БНХАУ-ын Бээжин хотноо болсон буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 25-нд өндөрлөлөө. Манайхны гол найдвар бол эмэгтэйчүүдийн гар бууны төрөл. “Бээжин-2008” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа маань олимпийн дараа үрийн зулай үнэрлэж, их спортоосоо түр “чөлөө” аваад байсан билээ. Гүндгээ Бээжингийн олимпоос хойш анх удаагаа томоохон тэмцээний “галын шугаманд” гарлаа.
Хийн гар бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн төрөлд нийт 72 “мэргэн бууч” цэцээ сорьсноос олимпийн аварга , БНХАУ-ын тамирчин Гуо Вэн Жун алтан медаль зүүлээ. Манайхнаас Т.Баярцэцэг 15, О.Гүндэгмаа 24, Ц.Мөнхзул 39 дүгээр байрт тус тус шалгарлаа.
25 метрийн спорт гар бууны төрөлд Болгарын Мария Гроздева, Хятадын Гуо Вэн Жу, Гүржийн Нино Салуквазе, Сербийн Ясна Секарич, Беларусийн Виктория Чайка нарын “галын шугаманд” олон жил тогтмол, дээгүүр өрсөлддөг тамирчид бүгд оролцсон бөгөөд манай Ц.Мөнхзул финалд шалгарч улмаар 5 дугаар байрыг 784,9(584+200,9) оноогоор эзлэв. Гроздева дөрөв, олимпийн аварга Гуо Вэн Жу зургаа, Салуквазе наймдугаар байр тус тус эзэлж, Секарич, Чайка нар финалын наймд багтаагүй гэхээр Мөнхзулын амжилтыг бас чамлахааргүй. О.Гүндэгмаа (578)13 дугаар, Т.Баярцэцэг(569)32 дугаар байрыг мөн эзэллээ.
Энэ төрөлд нийтдээ 65 тамирчин оролцсоноос Монгол Улсын гавьяат тамирчин, Германы иргэн Доржсүрэнгийн Мөнхбаяр маань 787,0 (583 +204) оноогоор алтан медаль хүртлээ. Энэ нь Мөөгийгийн Дэлхийн цомын цувралаас авч буй найм дахь алтан медаль нь юм.
Монгол болон Германы нэрийн өмнөөс Мөнхбаяр маань 20 гаруй жил буудахдаа Олимпийн хошой хүрэл, Дэлхийн хошой алт, ДАШТ-ий багийн хүрэл, Дэлхийн цомын шигшээ тэмцээний 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл, Дэлхийн цомын цувралын 8 алт, 2 мөнгө, 4 хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой алт, 1 мөнгө, 1 хүрэл, Азийн спортын наадмын мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна.
Дэлхийн цомын урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд 58 тамирчнаас манай О. Янжинлхам 37, П.Энхзаяа 39 дүгээр байр, эрэгтэйчүүдийн 50 метрт Б.Бишрэл 48 тамирчнаас 45 дугаарт, хийн урт бууны 10 метрийн дасгалд 69 тамирчин оролцсоноос О.Янжинлхам 30, Ч.Нарантуяа 37, Г.Нандинзаяа 51 дүгээр байрт, эрэгтэйчүүдийн дасгалд 61 мэргэн буучдаас Б.Бишрэл 27, Н.Баяраа 43 дугаар байрт тус тус орсон байна.
Мөн Э.Даваахүү хийн гар бууны эрэгтэйчүүдийн 50 метрт 60 тамирчнаас 47-д, 25 метрт 69 тамирчнаас 22 дугаар байрт шалгарчээ.
Энэ жил манай “мэргэн буучдыг” тавдугаар сарын 22-31-нд АНУ-ын Форт Беннинг, зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 4-нд Сербид болох Дэлхийн цомын цувралууд, долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 11-нд Германы Мюнхен хотноо болох дөрвөн жил тутам явагддаг Дэлхийн аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээн, арваннэгдүгээр сарын 11-20-нд БНХАУ-ын Гуанжоуд болох Азийн спортын 16 дугаар наадам гээд томоохон уралдаан тэмцээн хүлээж байгаа билээ.
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)