдаан” сэтгүүл албан ёсоор сурвалжилснаас гадна цөөнгүй монголчууд үзэж сонирхсон. Бүх медальтнууд, шагналт байрт шалгарагсад оролцдог “Гала тоглолт”-ыг л гэхэд спортын эмч Жагаа, чөлөөтийн “Цагаан” хэмээх  Баяраа нарын 10 орчим монголчууд үзэж явна лээ.

 

Мэдэхэд илүүдэхгүй

 

-Уран гулгалтын спортын оноог шүүгчид ур чадвар буюу техник, хөдөлгөөний шилжилт, гүйцэтгэл, бүжгийн дэглэлт зэргийг харгалзан өгдөг. Оноонд хамгийн чухал нөлөөтэй зүйл бол үсрэлтүүд. Аксель, Риттбергер буюу loop, Сальхов, Тулуп буюу  toe loop, Лутц, Флип гэх мэт. Ихэнх нь анх гүйцэтгэсэн эздийнхээ нэрээр нэрлэгджээ. Жишээ нь Аксель хэмээх үсрэлтийг Норвегийн уран гулгагч Аксель Паульсен 1882 онд анх гүйцэтгэсэн бол Риттбергерийг Германы Вернер Риттбергер 1910 онд, Сальховыг Шведийн домогт аварга Ульрих Сальхов 1908 онд Лутцийг 1913 онд Австрийн Алонс Лутц анх гүйцэтгэснээр ийн нэрлэгджээ. Эдгээр үсрэлтийг хэдэн эргэлттэйгээр гүйцэтгэснээр оноо харилцан адилгүй өгдөг. Нэг эргэлтэд 0,4, хоёр эргэлтэд 1,3, гурван эргэлттэй бол 4,0, дөрвөн эргэлттэй бол 9,0 оноог тус тус өгөх жишээтэй.

-2010 оны уран гулгалтын ДАШТ Италийн Турин хотноо гуравдугаар сарын 22-28-нд, 2011 оны ДАШТ Японы Наганод гуравдугаар сарын 21-27 нд тус тус болох юм байна.

-Хэдхэн хоногийн дараа , тодруулбал 2009 оны дөрөвдүгээр сарын 16-19-нд Японы Токио хотноо анх удаагаа багийн цомын тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд чансаагаар тэргүүлдэг АНУ, Канад, Япон, ОХУ, Франц, БНХАУ-ын баг оролцох юм. Баг тус бүр эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр, спортын болон бүжгийн хос нэг нэгийг оролцуулж, нийлбэр дүнгээр дэлхийн шилдэг багийг шалгаруулах ажээ.

 

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин.

 Лос Анжелес,Кальфорн. www.argamag.com/sport/

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 12:14 | Спорт | уншсан: 559 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Мао Асада


Юна Ким


Мао Асада харамсалтай алдаа гаргасан. Миний бодлоор хамаагүй илүү байсан гуниглах
Ямартай ч Азиуд эмэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүлж байгаа нь үнэхээр бахадмаар. Угийн арьс марьсны үзэлтэй юм шиг байгаам би хэхэ.
Монгол охид уг нь бие хаа нь ч тэр хамгийн боломжтой гэж боддог. Манайхаас эмэгтэй ганцаарчилсан төрөлд дэлхийн аварга төрөхөд уг нь болохгүй гэх газаргүй л байх тээ. Мэдээж бэлтгэл, дасгалжуулагч гээд багагүй л мөнгө, нэлээдгүй хугацаа, бэлтгэл орох байх л даа... Хүүхдүүдийг бүүр жаахан байхаас нь хичээллүүлдэг биз дээ.. Миний хамгийн үзэх дуртай спорт. Оросуудыг үзэх дуртай даа баярлах 
алга ташилт

Бичсэн: xvv цаг: 15:33, 2009-07-17 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 11:26, 2009-07-16 | Холбоос | |


Алёна Савченко, Робин Шолковы 2 ч илт давуу байсан л даа. Ахиад хэдэн жилдээ л урдаа хүн гаргахгүй байх.
Гэхдээ миний хувьд би Евгений Плющенко-гийн улаан Fan, 2010 оны олимп-р буцаж гулгана гэсэн. Бараг хоног тоолох гээд л байна ш дээ winking
Бичсэн: Blessing Tara цаг: 02:02, 2009-04-12 | Холбоос | |





:-)