2007-07-25
Аргентин аваргаа хамгаалж, Агуэро шилдгээр тодров

Аргентин аваргаа хамгаалж, Агуэро шилдгээр тодров

 

Канадын зургаан хотноо сар шахам хугацаанд үргэлжилсэн  залуучуудын (20 хүртэлх нас) Дэлхийн аварга аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч ням гаригт өндөрлөлөө. Тив тивээс шалгарсан 24 багуудаас шигшигдэн үлдсэн Австри- Чилийн баг хүрэл медалийн, Аргентин-Чехийн  багууд алтан медаль, аваргын цомын төлөө тоглов. Хагас шигшээд Аргентиний шигшээд “гомдолтойгоор” хожигдсон Чилийн залуус, нягт нямбай хамгаалалттай, биерхүү Австрийн шигшээг 1:0-ээр хожин залуучуудын дэлхийн  аваргаас анхны медалиа зүүлээ.

            Шигшээ тоглолтод шалгаран үлдсэн Аргентин-Чехийн багууд өмнө ньхэсгийн тоглолтод учраа тааран 0:0-ээр хайнцсан юм. Чехүүд хэсэгтээ “Ардчилсан” Солонгостой тэнцэж, дараа нь шөвгийн 16-д Японтой мөн л 2:2-оор тэнцэн (Чехүүд хоёр гоолоо хоёуланг нь 11 метрийн торгуулийн цохилтоос оруулсан) , “пенальти”-аар хожиж, шөвгийн наймд Испанийг бас л тоглолтын дараахь торгуулийн цохилтоор хожин, улмаар хагас шигшээд Австритай учраа тааран хожсон , нэг ёсондоо аз нь гийсэн баг бол Аргентинчүүд таарсан бүх өрсөлдөгчөө тоглолтоор ч, тооны харьцаагаар ч илүүрхсээр  шигшээ тоглолтод хүрсэн билээ. Гэхдээ л шигшээ тоглолт бол хэдийд ч маш ширүүн өрсөлдөөн байдаг. Тэр ч ёсоор эхний үед хоёр баг харилцан довтолгоон олон хийсэн ч , аль аль нь гоол оруулах хэд хэдэн боломжийг ашиглаж чадсангүй.

Тоглолтын 60 дахь минутад Чехийн довтлогч Фенин уран гоё цохилтоор эхний гоолыг оруулав. Гэвч Чехүүдийн баяр хөөрч намдаж амжаагүй шахам байхад буюу ердөө хоёр минутын дараа л Аргентиний багийн ахлагч Серхио Агуэро тооны харьцааг тэнцүүлэв. Аргентиний довтолгоон улам ширүүссэн боловч , тоглолтын цаг дуусах ойртсоор. Хэрэв тоглолд тэнцээгээр өндөрлөөд “пенальти” цохихдоо тулвал Чехийн багт илүү боломж байсан ч байж мэдэх юм. Гэвч тоглолт дуусахаас дөрөвхөн минутын өмнө Заратегийн цохилт оновчтой болсноор Аргентиний залуус аварга боллоо.

            Ийнхүү хоёр жилийн өмнө авсан аварга цолоо Аргенчүүд дахин хамгааллаа. Залуучуудын дэлхийн аваргад Марадонагийн нутгийнхан 6 дахь удаагаа түрүүлсэн нь энэ. Энэ жилийн Аргентиний багийн ялалтад багийн ахлагч Серхио Агуэро тун их үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр өрсөлдөгчийнхээ хаалганд нийтдээ 6 гоол оруулан шилдэг довтлогчийн “алтан шаахай” шагналыг тэмцээний хамгийн шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг” шагналтай хамтад нь хүртсэн. Мөн залуучуудын дэлхийн аваргад хоёр удаа түрүүлсэн манай гаригийн хоёр дахь хөлбөмбөгч боллоо. Өмнө нь Португалын Жоао Пинту 1989,1991 онд энэ амжилтыг үзүүлж байсан билээ.

Серхио Леонел Агуэро 1988 оны зургадугаар  сарын хоёронд Буэнос Айресийн Кильмес дүүрэгт төрсөн бөгөөд Аргентиний нэгдүгээр дивизионд ердөө 15 настайдаа анх “Индепендьенте” багийн бүрэлдэхүүнд тоглож алдарт Марадонагийн амжилтыг эвдэж байжээ. 2003-2006 онд “Индепендьенте” багт 53 тоглохдоо 23 гоол оруулж хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан билээ. Улмаар 2006 онд Испанийн нэртэй багуудын нэг Мадридын “Атлетико”-д 23 сая еврогоор худалдагдсан байна. “Атлетико” хэзээ ч ийм өндөр үнээр тоглогч худалдан авч байгаагүй гэнэ.  Балчирхан биетэй (Агуэрогийн өндөр 170 см) энэ хүүг ийм үнээр авсан  “Атлетико” огтхон ч буруудсангүй. Агуэро өнгөрсөн жилээс эхлэн Аргентиний үндэсний шигшээд тоглож эхэлсэн бөгөөд одоогоор 6 тоглолтод оролцож, 4 гоол оруулаад байна.

            Агуэрогоос гадна Аргентиний залуучуудаас онцлох хоёх ч тоглогч бас бий. Нэг нь хаалгач Серхио Ромеро. Аргентиний “Рэсинг”-ээс энэ жил Голландын “АЗ Алкмаар” багт 1,5 сая еврогоор худалдагдсан Ромеро тэмцээний туршид хаалгандаа ердөө хоёрхон гоол алдсан. Нөгөөдөх нь хагас хамгаалагч Максимилиано Моралес. Хальтхан харвал хуучин ХБНГУ-ын шигшээд тоглож явсан Пьерре Литтбарскитай тун адилхан төрхтэй энэ эцэж цуцахыг мэдэхгүй “жаал” (түүний өндөр ердөө 160 см) Аргентиний “Рэсинг” багт тоглодог. Гэхдээ тун удалгүй Европын шилдэг багуудын нэгэнд тоглоод эхэлбэл гайхах хэрэггүй биз ээ. Моралес тэмцээний шилдэг довтлогчын жагсаалтад 4 гоолоор  “хүрэл шаахай” хүртэж, шилдэг тоглогчийн шалгаруулалтад Агуэрогийн дараа нэрлэгдэн “мөнгөн бөмбөг”-ийн эзэн болсон.

 Ийнхүү “Канад-2007” залуучуудын ДАШТ түүх болон үлдлээ. Ихээхэн найдлаг тавьж байсан, уран гоё тоглолт үзүүлж байсан Бразил, Мексик, Испани, Нигери,АНУ, Японы залуус медальд хүрээгүй ч хөлбөмбөгийн хорхойтнуудын талархлыг хүлээсэн. Уламжлал ёсоор хөлбөмбөгийн ертөнцөд шинэ шинэ одыг нээн харууллаа. Юуны өмнө Бразилийн Алешандро Пато, Мексикийн Жованни Дос Сантос нарыг  нэрлэх байна. 18 настай энэ хоёр залууд асар их ирээдүй байна. Пато өнгөрсөн жил “Интернасьонал” багаа Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд гол үүргийг гүйцэтгэсэн. Эдүгээ түүнийг “Барселона”, “Реал”, “Интер”, “Милан” гээд Европын “томчууд” эгнээндээ багтаахаар өндөр үнэ амлан , “авлахаар” хөөцөлдөж байна. Харин Дос Сантосын хувьд хэдийнээ цууд “БАРСА”-ийн хүн болоод байгаа билээ.

            Мөн Америкийн багийн ахлагч Аду үнэхээр сайн тоглосон. Америкийн мэргэжлийн спортын түүхэнд хамгийн залуудаа буюу 14-хөн настайдаа “Ди Си Юнайтед” багтай гэрээ байгуулж байсан энэ хүү Залуучуудын дэлхийн аваргад гурван удаа оролцож хосгүй амжилт гаргалаа. За тэгээд Конгын довтлогч Ондама, БНСУ-ын Ён Сун Шим, Испанийн Адриан Лопес нарын нэр ч тун удалгүй хөлбөмбөгийн хорхойтнуудын танил болох биз ээ.

 

 

Залуучуудын (20 хүртэлх нас) ДАШТ-ий медальтнууд

 

1977 он. 1. ЗХУ                    2. Мексик       3.Бразил

1979 он. 1. Аргентин           2. ЗХУ                        3.Уругвай

1981 он. 1. ХБНГУ               2. Катар          3.Румын

1983 он. 1. Бразил                2. Аргентин   3.Польш

1985он.  1. Бразил                2. Испани       3.Нигери

1987 он. 1. Югослав             2. ХБНГУ       3.БНАГУ

1989 он. 1. Португал             2. Нигери       3.Бразил

1991 он. 1. Португал            2. Бразил        3.ЗХУ

1993 он. 1. Бразил                2. Гана            3.Англи

1995 он. 1. Аргентин           2. Бразил        3.Португал

1997 он. 1. Аргентин           2. Уругвай      3.Ирланд

1999 он. 1. Испани               2. Япон          3.Мали

2001 он. 1. Аргентин           2. Гана            3.Египт

2003 он. 1. Бразил                2. Испани       3.Колумб

2005 он. 1. Аргентин           2. Нигери       3.Бразил

2007 он. 1. Аргентин           2.Чех               3.Чех

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 03:46 | | уншсан: 576 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Агуэро капитан биш.
Агуэро хамгиин суулиин аваргиин толоо тоглолтонд багиин ахлагчаар тоглосон.багиин ахлагч Клаудио Якоб 2 шар карт авсан тул аваргиин толоо тоглолтонд өнжсөн.
Бичсэн: henry цаг: 22:16, 2007-07-27 | Холбоос | |


Сэтгэгдэл
Евер Банегаг мартаж болохгүй миний бодлоор Банега энэ жилийн шигшээ багийн нээлт ялалтын гол хөдөлгүүр санагдсан... төвд айлын довтолгоог эвдэж довтолгоо эхлүүлэх гээд Гагогоос ч илүү санагдсан... бас Ди Марио их сайн тоглосон...
Бичсэн: sirus цаг: 09:43, 2007-07-25 | Холбоос | |





:-)