2009-12-10
Ийм тоглолт болно гээд төсөөлөөд та нар нэг үз дээ, ямар сонсогдож байна.
2009 оны арванхоёрдугаар сарын 4-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кэйптаун хотноо 2010 онд тус улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээний оноолт боллоо.

Манай гаригийн тэргүүн спорт болох хөлбөмбөгийн ДАШТ нь нэр хүнд, цар хүрээгээрээ Олимпийн наадмаас огтхон ч дутдаггүй болохоор сая сая хүмүүсийн анхаарал өнөөдөр Африк тив рүү татагдаж байсан буй зээ. Cape Town International Convention Center-т орон нутгийн оройн 7 цагаас 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий сугалаа ёслол төгөлдөр, дуутай хууртай, бүжигтэй эхэллээ. "Хар тивд" анх удаагаа хөлбөмбөгийн их баяр наадам айлчлах гэж байхад угаасаа дуулж, бүжиглэж байдаг африкчууд яаж ч зүгээр байхав дээ. Дэлхийн аваргын "Алтан цом"-ыг хүндэтгэлтэйгээр танхимд байрлуулсны дараа хамгийн "гол ажил" эхэллээ. ФИФА-аас урьдчилсан гаргасан журмын дагуу ДАШТ-нд оролцох 32 багийг 4 бүлэгт хуваасан бөгөөд найман хэсгийг толгойлох багуудыг ч мөн өмнө нь зарласан билээ. Мөн Европоос бусад тивийн багууд нэг хэсэгт хамт орохгүй байхаар тохируулсан. Бас тэмцээнийг зохион байгуулагч ӨАБНУ-ын баг шууд "А" хэсгийг толгойлох нь тодорхой байлаа. Ингээд талбайн эздээс гадна Бразил, Испани, Англи, Аргентин, Итали, Холланд, Германы багууд хэсэг толгойлох боллоо. Сугалааны ажиллагааг ФИФА-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Жероми Вальке, ӨАБНУ-чуудын нэгэн бахархал, жүжигчин Чарлиз Терон ("Italian Job" хэмээх киноны гол дүрд тоглосон бүсгүй гэвэл олон хүн таних байхаа) нар удирдан явуулж, "туслахаар" нь хөлбөмбөгийн супер од Английн Дэвид Бекхэм, хөнгөний домогт од Этиофын Хайле Гебрселасси болон ӨАБНУ-ын нэр хүндтэй тамирчид болох регбичин Смит, крикетчин Нтини, хөлбөмбөгч Бут нар ажиллалаа. Ингээд шилдэг 32 баг маань эхний шатанд ямар учраатай таарсныг сонирхуулья.


"А" хэсэг: ӨАБНУ, Мехсик, Уругвай, Франц
 

2010 оны ДАШТ нээгдэх өдөр талбайн эзэд Мексикийн багтай, Францчууд-Уругвайтай тоглох нь. Энэ хэсэг бол тийм ч хүчтэй хэсэг биш боловч тун тэнцүүхэн багууд оржээ. Хэдийгээр Зиданаас хойш харьцангуй хүч нь суларсан ч Францчууд яаж ийгээд нэгээр гарах болов уу. Харин хоёроор гарахын төлөө халуухан тэмцэл өрнөх байх. Мексикт арай илүү боломж байгаа гэхэд талбайн эзэд болон дэлхийн хошой аварга Уругвайчууд тийм ч амархан буугаад өгөхгүй нь мэдээж. Гэхдээ хөлбөмбөг сонирхогчидтойгоо санал бодлоо солилцох үүднээс Франц, Мексик хоёр энэ хэсгээс гарах байх гээд хувийн таамаглалаа дэвшүүлье.  

"В" хэсэг: Аргентин, Нигери, БНСУ, Грек.  

1994 оны ДАШТ-д Аргентин, Нигери, Грек нэг хэсэгт орж байсан түүх давтагдлаа. Домогт Марадонагаар удирдуулсан Аргентинчууд урьдчилсан тэмцээнээс ёстой л уйлан дуугарч байж эцсийн мөчид эрхээ авсан. Гэвч Месси, Тевес, Агуэро гээд шилдэг довтлогчидтой Аргентинчууд хэсгээсээ толгой өвдөхгүй гарна. Харин хоёроор Нигери, БНСУ-ын аль хожсон нь гарах болов уу.  

"С" хэсэг: Англи, АНУ, Алжир, Словен.  

Англид бол тун гоё сугалаа боллоо. ДАШТ-д азгүйтдэг "уламжлалтай" Английн шигшээ энэ удаа харин нилээд хол явж магадгүй юм. Хаа очиж Америкчуудад хэсгээсээ гарах сайхан боломж байна, ашиглах л хэрэгтэй. Америкчууд Confederations Cup 2009-д ялагдашгүй явсан Испанийг хожиж финалд үлдээд, Бразилийг бас 2:0-ээр хожиж яваад аргагүй класс дутаж 3 гоол алдан хожигдож байсныг нь мартаж болохгүй. 80-аад онд Беллуми, Мажер гээд одуудтай байхдаа хоёр ч удаа ДАШТ-д тоосоо өргөсөн алжирууд ёстой "битүү морьдын" нэг.
  

"D" хэсэг. Герман, Австрали, Серб, Гана.
 

Германы "машин" ямарч үед, ямар ч тоглогч, ямарч дасгалжуулагчтай байсан медалийн төлөө өрсөлдөх багийн нэг. Ийм хэсгээс бол торолгүй гарах байхаа. Тэдэнтэй Гана л гайгүй үзэж магадгүй юм. ДАШТ-д анх удаагаа оролцож байгаа Сербүүд, "Ногоон тив"-ийнхэн нэг их өрсөлдөөн үзүүлж чадахгүй болов уу.  

"Е" хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун.

Бас л сонирхолтой хэсэг.
 Холланд ч яахав нэгээрээ гараад явчихна. Нөгөө гурав нь үлдсэн ганц "мест" дээр яс үзнэ дээ. Үнэхээр хүч тэнцүүхэн багууд. Гэхдээ "хар тивд" болох болохоор Камерун илүү шаанстай байхаа.  

"F" хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак
 

Хамгийн сулхан хэсэг гэхэд болно. Италчуудад "зөөлхөн боорцог" таарлаа. Дэлхийн аваргууд хэсэгтэй сул тоглодог зуршилаа давтчихгүй бол нэгээр найдвартай. Үлдсэн багуудаас Парагвай арай хүчтэй нь. Словак ДАШТ-д анх удаагаа орж байгаа бол 1982 онд ДАШТ-д нэг оролцож үзсэн Шинэ Зеландууд анхныхаа оноог авах "намын даалгавартай" очих байх.  

"G" хэсэг: Бразил, БНАСАУ, Зааны Ясан Эрэг, Португал  

Хэдийгээр "үхлийн хэсэг" гэж арай ч болохгүй ч хүчтэй банууд таарлаа. Бразил, Португал хоёр гарах ч хэн нь нэгээр вэ гэдэг нь тун чухал. Яагаад гэвэл хоёроор гарвал хасагдах шатны эхний даваанд Испанитай таарах биз. Энэ хоёрыг бие биедээ дайсан болж байхад Дрогба, Калу, ах дүү Туре тэргүүтэй Зааны ясан эргийнхэн болон 34 жилийн дараа дахин ДАШТ-д орох Ардчилсан Солонгос "цочир сонин" дуулгаж мэдэх л юм. Хойд Солонгосчууд тээр 1966 онд Италийг 1:0 -оор хожоод шилдэг наймд галгараад дараа нь Португалыг нилээн сандаргаад 3:5 -аар хожигдож байсан түүх бас бий.  

"H" хэсэг: Испани, Швейцарь, Хондурас, Чили.
 

Өнөө үед хамгийн хүчтэй байгаа баг бол Европын аваргg Испани. Тэд дэлхийн аварга цолын төлөө гол өрсөлдөгч байх болно. Тэгэхээр хэсгээсээ гарах тухай нь ярьж цаг алдаад яахав. Хоёроор Чили байх. Швейцарууд сарын өмнө идэрчүүдийн Дэлхийн аварга болж, хэдхэн хоногийн өмнө элсний хөлбөмбөгчид нь ДАШТ-ий мөнгөн медаль зүүсэн, ер нь орон даяараа хөлбөмбөгөөр ид "амьсгалж" байгаа гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Шөвгийн 8-д үлдэхийн төлөө Испаничууд Бразил, эсвэл Португалтай таарахаар байгаа нь "гал манарсан" тоглолт болох байх даа. Элдэв сесаац тохиолдохгүй бол Франц-Англи, Холланд-Бразил, Аргентин-Герман, Итали-Испани эсвэл Португал гээд шөвгийн наймд таарах магадлал их байна. Ийм тоглолт болно гээд төсөөлөөд та нар нэг үз дээ,ямар сонсогдож байна.  "

Таван цагариг" сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин
 
Бичсэн: tavantsagarigusa | цаг: 00:09 | Спорт | уншсан: 500 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Хурдан болоосой... ярзайтал инээх
Бичсэн: xvv цаг: 11:54, 2009-12-13 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: 샢놰 (зочин) цаг: 20:48, 2009-12-12 | Холбоос | |





:-)