2008-02-05
“Үхрийн сүүлэн дээрх хутга” буюу үнэхээр гоё болсон Супер боул

 


 

Өнгөрсөн ням гаригийн (хоёрдугаар сарын гурван)орой Америк орон тэр чигээрээ ганцхан зүйлд анхаарлаа хандуулж байсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Учир нь энэ үдэш Аризона мужийн Глэндэйл хотноо, Финиксийн их сургуулийн цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний хөлбөмбөгийн лигийн 42 дахь удаагийн  “Супер боул” буюу аваргын төлөө шигшээ тоглолт болсон билээ. Америкчууд бол хөлбөмбөг гэж нэрлэдэг , манайхан бол америк хөлбөмбөг гэдэг нэрээр нь сайн мэдэх энэ спортын шувтаргын тоглолтыг үзэж суугаа янкуудыг Цагаан сар буюу наадмын барилдааны  шийдвэрлэх даваанууд, үзүүр түрүүний барилдааныг үзэж суугаа манай бөхийн хорхойтнуудтай адилтгамаар байдаг юм. Манайхан бүхэл махаа чанаад, буузаа жигнээд, айргаа шимсэн шиг суудаг бол америкчууд энэ орой “хайрсан гамбираа”(пицца)s захиалж, эсвэл цацагт хяруулын махаа чанан, шар айргаа залгилан сууцгаадаг билээ. Супер боулын үдэш пицца зөөгчид хамгийн их орлогоо олж, шар айраг хамгийн ихээр зарагддаг гэдэг юм билээ.

За энэ ч яахав. Ер нь Супер боул бол бүх юмаараа л супер болдог жамтай. Энэ жил л гэхэд 97,5 сая америкчууд ТВ-ээр Супербоулыг үзсэн гэсэн тооцоог өнөөдөр өглөөний сонинууд дурьдаж байна. Дэлхийн 223 оронд нэг тэрбумаас илүү (!!!) хүн уг тоглолтыг хэсэг зуур ч болсон харсан байх боломжтой ч гэж нотлож байна. За ямар ч байсан Америкийн хамгийн олон үзэгчтэй ТВ-ийн шоунуудын эхний аравт дандаа л супер боул ордог нь үнэн. Бас нэг Супер боулыг супер болгодог зүйл бол реклам, зар сурталчилгаа. Энэ жилийн 30 секундын ТВ-ийн рекламны төлбөр 2,7 сая доллар хүрчээ. Өнгөрсөн жил 2,6 сая байсан юм. Энэ өндөр үнийг нэртэй, томоохон компани, корпорациуд л дийлэх нь ойлгомжтой. Энэ жил Toyota, Nissan, Hyundai, General Motors, Audi зэрэг автомашин үйлдвэрлэгч “мангасууд”, Budlight шар айраг, Gatorade, Dorito’s, Victoria Secret’s, Under Armour, Pepsi зэрэг цуутай брэндүүд, FEDEX хэмээх шуудан тээвэрлэлтийн  “акул” рекламын дийлэнх цагийг өөрийн болгожээ. Нэгэнт мөнгөөр зодон цагаа авсан, нөгөөтэйгүүр маш олон сая хүнд хүрэх болохоор реклам нь ёстой л адал явдалтай кино шиг л онц сонирхолтой байдаг билээ. Бусад нэвтрүүлгийн үеээр реклам гарахаар уур хүрч, энэ хооронд бор ходоодоо баярлуулахаар ТВ-ээсээ холддог бол Супер боулын дундуур гарах рекламаас нүд салгах аргагүй байдаг юм. Энэ удаа л  гэхэд л супер модель Наоми Кэмпбеллийн тоглосон болон “үлэмж биет” сагсчин Шакийн “жокей” болчихоод морь унан давхиж буй ролик үнэхээр супер болсон байна лээ.

            За тэгэхээр  Супер боулыг  ТВ-ээр шууд дамжуулах эрхийг олж авах халуун “тулаан” үндэсний томоохон телевиз дунд өрнөдөг ажээ. NFL-удирдлагууд “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр” гол хэдэн сувагт ээлжлэн энэ эрхийг олгодог байна. Энэ жилийн шууд дамжуулах эрхийг FOX телевиз авчээ. Ирэх жилийнхийг NBC, 2010 онд CBS, 2011 онд FOX, 2012 онд NBC гээд аль хэдийнээ эрхээ авчихсан, ээлжээ тогтоочихсон байх жишээтэй.

            Жирийн нэг америк хөлбөмбөгийн тоглолт дунджаар гурван цаг үргэлжилдэг бол Супер боул дөрвөн цаг гаран үргэлжилдэг ажгуу. Энэ хугацаанд тоглолтын өмнөх Төрийн дуулал, завсарлагаанаар болох поп рокын оддын шоу тоглолт орно л доо. Энэ жил АНУ-ын Төрийн дууллыг “American idol-VI”-ийн ялагч Жордин Спэркс гэгч бүсгүй дуулав. Түүнийг зүгээр ч нэг тохиолдлоор сонгочихсонгүй. Жордины эцэг Филипп нь цагтаа “Нью Йорк Жайнтс”-ийн хамгаалагч явсан гэнэ.

            Энэ бүгд бол Супер боулын эргэн тойронд болж буй олон арван үйл явдал, баримтын жижигхээн хэсэг нь гэдгийг уншигч авхай нарт хэлье. Бүгдийг тоочих гэвэл цаг, цаас нилээд шаардагдах тул тоглолтын тухай өгүүлэх ину.

            42 дахь удаагийн Супер боул аваргын цомын төлөө “Нью Инглэнд пэтриотс” болон “Нью Йорк жайнтс” багууд шалгаран үлдсэн билээ. “Нью Йоркийн үлэмж биетнүүд” эртний түүхтэй , нэр хүндтэй баг. Өмнө нь супер боулыг хоёр удаа(1987,1991) хүртэж, нэг удаа (2001) үзүүрлэж байсан бөгөөд энэ жил улирлын тоглолтод 10-6 гэсэн даруухан амжилт үзүүлэн, плей –оффт шалгарсан ч “Даллас”, “Тампа Бэй” ,“Грин Бэй” зэрэг хүчтэй багуудыг ээлж дараалан буулган авсаар финалд хүрсэн баг. Гэхдээ айлын талбайд гаргуун тоглодог, бас хамгаалалт сайтай гэсэн давуу талтай.

            Харин “Нью Инглэндийн эх орончид” бол сүүлийн зургаан жилд гурван удаа Супер боулд шалгарч, үүнээс гурвууланд нь (2002,2004,2005) аварга болсон, энэ жил ганц ч хожилдолгүй (18-0)    явсаар финалд хүрч,  дөрөв дэх “Супер боул”-аа авахаар дайрч буй баг. Энэ багт Супер боулын шилдэг тоглогчоор хоёронтоо шалгарч байсан, лигийн №1 квотербек  буюу дамжуулагч-“найруулагч” Том Брэди, рэсивэр буюу шилдэг хүлээн авагч Рэнди Мосс, Уэс Уэлкер нар тоглодог. Мосс бол нэртэй “хулигаан”. Өрсөлдөгч багийн хамгаалагчдад  тачдаун хийснийхээ дараа гаргадаг элдэв авир , өөрийн багийнхантайгаа хэрэлдэх зэргээрээ нэрд гарсан хэдий ч африк гаралтай, урт хөлтэй энэ эр төрөлхийн авьяастай нэгэн .

            Нэг үгээр хэлбэл “Эх орончдыг” ялна гэдэгт “Үлэмж биетнүүдийн” үнэнч балиашигуудаас бусад нь итгэлтэй байсан биз ээ. Хэрэв тэд ялбал 1972 онд ганц хожигдолгүй Супер боул хүртсэн “Майами дольфинс” –ийн супер амжилтыг давтана. Мөн үргэлж инээмсэглэж явдаг, охид бүсгүйчүүдийн “зүрхийг шархлуулагч”, ховорхон авьяаст, дамжуулалтыг гайхалтай оновчтой, ёстой л компьютерээр бодож, робот гүйцэтгэж байгаа юм шиг өгдөг Том Брэди гурав дахь MVP-ээ хүртэж, аугаа Жо Монтана(Супер боулын MVP-г гурван удаа хүртсэн ганц тоглогч) –тай эн зэрэгцэнэ гээд л ярьж, бичицгээж байлаа.

            Мэдээж америк хөлбөмбөгт квотербек буюу “найруулагч”, дамжуулагч асар их үүрэг, рольтой. Тэд бүхэл талбайг мэдэрч, хэн хаана нээгдэж буйг харж, түүнд оновчтой зөв дамжуулалт өгөх учиртай. Гэхдээ үүнийг  гурав, дөрөвхөн секундын дотор л амжуулах ёстой. Эс тэгвээс эсрэг багийн аварга том биетэй, чийрэг залуус хэмх дайраад унагана, хөл, гарыг чинь зуурна, хүзүү толгой руу чинь мөргөнө , нэг үгээр хэлэхэд боломж олгохгүйг хичээнэ. “Эх орончдын” квотербекийн тухай дээр өгүүлсэн.

Тэгвэл “Үлэмж биетнүүдийн” квотербек Илай Мэннинг  гэж хэн бэ? Туранхай энэ залуу мэргэжлийн “америк хөлбөмбөгчний” гэр бүлд төрж өссөн. Түүний эцэг Арчи залуудаа муугүй квотер байсан аж. Харин ах Пэйтон Мэннинг бол лигийн шилдгүүдийн нэг. Өнгөрсөн жил багийнхаа хамт Супер боулын аварга болж, өөрөө MVP болсныг та бид мэднэ. Харин дүү нь бол өнөөдрийг хүртэл ахынхаа энэ алдарт хүрэхийг мөрөөдөгч л байв.

Ийм л хоёр баг энэ жилийн супер боулын төлөө үзлээ.

 

“Нью Йорк Жайнтс”-“Нью Инглэнд Пэтриотс” 17:14(3:0,0:7,0:0,14:7)

Эхлээд  “Үлэмж биетнүүд” довтлох оноолт таарсан. Өрсөлдөгчийнхөө талбайд хүрэх гэж нилээд зүдэрсэн ч , ойрхон боловч оновчтой дамжуулалтаар “алхам алхмаар” , ярд ярдаар урагшилсаар. Хэдийгээр өрсөлдөгчийнхөө талбайн төгсгөлд хүрч чадаагүй ч талбайн гоол хийн 3:0-ээр хошуучлан эхний үеийг дуусгав. Хоёрдугаар үед “Эх орончид” “номоороо” ажиллаж, тачдаун хийн оноог 7:3 болгов. Үүнээс хойш хоёр багийн хамгаалалтын шугам гайхалтай сайн хамгаалж, (ялангуяа “Үлэмж биетнүүд”-ийн хамгаалалт) оноо өөрчлөгдөлгүй байсаар шийдвэрлэх дөрөвдэх 15 минут эхлэв. Үзэгчид Брэдиг оновчтой дамжуулалтаа хийж, талбай дээрх “генерал” нь хэн болохыг харуулахыг тэвчээртэй хүлээсээр… Гэвч эсрэгээр эргэж Мэннингийн 5 ярдын дамжуулалтаар Нью Йоркчууд тачдаун хийж , 10:7-оор “эх орончдын” өмнө нь гишгэлээ. “Эх орончдын” балиашигууд энэ үед ч огтхон ч тэвдээгүй байсан болов уу. Учир тэдний шүтээн , итгэл найдвар Брэди тоглолтын төгсгөлд тун сайн тоглодгоороо зартай. Брэди ч “үндсэн ажлаа” хийж, Мосс эсвэл Уэлкер руу дамжуулалт хийсээр л… Гэвч нэг л оновчгүй болсоор байв.  Эцсийн эцэст тоглолт дуусахаас 2 минут 42 секунд дутуу байхад зорьсондоо хүрч, түүний дамжуулалтыг Мосс “үлэмж биетнүүдийн” талбайн төгсгөлд амжилттай хүлээн авлаа. Тачдаун. Оноо 14:10 болж, “Эх орончид” ялалтад тун ойрхон ирлээ.

Одоо бүх зүйл “Үлэмж биетнүүдийн” квотербек өнөөх туранхай залуугаас шалтгаална. Хамгийн шийдвэрлэх , төгсгөлийн хэдхэн хоромд тэрбээр нэг бол гайхамшгийг бүтээн домог болох, эсвэл ердөө л ялагдал хэмээх гашуун зүйлийн амтыг мэдрэх хоёрын заагт иржээ. Гэвч Илай амьдралыг нь орвонгоор нь эргүүлэх ховор боломж өөрт нь ирснийг мэдэрсэн бололтой. Өөртөө нэг л итгэлтэй, энэ  боломжийг алдахыг хүсэхгүй шийдэмгий байгаа  харагдана.

Түүнийг шийдвэрлэх дамжуулалтаа хийх үед “эх орончдын” хоёр хамгаалагч түүнээс зуурсан ч хаанаас гарсан хүчээр юм бүү мэд мултарч дөнгөв. Энэ үед “Үлэмж биетнүүдийн” хамгийн найдвартай рэсивер Плаксио Бэррис суларчээ. Түүн рүү дамжууллаа. Тачдаун. Оноо 17:14 болов. Тоглолтын цаг дуусахад ердөө 35-хан секунд үлджээ. “Эх орончдын” сүүлчийн найдвар тасрах бас л болоогүй. Хэрэв тэд эсрэг багийн талбайд орж, хаалга руу өшиглөх боломжтой зайнд ойртвол талбайн гоол хийгээд гурван оноо авчих боломж байгаа болохоор аргагүй л дээ. Брэди зүүн жигүүр рүү , Мосс руу бөмбөгөө шидсээр, гэвч энэ өдөр хөлбөмбөгийн бурхан Брэдигээс нүүр бууруулсан бололтой. Дамжуулалт нь эсвэл дутаж, эсвэл арай дээгүүр шидчихээд байв. Ганцхан секунд үлдлээ. Одоо л нэг ялалт хэний талд ирсэн нь тодорхой боллоо.

“Нью Йоркийн Үлэмж биетнүүд” гуравдахь удаагаа Супер боулын аварга болох нь тэр. Энэ ялалтыг, ийм төгсгөлийг олон хүн төсөөлж ч байгаагүй биз ээ. Супер боул үнэхээр супер сенсаацаар өндөрлөв. Гэхдээ жинхэнэ спортын өрсөлдөөнөөр. Олон олон жил энэ тоглолт яригдаж, дурсагдах биз ээ. Од нь гийж, аз нь шовойсон Илай Мэннинг ахынхаа амжилтыг давтаж, Супер боулын аварга болж, шилдэг тоглогч MVP-ээр тодров. 2009 оны “Cadillac escalade hybrid” загварын жийп түүнийх болов. Гэхдээ түүнд ирэх алдар хүндийн оргилын дэргэд энэ бол өчүүхэн шагнал. О.Умэнайро, М.Страхан тэргүүтэй “үлэмж биетнүүд” хамгааалалт гэж юу байдгийг харууллаа. Хүний талбайд 11 ялалт байгуулсан нь бас ховор амжилт. Дөрөвдүгээр үед хоёр баг гурван удаа өмнө хойноо оролцсон нь Супер Боулын түүхэнд байгаагүй гэнэ.

Гэхдээ эцсийн мөчийг хүртэл тэмцэл үргэлжилж, хэн нь ялах нь тодорхойгүй байсан нь энэ жилийн Супер боулын хамгийн гол тодотгол болон үлдэх биз. “Том” Сүхбат Бат-Эрдэнэ аваргыг “нураагаад”, тэгсэн мөртлөө Балжиад явчихсан тэр жилийн наадам шиг яригдах Супер боул боллоо, энэ жил.

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 13:31 | | уншсан: 543 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)