Мongolian Warrior |
|
Mанай монголчуудад бол төдийлөн танигдаагүй,харин Америкт үндэсний спортынх нь нэг болох америк хөлбөмбөгийн залуу тамирчин Б.Хосбаярыг уншигчдадаа уулзуулья. Багийнхан нь түүнийг Mongolian Warrior гэж дууддаг аж. -Миний дүү манай сонины уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу? -Намайг Батгэрэлийн Хосбаяр гэдэг.Би одоо 15 настай.Монголд Нийслэлийн 54-р сургуульд сурч байгаад хоёр жилийн өмнө АНУ-д аав,ээжийнхээ хамт ирсэн.Одоо Кальфорн мужийн Волнэт Крик хотын Las Lomas High school сургуулийн 9-р ангид сурч байна.Мөн сургуулийнхаа Las Lomas Knights америк хөлбөмбөгийн багт тоглодог. -Чи яагаад энэ спортыг сонирхон хичээллэх болсон юм бэ? Үе тэнгийнхэн чинь ихэвчлэн сагс,хөлбөмбөгт дуртай байдаг шүү дээ. -Би ч бас сагсанбөмбөг болон спортын бусад төрлүүдийг сонирхдог л доо.Гэхдээ яг хичээллэх болохоор америк хөлбөмбөгийг сонгосон.Америкийн нэгэн гол спорт болохоор гэх үү дээ.Дээр нь юм болгон нь шинэ содон байсан нь их сонирхолтой санагдсан. - Танай багийн тоглолтыг үзэж байхад чи хамгаалагчаар тоглодог юм байна.Дасгалжуулагч чинь чамайг яагаад энэ байрлалд сонгосон юм бэ? -Би багтаа Tackle хамгаалагчаар тоглодог.Ийм үүрэг хүлээсэн хамгаалагчийн гол онцлог нь багаа довтлох үед ч,хамгаалах үед ч аль алинд адил үүрэг гүйцэтгэдэг.Манай багийг анх бүрдүүлж байхдаа манай багш бүх хүүхдүүдийг тойрог болгоод сүмо шиг хооронд нь түлхэлцүүлсэн юм.Тэгэхэд би өөрөөсөө нилээд том биетэй хүүхдийг түлхэж гаргасан.Түүнээс хойш намайг энэ байрлалд тоглуулах болсон. -Багийнхаа зохион байгуулалт болон оролцдог тэмцээнийхээ тухай сонирхуулаач? -Манай баг долоо хоногт 3 удаа бэлтгэл хийдэг.Нэг удаагийн бэлтгэл 3-4 цаг үргэлжилдэг.8-р сарын эхээр бэлтгэл эхлээд 9 сард лигийн тэмцээн эхэлдэг.Нийтдээ 10 удаа тоглох бөгөөд хамгийн эхнийх нь үзүүлэх тоглолт байдаг.Тоглолттой өдрөө тоглолтоос 2 цагийн өмнө багаараа цуглаад өрсөлдөх багийн тоглолтын бичлэгийг үзэж тоглох хувилбараа ярилцдаг.Энэ жилийн тэмцээнд манай баг нэг ч хожигдолгүй түрүүлсэн. -Чиний хүндэлдэг тамирчин ,хөгжөөн дэмждэг баг чинь? -Сагсанбөмбөгийн "Голден стэйт Уорриорз"багийг балиашигладаг,тоглолтыг нь тогтмол үздэг.Мөн тус багийн Жэйсон Ричардсоныг хүндэлдэг. -Монголынхоо тамирчдаас? -Харийн нутагт эх орныхоо нэрийг гаргаж яваа Сүмогийн их аварга Асашёрюүгоор бахархдаг. -Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ? -Найзуудтайгаа спортоор хичээллэх дуртай.Бас хөгжим сонсох,Монголынхоо тухай мэдээллийг интернэтээс авах зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг.Бас энэ хавийн монгол хүүхдүүдийн сагсны багт тоглодог. -Цаашдын зорилго,мөрөөдлөөсөө хуваалцаач? -Энэ спортоороо тууштай хичээллээд цаашдаа мэргэжлийн тамирчин болохыг хүсдэг.Манай багийн дасгалжуулагч намайг Mongolian Warrior гэж дууддаг. Энэ нэрээ зөвхөн баг дотроо дуудуулаад зогсохгүй бүх дэлхийд цуурайтуулж эх орныхоо нэрийг гаргахсан гэж мөрөөддөг. -Зорьсон зорилгодоо хүрч нэр алдраа дуурсгасан тамирчин болоорой! -Баярлалаа.Намайг энэ спортоор хичээллэх бүх нөхцөл бололцоог бүрдүүлж байдаг аав Ц.Батгэрэл,ээж А.Оюунчимэг хоёртоо маш их баярладаг шүү гэж хэлье.Мөн Монголд байдаг намайг таньдаг бүх хүмүүст мэндчилгээ дэвшүүлье! |