2008-02-09
Алтан олимпийн мөнгөн дурсамж

Алтан олимпийн мөнгөн дурсамж

 

Яагаад заавал олимп нь “Алтан” , тэгээд бас дурсамж нь “мөнгөн” байдаг юм бэ гэж үү? Учир нь энэхүү хэдэн мөрийг тэрлэгч бивээр 1996 онд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотноо болсон зуны олимпийн 26 дугаар наадмын тухай эргэн дурсах гэж байна. Орчин үеийн Олимпийн наадмын 100 жилийн ойн дээр болсон уг олимп “Алтан” хэмээн түүхэнд үлдсэн билээ. Тэрхүү олимпийг сурвалжлах ховорхон бөгөөд азтай завшаан надад тохиосон нь миний амьдралын хамгийн дурсамжтай, хамгийн сайхан үе болон үлдсэн юм. Түүнээс хойш 12 жил, манайхны он цагийн хэмжүүрээр бол нэгэн үе өнгөрчээ. Тиймээс “мөнгөн” дурсамжаа та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Хожим хойно “Алтан” олимпийн “алтан” дурсамж төрнө гэдэгт үл эргэлзнэм.

Хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн хоккейн “Бүх оддын” тоглолтыг сурвалжлахаар “Алтан” олимпийн өлгий Атланта хотноо дахин хөл тавьсан билээ. Дэлхийн хамгийн “завгүй” онгоцны буудалд тооцогддог Хартсфильд-Жэксоны олон улсын буудлаас эхлээд л “Атланта-96” олимпийн дурсамж маань сэдэрч,сэргэж эхэлсэн дээ. Нийт зорчигчдын тоо, нислэг үйлдэх чиглэл, хөөрч, буух онгоцны тоогоороо дэлхийд нэгд ордог энэ л онгоцны буудал дээр 1996 оны долдугаар сарын 15-ны өглөө Монголын баг тамирчид бууж байлаа. Энд болсон нэг хөгтэй зүйл ерөөсөө санаанаас гардаггүй юм. Бид Монголоос мөн л долдугаар сарын 15-ны өглөө гарсан юм. Бээжин-Токио-Миннеаполис-Атланта гэсэн чиглэлээр 20 гаран цаг, бүтэн өдөр шахуу  тив алгасан, тэнгис далайг гэтлэн нисч ирсэн болохоор анх Атлантын онгоцны буудлын элекрон самбарт “7 сарын 15” гэсэн байхыг хараад “Өө энэ Америкт чинь бас цаг нь худлаа л явдаг юм байна ш дээ” гэж ярилцаж байж билээ. Уг нь бидний тооцоолсноос 15-нд гараад бараг бүтэн хоног ниссэн болохоор долдугаар сарын 16 болсон байх учиртай байдаг. Цагийн зөрүүнээс болоод энд хоцорч явдгийг мэдээгүй байсан хэрэг л дээ. Өөр нэг онгоцны буудалтай холбоотой дурсамж гэвэл биднийг буцах өдөр Чикагогоос “Маамуу” хэмээх сагсны спортын мастер Алтанчимэг Атлантын онгоцны буудал дээр ирчихсэн “Монголынхоо тамирчидтайгаа, монгол хүмүүстэй уулзахаар ирлээ” гээд зогсож байсан. Мөн Детройтод түр буухад хуучин циркт ажиллаж байсан нэгэн залуу монгол дээлээ өмсчихсөн, идээ будаа болоод хүлээж байж билээ. Америкт монголчууд тийм л цөөхөн байсан аж.

Атланта мэдээж 12 жилийн хугацаанд их л өөрчлөгдөж. Гэхдээ түүх хүүрнэх, дурсамж сөхөх  газрууд бүгд л хэвээрээ. Өчигдөрхөн л олимп болсон юм шиг тэр үеийн үйл явдлууд нүдний өмнө жирэлзэн харагдана... Олимпийн нээлт , хаалт, хөнгөн атлетикийн тэмцээн болсон цэнгэлдэх хүрээлэндээ очлоо. Тухайн үед “Centennial Olympic stadium” нэртэй 80 мянган хүний суудалтай байсан юм. Энэ цэнгэлдэхэд домогт Мохаммед Али олимпийн бамбарыг асааж, энэ цэнгэлдэхийн гүйлтийн замд Майкл Жонсон 200 болон 400 метрийн зайд хошой алтан медаль хүртэж, хоёуланд нь дэлхийн рекорд тогтоож байсан. Донован Бэйли 100 метрт мөн л дэлхийн рекордыг шинэчлэн, алтан медаль зүүж, “Манай гаригийн хамгийн хурдан хүн” хэмээн өргөмжлөгдөж байлаа.  Цуут Карл Льюис 35 насандаа олимпийн ес дэх алтан медалиа уртын харайлтаар хүртэж байв. Мөн энэ л цэнгэлдэхэд Монголын тамирчин Д.Махашири зээрэнцэгээ шидэж, марафон гүйгч Э.Даваажаргал бариандаа орж байлаа.

Өнөөдөр “Centennial Olympic stadium” маань нэрээ сольж, зүсээ хувиргачихсан байх юм. Олимпийн дараа уг цэнгэлдэхийг өөрчлөн 45 000 хүний суудалтай бэйсболын стадион болгон хувиргасан ажээ. Нэрийг нь хүртэл солиод “Turner field” гэх болжээ. Мэргэжлийн бэйсболын “Атланта брэйвз” баг энд тоглолтоо хийдэг болсон байна.

Бас нэг түүх өгүүлэх газар бол “Georgia World Congress Center”. Энд Алтан олимпийн жүдо бөх, ширээний теннис, гандбол, хүндийг өргөлт, чөлөөт бөхийн тэмцээн болсон билээ. Д.Нармандах энэ л ордонд  Монголын баг тамирчдын цорын ганц медалийг авч байсан юм. Наркагийн өрсөлдөгчөө цэвэр орхиж байсан, Балжиа аваргын баярлаад үсэрч байсан нь харагдах шиг. Шагналын тавцанд гарахын өмнө Наркагийн пүүз яагаад ч юм хувцас солих өрөөнөөс алга болсон тул багийн эмч “Жерри” хэмээх жижигхэн эмч П.Бат-Очир маань пүүзээ Наркад мултлан өгөөд өөрөө Олимпийн тосгон руу  хөл нүцгэн харьсан нь ч бодогдоно. Мөн П.Нямлхагва, Х.Болдбаатар нар маань ч энэ л ордны татами дээр бахдам сайхан барилдсан. Болдоотой холбоотой нэгэн түүхийг өгүүлье. Манай хүн уг нь бол медаль авчих байсан юм шүү. Олимпийн аварга болсон Японы К.Накамурад ялагдаад хэдхэн минутын дараа хүрлийн төлөө Францын бөхтэй барилдсан юм. Гэвч яг дэвжээнд гарахын өмнө шүүгч түүнээс кимоногоо солихыг шаардав. Өмнөх барилдаанд өөрийнх нь ч юм уу өрсөлдөгчийнх нь ч юм уу гар шалбараад өмсгөл нь цус болчихсон байсан хэрэг. Жүдо нарийн дэг жаягтай болохоор ийм өмсгөлтэй бөхийг татами дээр гаргадаггүй ажээ. Өөр солих кимоно байдаггүй, эрж явах цаг ч бас байсангүй ээ, яг тэр үед. Ингээд хэний ч билээ өөр нэг гадны жүдочны томдсон кимоног гуйж өмсөөд л татами дээр гарсан. Жүдод өөртөө таараагүй томдсон өмсгөл өмсөнө гэдэг үндэсний бөхийн одоогийн барьц сонгуулахтай л адил юм билээ. Өрсөлдөгч нь түүнээс хүссэнээрээ л барьц аваад төвөггүй цэвэр ялчихсан юм даг. Болдоод ялагдсан Америкийн Ж.Педро хүрэл медаль хүртэх үед ёстой л юманд аз од, хувь тохиол гэж байдаг юм байна даа гэж бодогдсон.

Энд бас чөлөөт бөхийн дэвжээн дээр эх орноо төлөөлөөд Ц.Цогтбаяр, Л.Сэргэлэнбаатар, Д.Сумьяабазар, Б.Гантогтох нар маань барилдсан. Цогоо 12 кг хасаж байж жиндээ орсон юм. Жин их хасахад хамаг бие нь халуунаар шатаад амь тэмцдэг гэж ярьдаг л даа. Тэгээд л Цогоо зүүдэндээ коридорт байсан хэдэн ч литрын билээ томоо цэвэр усны савыг тэврээд явж байсан байх л даа. Цогоо маань алиа , цэцэн цэлмэг үгтэй. Автобусанд явж байгаад урдаа суусан хөнгөний Даваажаргал, боксын Даваацэрэн нарт л шууд шүлэг зохиочихож байгаа юм. Тэр шүлэг нь “Манай Даваанууд” гэсэн нэртэй бөгөөд:

“ Манай хоёр Даваагийн бие нь туранхай ч сэтгэлээрээ тарган

   Манай хоёр Даваагийн зүс нь шар, хар ч сэтгэл нь цагаан...” гэсэн байсан санагдана. Цогоо тэр үед дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн, өөрөөр хэлбэл гавьяатын “болзолоо” биелүүлсэн ч гавьяатаа аваагүй байсан юм. Тэгээд ямар сайндаа  “Монгол Улс надад гавьяат цол өгөх хайран санагдаад байгаа бол дэд гавьяат цол гаргаад өгчихөж болдоггүй юм байх даа” гэж тоглоом, шоглоомоор хэлж байхав дээ.

Чөлөөтийнхнөөс манай Сээгий бас л медальд хүрэх бололцоотой байсан. Эхний тойрогт Канадыг ялаад дараа нь БНСУ-ын бөхөд оноогоор яладгсан юм. Гэхдээ Сээгийгийн хоёр оноог дэвжээний шүүгч   өгөөгүй юм. Барилдаан дуусмагц манайхан бүгд протест бичих нь зөв гэлцээд бичлэгээ дахин хараад МҮОХ-ны дэд ерөнхийлөгч С.Жамц гуай энэ протестийг өргөн барьсан. Харамсалтай нь шүүгчийн зөвлөл манай бөхийн оноог бас л тооцоогүй билээ. Хэрэв Сээгий маань ялсан бол зоны аваргын төлөө буюу мөнгөн медалийн төлөө Ардчилсан Солонгостой барилдах байсан юм аа. Хүнд жинд манай хоёр залуу заан Сумьяа, Гантогтох нар маань барилдсан. Тэдэнд их итгэл хүлээлгэж байсан ч тааруухан барилдсан юм. ОТО буюу Олимпийн хорооны Ж.Отгонцагаан маань тэднийг “ Та хоёр улсын заан гээд л байдаг. Тэгэхэд Словакын сумын начин ч цолгүй бөхөд л ялагдчихлаа ш тээ” гээд зэмлэж, загнаж байж билээ. Чөлөөтийн нөөц тамирчнаар явсан О.Пүрэвбаатар гээд жаахан бор хүү тэр үед бичлэг хийгээд л гүйж явсансан. Хожим нь дэлхийд хоёронтоо үзүүрлэж, дэлхийн шилдгүүдийн тоонд орох гараа нь бас тэндээс эхэлсэн байж болох юм даа. Энд бас Аугаа Александр Карелин олимпийн гурав дахь алтаа зүүж, Арсен Фазаев Сирийн бөхөд шидүүлж, Адуучийн Басхүү алтан медалийн төлөө Аббас Жадиди-Курт Энгл нарын гал гарам тулааныг шүүж байсан билээ. Болгарын Валентин Йорданов, Оросын Буйвасар Сайтиев нарын барилдааныг ч мартаж яаж болох. Бас Баагий (С.Батбаатар буюу “Алтан” олимпийн бас сурвалжлагч)-тай холбогдох нэг түүх санагдлаа. Мань хүн “Атланта-96” олимпийн бүх л видео бичлэгийг хийж, нэг ёсондоо зураглаачийн үүрэг гүйцэтгэж, Монгол түмэндээ толилуулсан юм. Чөлөөт бөхийн шигшээ барилдааны үеэр бид хоёр дэвжээнд тун ойрхон бичлэг хийж суусан юм. 68 кг-ийн жинд олимпийн аварга болсон ОХУ-ын бөх Вадим Богиев барилдаан дуусмагц дэвжээндээ мөргөн уйлаад, “борцовкоо” тайлаад шидчихлээ шүү. Бодвол зодог тайлж буй бололтой юм. Өнөөх шидсэн “борцовка” нь Баагий бид хоёрын хажууханд унадаг юм. Бид хоёр ч алдарт бөхийн гутлыг авах уу, байх уу гээд л, авч болдог юм болов уу, “чи авчих, үгүй ээ чи авчих” гээд  бие бие рүүгээ чихэж зогстол хамгаалалтын албаны нэг хар хүүхэн “хамаад” явчихаж билээ. Үнэхээр харамсалтай, үнэлж баршгүй дурсгалыг айх, ичих хослоод авч чадаагүйдээ одоо ч харуусал төрж байна.

Мөн энэ аварга ордны хүндийг өргөлтийн зааланд бэлгэл хийж байгаад Ц.Хосбаяр маань хөлөндөө гэмтэл аваад туйванчдын тэмцээнд оролцож чадаагүй харамсалтай түүх бас бий. Хүндийг өргөлт гэснээс энд Найм Сулейманоглу гээд болгар гаралтай Туркийн хүндийг өргөгч олимпийн гурван алтан медаль хүртсэн анхны туйванч болж шуугиулж, МҮОХ-ны болон Хүндийг өргөлтийн холбооны “генсек”,  Б.Гансүх маань ОУХӨХ-ны алтан одонгоор энгэрээ мялааж байсан юм.

Ийм түүхийг өгүүлэх “Georgia World Congress Center” хэмээх аварга том цогцолбор өдгөө тэр хэвээрээ л байж байна лээ. Энэ цогцолбороос хэдхэн алхмын зайтай “Georgia Dome” , “Centennial Olympic Park” байдаг. “Georgia Dome”-д манайхан тоосоо өргөөгүй л дээ. Энд сагс , гимнастикийн тэмцээн болж байсан. Тэгэхэд л анх өнөө Америкийн сагсанбөмбөгийн шигшээ  “Мөрөөдлийн баг” гэдгийг чинь үзэж, Шакил ОНил, “Адмирал” Робинсон,С.Пиппен, Х.Олажьювон, Ч.Баркли, К.Мэлоун, Ж.Стоктон,Р.Миллер,А.Хардувэй, Г.Хилл, Г.Пэйтон нарыг “амьдаар нь” харж билээ. Өдгөө “Georgia Dome” маань америк хөлбөмбөгийн “Atlanta Falcons” багийн “гэр” болжээ. 70 мянган хүний суудалтай энэхүү ордон далайд хөвж яваа аварга том хөлөг онгоцыг санагдуулдаг юм.

Эндээс “Олимпийн парк”-таа хэдхэн минут алхаад хүрлээ. 1996 оны долдугаар сарын 27-нд энд террорист этгээд бөмбөг тавьснаас хоёр хүн амь насаа алдаж, цөөнгүй хүн шархдаж бэртсэн “хар түүх” өнөө хэр мартагдаагүй л байна. Энэ паркт олимпийн үеэр ёстой л түм түчигнэж, бум бужигнаж байж билээ. Манайхан ч бас энэ паркаар наашаа цаашаа бишгүйдээ л явдаг байсан даа. Энэ паркт байдаг  дэлхийд алдартай  олимпийн  “Таван цагариг” хэлбэртэй усан оргилуур, Орчин үеийн олимпийн хөдөлгөөний “загалмайлсан эцэг” Пьер де Кубертений хөшөө, тамирчид, олимпийн бамбарт зориулсан дурсгалын хөшөөн дээр дахин нэг очиж, ахин нэг “патиараа” татууллаа.

За тэгээд Атлантын нийтийн тээврийн сүлжээ “МАРТА”-даа суугаад “Олимпийн тосгон” байсан хойд зүгийг чиглэлээ. Энэ маршрутаар мөн ч олон удаа явсан даа. Ялгаатай нь тэр үед “Олимпийн мандат”-аа үзүүлээд л үнэгүй зорчдог байсан. Хотын төвөөс хойд зүгт орших Жоржиа мужийн Техникийн их сургуулийн хотхонд “Алтан олимп”-ийн тосгон байсан бүлгээ. Тэнд 197 орны 10000 гаруй тамирчид амьдарч байсан. “Атланта-96” олимпод оролцсон Монголын багаас ганцхан би л тээр хол , сэтгүүлчдийн байрлах буудалд цөлөгдсөн болохоор уралдаан, тэмцээний зав чөлөө бүрийд л “Олимпийн тосгон” руу харайлгадагсан. Сүүлдээ ч “Олимпийн тосгон”-д хамгаалалтыг нь аргалаад хоёр гурав хонож билээ. Олимпийн тосгоны амьдрал 24 цаг үргэлжилнэ, хөгжилтэй, хөгтэй зүйл их тохиолдоно оо.  Манайхны, манайхны ч гэж дээ олимпод оролцсон улс болгоны мэдэлд “Олимпийн тосгон” дотор ойр зуур хэрэглэ гэж гольфын жижиг машин хоёрыг өгсөн юм. Тэрийг нь унаад л тосгон дундуур давхиж өгнө дөө. Дарга цэрэггүй л бүгд энэ унаагаа унадагсан. Нэг удаа боксын тэмцээн болох гээд цаг нь дөхчихсөн, манай багт үйлчилдэг автомашин байдаггүй ээ. Багийн ахлагч С.Жамц гуай цухалдаж байна гэж жигтэйхэн. “Алив ерөөсөө энүүгээрээ л давхичихья” гээд өнөө гольфын тэргэнцэрдээ хажуудаа хөнгөний “Шар” Дорж агсанг  өөр хэний ч билээ хамт суулгаад гарч өгсөн юм даг. “Олимпийн тосгоноос” гараад, хотын хөдөлгөөнд оролцоод, гудамж талбайгаар сүнгэнүүлээд, тэмцээнээ үзчихээд ажигч үгүй эргээд өнөө гольфын машинаа унаад ирсэн. Харин буцаад  тосгон руу орох гэхэд нь хамгаалалтын албаныхан мэдээд сүйд майд болж байсан хөгжилтэй түүх бас бодогдоно.

Боксын тэмцээн “Олимпийн тосгоноос” нэг их холгүй “Alexander Coliseum”-д болсон. Манайхаас Ж.Наранцогт, Ц.Даваацэрэн, Т.Үйтүмэн нар оролцож монгол хөвгүүдийн эр зориг, хүч чадлыг харуулсан. Даавка хүрэл медалийн төлөө дэлхийн аварга Р.Малахбековт оноогоор дийлдсэн. Харин Үүеэ “нутгийн” боксчин Т.Каутенд ганц оноогоор (9:10) хожигдсон. Уг нь бол илт хожсон юм. Шүүгчид улаан цайм хоёр гурван оноог хий Америкийн боксчинд өгсөн дөө. Тоглолт дуусахад шүүгчийн шударга бус шийдвэрийг эсэргүүцсэн үзэгчид(америкчууд дийлэнх нь) шүгэлдэж, “Mongolia…Mongolia” хэмээн ордонг цуурайтуулан хашгиралдаж байсан нь одоо ч чихэнд сонсогдож байна. Олимпийн үеэр би ихэвчлэн “Моngolia” гэсэн бичигтэй “адидас” бэлтгэлийн хувцсаар гангардаг байлаа. Хэн ч сэтгүүлч гэж бодохгүй, ихэвчлэн олимпод орж байгаа тамирчин л гэж эндүүрнэ. Үүеэг луйвардуулдаг тэр өдөр ч бас бэлтгэлийнхээ хувцастай явсан юм. Тэмцээний дараа бүгд л намайг Монголыг боксчин гэж бодсон бололтой гар барьж баяр хүргээд “Уг нь танай боксчин хожсоон” гээд л хэлнэ. Орой нь сагсны тэмцээн үзчихээд буудал руугаа харихаар явж байлаа. Сагсны тэмцээн ихэвчлэн орой дуусна. Манай буудал хотын төвөөс нилээд захдуу болохоор бараг шөнө дунд өнгөрөөгөөд л харьдаг байсан юм. Метроны буудлаас зочид буудал хүрэх нэг “жимтэй”. Өөр мэдэхгүй газраар явбал төөрчихнө гээд тэр л “жимээрээ” явдаг байсан. Нэг уушийн жижигхээн газрын яг хажуугаар гарна. Тэр өдөр жаахан гутарсан, бухимдсан, сэтгэлээр унасан байсан тул ганц аяга шар айраг залгилаад унтая гэж бодоод өнөөх уушийн газар түр саатав. Нэг мэдсэн булиа гэгчийн шар залуу ирээд “Та өнөөдрийн тоглосон Монголын боксчин мөн үү? Гарын үсгээ өгөөч” гэх нь тэр. “Биш ээ биш” гэхэд “Биш байсанч хамаагүй ээ, танай боксчин сайн байсан. Таныг ч бас сайн тоглосон гэхэд эргэлзэхгүй байна. Гарын үсгээ өгөөч” гээд болдоггүй ээ. Боксчин гэж баттай итгэсэн бололтой. Аргагүй л байх даа, над шиг тамирчдынхаа хувцасыг өмсөөд гүйж явдаг сэтгүүлч гэж хаана байхав дээ. Сандарсандаа, тулгамдсандаа болсон уу, эсвэл “шаналгаанаас” салахыг бодсон уу гарын үсгээ зураад өгчихөв. Тэгтэл ч хэрэг бишэдлээ дээ. Нөгөөх чинь баахан хүмүүс дагуулж ирээд  “Энэ миний найз, олимпод оролцсон Монголын боксчин” гээд л авдаг байгаа. Би ч “би тамирчин биш ээ, сурвалжлагч” гээд гэнэт буцалтай биш, хэцүү юм болов. Нөгөөдүүлд чинь бүгдэд нь “мутраа” хайрлаж, “патиараа” татууллаа. “Ам алдвал барьж болдоггүй” гэгчээр сүүлдээ ч энэ чигээрээ дуусгая гээд “явж” өглөө дөө. Дүрдээ итгээд гарын үсгээ сурмаг гэгч зурж өгөөд л, зургаа авахуулахдаа боксчин шиг өрөлт авч зогсоод л...

“Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэгчээр” тэр үдэш Үүеэгийнхээ “ачаар” баахан үнэгүй шар айргаар дайлуулсан даа. Дараа нь орой явах болгонд нөгөө хэд чинь сууж байдаг, намайг хараад дуудаж дайлдаг “заншил” бий болов. Сүүлд нь “Цэнхэр гариг”-ийн Н.Тамир манай буудалд очиж хонохоор бид хоёр хамт бас нэг орой харьж явлаа. Өнөөх л жимээрээ, нөгөөх л уушийн газрын хажуугаар өнгөрч явтал “нутгийн индианууд” даллаж байна аа. Очлоо. Тамир бас л “Mongolia” гэсэн манай багийн олимпод өмссөн бэлтгэлийн хувцастай явсан юм. “Энэ юуны тамирчин юм бэ?” гээд л найзууд асууж байна. Өндөр туранхай, тэгээд нүдний шилтэй Тамирыг ямар боксчин гэлтэй биш. Гэнэт толгойд буудлагынх гэвэл болох байх гээд “ Shooting” гээд аваад хаялаа. Өнөө хэд ч сүйд болоод бас л гарын үсгийг нь аваад дайллаа. Нөгөөх чинь бас дүрдээ үнэмшиж байгаа бололтой. “Маргааш тэмцээнтэй “ гэх нь дуулдана. Би ч “тэмцээнээ дуусгачихсан тамирчин” болохоороо хоёр, гурван ч шар айраг ууж орхив. Гэтэл надтай анх танилцдаг шар “Танай найз чинь маргааш тэмцээнтэй  гэсэн. Хоёр пиво уучихлаа, зүгээр үү?” гэж байна. Нэгэнт эхэлсэн “үлгэрийг” гэнэт төгсгөж болдоггүй юм билээ. “Зүгээр ээ, ганц хоёр аяга пиво уухаараа тайвшраад бүүр сайн бууддаг гэсэн юм ойлгуулаад” л салахын түүс болсон. Түүнээс хойш харих “маршрут”-аа өөрчилж билээ.

Тамир гэснээс бас нэг инээдтэй түүх дэлгэе. “Алтан” олимпийн хэвлэл, мэдээллийн багт   “Таван цагариг” сонины эрхлэгч С.Батбаатар, мөн тус сонины зөвлөх,  МҮОХ-ны гадаад харилцааны референт байсан Ж.Отгонцагаан, Монгол ТВ-ийн спортын нэвтрүүлгийн редактор Н.Тамир нар багтаж байсан юм. ОТО Олон Улсын Олимпийн хорооны шугамаар, Баагий Монголын Олимпийн багийн пресс атташегаар, Тамир жуулчлалаар, би “Freedom Forum” сан, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны шугамаар  Атлантад хөл тавьсан. Одоо манай прессийнхэн “өнгөтэй” яваа. Батбаатар маань Монгол Улсын Засгийн Газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, ОТО маань МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Тамир маань “Одод” ТВ”ийн захирал болсон. Харин тэр үед бид нар сонирхогчийн зургийн аппараттай, нэг видео камертай, Тамир “Мобиком”-оос нээг их том, аймаар хүнд, үүрдэг, дайны үеийн холбоочид үүрээд явдаг даа, тийм  станцтай, тэрнийгээ өндөрдүү, ил газар тавьж байж л Монгол руу залгана, өнөөх нь шуугиад олигтой  дуулдахгүй. Баагий, ОТО  бид гурав  бичлэг хийхийн сацуу, мэдээ материалаа гараараа цаасан дээр бичиж байгаад факсаар л илгээнэ. Тэр үед интернэт, и-мэйл энэ тэр ч гэж байхгүй, эсвэл мэддэггүй байсан юм уу, ийм л “зэвсэгтэй” олимпийг сурвалжилж байжээ.

Буудлагаар бол “Тамираас гадна” До. Мөнхбаяр, О.Гүндэгмаа нар Атлантад цэц сорьсон. Гүндэгээгийн хувьд анхны олимп нь байсан. Тэрээр сайн ч буудсан. Олимпийн шагналт байр гэдэг бол хэр баргийн тамирчин үзүүлээд байдаг амжилт биш ээ. Харин Мөөгийг хэн хүнгүй л медаль авна гээд итгэчихсэн, бүүр медаль авна шүү гээд бараг “тулгачихсан” байсан юм даг. Тэр нь ч сэтгэл санаанд нь нөлөөлсөн үү хэт хичээгээд олигтой амжилт үзүүлж чадаагүй байх гэж боддог юм. Дасгалжуулагч нь (Атлантын олимпод Мөөгийг Уве Рийстерер гээд герман мэргэжилтэн дасгалжуулсан юм) хүртэл Мөнхбаярын өрөөний үүдэнд “чимээгүй амарч байна, орж болохгүй” гээд бичиг хүртэл наагаад, тусгаарлачихсан байсан юм даг. Уг нь баг хамт олонтойгоо шуугиад, бужигнаад, тэр их ачааллыг мартагнаж байгаад буудсан бол яах ч байсан юм гэж бодогддог л юм.

Манайхаас Атлантад дугуйны Д.Төмөр-Очир, байт харвааны Ж.Отгон нар оролцсон.

Мөн чөлөөтийнхнийг З.Ойдов, жүдочдыг  О.Балжинням, Б.Гансүх, боксдыг Д.Банди, Б.Ганбат, буучдыг Ц.Өлзийбаяр, байт харваачыг Н.Дариймаа нар “уяа сойлгыг” нь тааруулж, хүндийг өргөлтийн Ц.Хосбаярт Б.Гансүх, хөнгөнатлетикчдад Д.Дорж багш нар зааж зөвлөж байлаа.

Мөн эмч Ч.Насанбат, П.Бат-Очир нар маань тамирчидтайгаа хамт тэмцэж, уралдаж, “жингээ хасч”, орчуулагч охин Н.Мөнгөндолгион “хэл хөл” залгуулж байсан нь мартагдахгүй ээ. Удирдан чиглүүлэгч нь  Ш.Магван, “ШО”, “гүйцэтгэх албанд” С.Жамц , Ж.Отгонцагаан, Б.Гансүх, Д.Дорж нар ажиллаж байлаа. 

“Алтан” Атлантын олимпийн тухай дурсамжаа эргэн нэг сөхөж, “халуун ам бүлийнхээ” нөхдийг дахин нэг дурсахад таатай байна. Тэр цагаас хойш нэгэн үе өнгөрчээ. Богинохон ч юм шиг, урт ч юм шиг хугацаа л даа. Тэр багаас өдгөө Ш.Отгонбилэг, “Шар” хэмээн бидний авгайлдаг хөнгөний Дорж ах, жүдогийн “Буурал” Ганаа багш нар хорвоогийн мөнх бусыг үзжээ. Энд Америкт “Атланта-96” олимпийн багийн Л.Сэргэлэнбаатар(Вашингтон Ди Си), Ц.Даваацэрэн(Чикаго),Ж.Наранцогт(Бэй Аэриа) нар маань ажиллаж, амьдарч байна даа.

            Цаг мөч өнгөрөх тусам мартагддаг зүйл гэж байдаг. Бас улам тод санагдаж, байнга дурсагдаж сэтгэлд ойрхон байдаг зүйл ч бас бий. “Атланта-1996” анх сурвалжилсан олимп маань болохоор ч тэр үү, аль эсвэл “Алтан” олимп болохоороо ч тэр үү мэдэхгүй нэг л дотно байдаг юм. Атлантад дахин очоод ахин энэ тухай дурсахгүй байж чадсангүй ээ, “мөнгөн” дурсамжаа тэрлэлээ.

 

 

Ц.Энхтүвшин (“ТАВАН ЦАГАРИГ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч) . Атланта-Чикаго, 2008 оны нэгдүгээр сар.

 

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 12:25 | | уншсан: 735 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


сайн байцгаана уу
Бичсэн: Зочин (зочин) цаг: 09:56, 2008-12-05 | Холбоос | |


2005 онд шатрын тухай Австралийн сонинд монголын шатарчин 11-8,5 оноо авч байсан тухай бичсэнийг уншаад сэтгэл их хөдлөлөө.
Энэ бол аль эрт 1999 оы Австралийн нээлттэй тэмцээнд монголоос анх шатрыг том
гарцын нээж байсан үнэн түүх билээ.Энэ тэмцээнд тоглосноос хойш одоо 10 жил өнгөрчээ.
Бичсэн: YUMJAV.TAIVANBAATAR (зочин) цаг: 00:14, 2008-11-13 | Холбоос | |


Таиванбаатарт
тайван аа
би яг онцолж дэмждэг байхгуй ээ.гэхдээ Айверсон,КиДД болон хардаг хумуус бий. баг гэвэл Уорриорз,Буллз.Энэ хотуудад амьдардаг болохоор.Чи и мэйл хаягаа улдээвэл би Пежа Стояковичийн тухай юм олвол явуулая
Бичсэн: tavantsagarigusa цаг: 10:44, 2008-02-13 | Холбоос | |


Sain bna uu ?
applause Tanii bichleguud nadad mash ih taalagdag tanid sar shiniin mend devshuuley end tsagaan sar saihan bolj bna a bi pejagiin ulaan fen ni lde ta nadad tuunii talaar onts sonirholtoi niitlel ilgeen uu udahgui buh oddiin toglolt boloh gej bna tereer ene jil 3 iin temtseen dahin orohoor bolson turuuleesei gej naidaj bna harin ta sagschidaas heniig demjdeg ve?
Бичсэн: taivanbaatar (зочин) цаг: 16:46, 2008-02-10 | Холбоос | |





:-)