2008-02-02
Тэшүүрийн Дашням багшийг оюутны найзууд нь мартаагүй

 


Саяхан Атланта хотноо болж өнгөрсөн Үндэсний хоккейн лигийн “Бүх оддын” тоглолтын үеэр манай спорт сонирхогчид, ялангуяа хоккейн хорхойтнуудын нэгэн эчнээ танилтай уулзаж хөөрөлдөв. “Бүх оддын” тоглолтын сүүлчийн өдрийн үдэш NHL-ийн зочид гийчид, албаны хүмүүс, сэтгүүлчдийн тухалсан “The OMNI” зочид буудлын ресторанд түр саатаж суутал тэргэнцэр дээр суусан нэгэн эр яваа нь содон тусав. Түрж яваа эрэгтэй нь “Детройт ред уингз” багийн эмблем бүхий хүрэм өмсчээ. Гэнэт толгойд тэргэнцэр дээр сууж яваа, тэгээд “Улаан жигүүрүүд”-ийн хувцастай хүн түрж явааг хараад арай нөгөө золгүй аваарт орсон хоёрын нэг биш байгаа гэсэн бодол толгойд зурсхийн оров. Володя Константиновыг бол хараад л таних болохоор нөгөө массажист Мнацаканов байж магадгүй гэж таамаглав. Тэгээд хойноос нь очоод тусалж яваа эрээс “ Уучлаарай, энэ хүн Сергей мөн үү?” хэмээн асуувал ихэд гайхан харснаа “Мөөн, мөн” гэх нь тэр. Энэ үеэр хажууд явсан эмэгтэй ярианд оролцож “Та яах гэсэн юм бэ? Ямар сониноос яваа юм?” гэж мөн л ихэд гайхашран асуулаа. Эхнэр нь бололтой.

            “Би Монголын спортын сонины  сэтгүүлч, татгалзахгүй бол Сергейгээс ганц нэг юм асуугаад, хамт зургаа авахуулья” гэхэд тэрбээр “Манай нөхрийг яаж мэддэг юм бэ? Сергей бол зүгээр л...” гэхээр  нь үгийг нь би таслаад “Манай хоккей сонирхогчид түүнийг сайн мэднээ. Тэр золгүй автомашины ослыг бүгд дуулсан, харамсч явдаг юм” хэмээн өгүүлэхэд “Үнэн гэж үү? Жаахан ярилцаж бололгүй яахав, бидэнд ч бас монгол найз нөхөд бий” гэж уриалгахнаар өгүүлснээр бидний яриа өрнөсөн билээ.

            ...1997 оны зургадугаар сарын 13. Хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн  хоккейн оргил-Стэнлийн цомын аварга болсон “Детройт ред уингз” багийн тоглогч Вячеслав Фетисов, Владимир Константинов, тус багийн массажист Сергей Мнацаканов нарын сууж явсан лимузан тэр “хар өдөр” аймшигт аваарт орж, Володя, Серёжа хоёр үүрд тахир татуу болсон харамсалтай түүхийг спорт сонирхогчид мартаагүй биз ээ. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрсөнч хоккей сонирхогчид “Владинатор” Константинов, тэр аваараас хойш эчнээ танил болсон Сергей Мнацаканов нарын тухай “чих тавьж” байдаг юм. Өнгөрсөн жил Детройтод түр саатахдаа энэ талаар бага болов сураг гаргаж, уншигчдадаа хүргэж байсан билээ. Тэгвэл ховор тохиолдлоор Сергей болон түүний эхнэр Лена нартай уулзаж танилцах завшаан тохиолдсон нь энэ.

            Сергей тун дажгүй ярьж байна. Ой ухаан нь зүгээр боловч зарим юмыг санадаггүй гэнэ. Түүний эхнэр Лена үнэхээр эелдэг дөлгөөн зантай, сайхан яриа хөөрөөтэй, халамжтай сайн хань гэдэг нь шууд л харагдаж байсан. Бидний яриаг “холбож” өгч, зохицуулах үүргийг тэрбээр маш сайн хийсэнд талархая.

            Мэдээж би тэр “хар өдрийнх” нь тухай асууж түвдээгүй ээ. Гэсэн хэдий ч Сергей “Бидний машин осолдсон” гээд л заримдаа ярих гэнэ. Энэ үед эхнэр нь эвтэйхэн яриаг нь өөр зүгт залах юм билээ. Тэдний гэр бүл Флоридад амьдарч байгаа гэсэн. Сергей далайн эрэг дээр очих тун дуртай гэнэ. Хааяа бас хоккейн тоглолт үздэг бөгөөд “Бүх оддын” тоглолтыг үзэх саналыг нөгөө түрж яваа найз нь  гаргаад, Флоридагаас Атланта ойрхон болохоор бүгдээрээ цуг нисээд иржээ. “Бидэнд ч бас монгол найз бий. Бид хоёр хоёулаа Москвагийн Биеийн тамирын дээд сургуульд сурч, төгссөн. Манай ангид Лувсанлхагвын Дашням (Бүүр огт түгдрэлгүй овог нэртэй нь хэлсэн ) гээд монгол оюутан байсан юм. Тэшүүрийн спортынх. Бид нар их дотно найзалдаг байлаа. Манай Сергей Дашням хоёр оюутны дотуур байранд цуг амьдардаг байсан” гэж Лена дурсав. Намайг “ Би Дашням багшийг сайн танина аа. Одоо ч гэсэн дасгалжуулагчийнхаа ажлыг хийж байгаа” гэхэд Лена,Сергей хоёр “ Чи түүнийг таньдаг гэж үү? Ямар сонин хэрэг вэ? Түүнд бид хоёрын мэндийг заавал хүргээрэй!” гэж дамжуулсан. Би  ч “Та хоёрын мэндийг зурагтай чинь сониндоо гаргана аа” гэж амлав. Оюутан ахуйн хөгтэй явдлуудаасаа ч Лена илэн далангүй ярьж хөгжөөв. “Дашням миний конспектийг мөн ч их хуулсандаа. Бас миний нэг найз орос охинд их сайн байсан юм” гэж залуу насны дурсамж, Дашка багшийн “нууцаас” хүртэл дэлгэв.

            Бид бараг хагас цаг гаруй ярилцсан. Ихэвчлэн амьдралын сайн сайхны тухай. Лена үнэхээр өөдрөг сэтгэлтэй бүсгүй байна лээ. Тэрээр өөрийнхөө хувь заяанд огтхон ч гутарсан шинжгүй ээ. “Амьдрал сайхаан. Бид бусдын л адил амьдарч байна. Манай хоёр хүү маань хоёулаа хоккей тоглож байгаа. Макс 31 настай,  Арт  23 –тай. Бага хүү маань мэргэжлийн лигид тоглодог. НХЛ биш л дээ. Харин Сергей маань тун сайн өвөө шүү. Ач охин Эланы маань хамгийн хайртай хүн нь. Сайхан танилцлаа, холбоотой байгаарай!” хэмээн Лена өгүүлсэн.

            Сергей өөрийг нь Монголын сурвалжлагч таньж байгаад их гайхаж, бас маш их баярлаж байгаагаа өгүүлсэн. Оюутан насны дурсамж сэргэсэнд бас их баяртай байна лээ. Тэрбээр “Миний эхнэр чинь уран гулгалтын спортын мастер хүн дээ” гэж хэлэхдээ ханиараа бахархсан, хайрласан сэтгэл нь илхэн харагдана лээ.

            Бид бас Володягийн тухай ярилцаж амжсан. “Тэрбээр амьдрал нь тийм ч сайн биш байгаа тухай би дуулсан. Эхнэр нь хүнд хэцүү үед нь нь орхисон гэдэг үнэн үү?” гэж намайг асуухад “Володя Мичиганд амьдарч байгаа. Тэдний салсан эсэхийг мэдэхгүй ээ. Гэхдээ Ирина тэр хоёр тусдаа амьдраад олон жил болж байгаа нь үнэн. Хүн хүн өөр шүү дээ” гэж байна лээ.

            Нэгэн цагт их спортын “халуун тогоонд” хоккейн нэр цуутай ододтой цуг “чанагдаж” явсан, тэднийг, “Детройтын улаан жигүүрүүд” хэмээх домогт багийг Стэнлийн цомын аварга болоход үнэлж барашгүй хувь нэмрээ оруулж явсан Сергей, түүний сайн, сайхан хань, уран гулгалтын мастер Лена нартай хамт өнгөрүүлсэн хоромхон хугацаа надад хичнээн сайхан халуун,дулаан элч өгснийг хэлж чадашгүй нь. Манай хоёр ресторанаас гарахдаа эргэн над дээр  ирж, дахин уулзахын ерөөл тавиад салсаан. Амьдралын хүнд шалгуур, айхтар хувь тавиланг ажралгүй туулж яваа сайхан хосыг хараад үнэхээр бахархсаан.

 

 

  “Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин. Атланта,2008 он.

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 13:38 | | уншсан: 551 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)