2008-02-14
Хар Мэрүүд “үе залгалжилсан” халуун хот-АТЛАНТА

Хар Мэрүүд “үе залгалжилсан” халуун хот-АТЛАНТА

 

“Америкаар аялахуй” энэ удаа Америкийн өмнөд мужуудын нэг Жоржиагийн нийслэл Атлантад Таныг хөтлөн аваачиж байна.

Үзэх харах зүйлээр чамгүй их, өгүүлэх дурсамж зөндөө үлдэх Атлантад боломж гарвал заавал очоорой гэж зөвлөе. Зундаа аагим халуу шатаж байдгаас Атлантаг заримдаа “Hotlanta” хэмээх хоч нэрээр нь хэлэх ч бий. Ер нь тавдугаар сараас есдүгээр сарыг дуустал дундаж температур нь фаренгейтээр бол +90 орчим, цельсээр бол +30 гаран градусаас буудаггүй ажээ. Тэгэхээр 10-11, эсвэл 3-5 дугаар сард очвол хамгийн тохиромжтой байх. Өмнө нь долдугаар сард очоод халууныг нь гайхаад буцаж байсан, саяхан нэгдүгээр сард очиход сайхан, манайхаар бол нэг хавар намрын дулаахан өдөр шиг л байна лээ.

Эндхийн нисэх онгоцны буудал дэлхийн хамгийн “busy”-д тооцогддог юм. Албан ёсны нэрээрээ бол  Хартсфильд-Жэксоны олон улсын нисэх онгоцны буудал гэдэг бөгөөд нийтдээ зорчих зорчигчдын тоо, мөн нислэг үйлдэх чиглэлийн тоогоор нь хамгийн “завгүй” буудал хэмээн тодорхойлдог гэсэн.

Жилдээ 84 сая гаруй зорчигч дамжин өнгөрч, 976 мянган нислэг үйлдэгдэж, эндээс дэлхийн 45 орны 72 хот руу шууд нислэг хийгддэг гээд бодохоор бас л нүсэр байгаа биз. Зөвхөн онгоцонд зорчигчдыг суулгах хаалганы (Gate) тоо нь л гэхэд 180 гэсэн шүү.

Нисэх онгоцны буудлаас метрогоор шууд хотын төв рүү орчихож болно. “МАРТА” хэмээх эдний нийтийн тээврийн сүлжээ нь Америктаа эхний аравт багтдаг. Энэ сүлжээнд нь метро, троллейбус, автобус, трамвай аль аль нь багтана. Тэгэхээр та “унах морины” хувьд нэг их санаа зоволтгүй ээ. Сан-Франциско шиг бараг л гудамж болгоноор нь нийтийн тээвэр хөлхөхгүй ч хөл дүүжлээд хүрэх газраа хүрчихэж болно.

Атланта хотын үүх, түүх тийм ч эртний биш ээ. Түүхийн шарласан хуудсыг эргүүлж эрж хайгаад ч байх зүйл байхгүй. Ердөө л 1830-аад оноос энэ хотын намтар цадиг эхэлдэг бөгөөд анхандаа төмөр замын жижиг өртөө, шатахуун түгээгүүрийн хэдэн байшингаас л Атланта үүсч хөгжжээ. Гэвч дөнгөж өсч өндийж байсан хотыг 1864 оны Иргэний дайны сүүдэр дайрч хот тэр чигтээ галд автан “үнсэн товрог” болсон гэнэ. Энэ тухай Маргарет Митчеллийн “Салхинд туугдагсад” алдарт роман, мөн ийм нэртэй кинонд ёстой л нүдэнд харагдтал, чихэнд сонсогдтол гардаг ажгуу. Иргэний дайны дараа Атланта цэцэглэн хөгжиж, дэвжсээр өнөө хүрчээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Атланта хот АНУ-ын зүүн өмнөд мужуудын цэргүүдийг фронт руу дамжин өнгөрүүлэх гол төв болж байсан гэнэ. Мөн 1960-аад оны үед Атланта нь Америкийн Иргэний эрхийн төлөө тэмцлийн төв болж байж. Арьс өнгөөр ялгаварлан үзэхийн эсрэг цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг энэ хотод удаа дараа жагсаал зохион байгуулж байсан нь Атлантын түүхийн нэг тодотгол юм.

Гэвч дэлхий дахинд Атланта хотын нэрийг алдаршуулж, түүхэнд хамгийн тодоор бичигдсэн үйл явдал нь 1996 оны Зуны олимп. “Алтан” хэмээн нэрлэгддэг энэ олимп зөвхөн Атланта хотынхны төдийгүй сая сая хүмүүсийн сэтгэл зүрхэнд тодоор дуурсагддаг билээ.

Атланта хотын хүн амын дийлэнх хувийг афро-америкчууд эзэлнэ. Ер нь харууд энэ хотод их хүчтэй. Ямар сайндаа л 1973 оноос хойш Атланта хотын Мэр буюу хотын захирагчаар дандаа хар арьстан сонгогдсон байх вэ дээ. Энэ хотын уугуул иргэд өөрсдийгөө  Атлатанс гэх юм билээ.

За ингээд энэ хотын үүх түүхийг “товчлоод” үзэх харах юм руугаа анхаарлаа хандуулья. Атлантад үзэх юм зөндөө. Үзэхэд ч амархан, хоорондоо их ойрхон, хаяа бөөрөө нийлээд л оршино. Явган тойроод л үзэх гол юмнуудаа үзчих боломжтой.

Эхлээд дэлхийн мэдээллийн “асс”  CNN-ийн төв байраар ороорой. Хэдийгээр 1980 оноос л түүх нь эхэлсэн ч өнөөдөр CNN-ий мэдээг үзээгүй, нэрийг нь мэдэхгүй хүн, CNN-ий хүрээгүй газар, сурвалжлага хийгээгүй “халуун цэг” гэж ховор биз ээ.

Inside CNN” гээд жирийн хүмүүс, жуулчдад Си Эн Эн гэж юу байдгийг нүдээр харах боломж олгодог тур байдаг юм . Талархлын баяр, Христмасаас бусад бусад бүх өдөр өглөөний 9 цагаас оройн 17 цаг хүртэл ажилладаг бөгөөд тасалбар нь 12 доллар. Таныг хөтөч дагуулан 55 минутын турш  Си Эн Эн хэрхэн ажилладаг, мэдээ хэрхэн бүтдэг талаар “өнгөтөөр” ярьж, “амьдаар” нь үзүүлнэ дээ. Аялал тань аварга том  бөмбөрцөг рүү дэлхийн хамгийн томд ордог “урсдаг шат” буюу world’s largest freestanding escalator –оор дээш орсноор эхэлнэ. Өөрийн багийнхнаа энэ бөмбөрцөг дотор хүлээх зуур шилэн хананд байрлуулсан дэлгэцээр Си Эн Эн –ий он дарааллын хуудсыг сонирхож болох юм. 1980 оноос буюу Си Эн Эн “хөшгөө” нээснээс хойших дэлхий дахины бүхий л томоохон үйл явдлын тухай дүрстэй мэдээг энд үзэж болно. Жишээ нь 1980 он гэсэн цэс рүү ороход л  домогт “Битлз”-ийн Жон Ленноны бусдад буудуулж амь үрэгдсэн , Москвагийн олимп, 2001 он дээр “дарахад” хоёр өндрийг мөргөж буй мэдээ гараад ирэх. Ёстой л түүхийн баримт гэдэг ийм байдаг байх даа.

За тэгээд мэдээний өрөөгөөр орж, “зурагтаар” мэдээг уншдаг дикторуудын “нууц”, цаг агаарын мэдээ яригчдын будилвал хэрэглэдэг заль мэх гээд олон л нарийн ширийн юмыг мэдэж авна. Энэ бүхнийг үзээд явж байхад шилэн хоргоны цаана Си Эн Эн-ийн ажил буцалж байхыг бас харнаа.

Харин Си Эн Эн-ий байраар ингэж зугаалахад фото аппарат, видео камер авч орохыг зөвшөөрдөггүй юм билээ. Ажлаа хийж буй хүмүүсийг гэрэл гялбаа болоод үймүүлнэ гэж үздэг юм уу аль эсвэл аюулгүй байдлын талын юм байдаг юм уу бүү мэд ээ. Гэхдээ Си Эн Эн-д зочилсны баримт үлдэхгүй нь гэж санаа зовсны хэрэггүй ээ. Хэрэв хүсвэл мэдээний өрөөнд яг л мэдээ уншиж, эфирт гарч байгаа мэтээр зургийг тань аваад, гарахад чинь угаагаад бэлэн болгочихсон байдаг үйлчилгээ бас байнаа. Харин хоёр ширхэг том, мөнгөний хэтэвчинд багтах хэмжээтэй зургаан ширхэг зурагаа авахдаа 20 доллар төлөхөөс татгалзахгүй бол шүү дээ. Бас нэг мэдмээр юм нь, мэдэхгүй нэгэндээ хэлмээр юм нь Си Эн Эн-ийг үзэхдээ албаны хувцастай, болж өгвөл “гонжоом, зангиатай” очвол  тэр эфирт гарч буй мэтээр “патиараа” татуулахад их зүгээр юм билээ шүү! Би ч тэр өдөр хоккей үзэх гээд Канадын шигшээгийн хувцсыг өмсчихсөн явсан болохоор Си Эн Эн-ий мэдээний ширээний ард сууж “эфирт гарахад” жаахан зохимжгүй л байсан. Гэхдээ дурсгал юм чинь одоо яая гэх вэ хоккейн хувцастайгаа л зургаа авахуулж орхисон. “Патиар” дарж буй нөхөр “Энэ хүн спортын мэдээ уншиж байгаа юм” гээд л авч байна лээ.

Бүтэн цаг шахуу ийнхүү “Си Эн Эн” –ий дотуур сэлгүүцэж, үзэж харж явсаар аялал дуусна. Гарахдаа хүссэн ч , эс хүссэн ч дурсгалын дэлгүүрээр ороод гарах “маршруттай”. За тэгээд нэгэнт Си Эн Эн гэж аугаа юманд ороод, үзээд гарч буй болохоор заавал ч үгүй нэг юм, бүүр нэгээр ч тогтохгүй юм авмаар санагдах юм билээ.

Энэ Си Эн Эн-ий байрнаасаа гаралгүй “Philips Arena” гээд спортын ордон руу орчихож болно. NBA-ийн “Атланта хоукс”, NHL-ийн “Атланта трэшерз” багуудын тоглолтоо хийдэг ордон л доо. Энэ жилээс бас WNBA-д бүл нэмж буй “Атланта дриймз” баг бас энэ ордонд тоглолтоо хийх юм гэсэн. 1996 оны Атлантын Олимпийн волейболын тэмцээн энд болж байсан билээ. Тэр үед “The OMNI” нэртэй байсан юм. За тэгээд CNN-ий төв байрнаас гараад ганцхан зам хөндлөн гэтлээд л “Centennial Olympic Park” руу орж явчихна. Орчин үеийн олимпийн хөдөлгөөний 100 жилийн ойтой “Атланта-96” олимп давхацсан тул “Алтан олимп”, “Centennial Olympic Games” хэмээн нэрлэсэн хэрэг. Энэ паркт Олимпийн “ТАВАН ЦАГАРИГ” хэлбэртэй үнэхээр гоё усан оргилуур байдаг юм. Халуун дулаан өдөр энд ёстой л түм түжигнэж бум бужигнаж байдаг билээ. Бас Орчин үеийн олимпийн хөдөлгөөний “Загалмайлсан эцэг”  Пьер де Кубертины хөшөө  бий.  “Спортын булчирхайтай” хүн бол зургаа татуулах л газрын нэг. Яг энэ паркт Атлантын олимпийн үеэр нэгэн нөхөр тэсрэх бөмбөг тавьж, хоёр хүний амь үрэгдэж, нижгээд хүн шархдаж бэртэж байсан “хар түүх” байдаг юм.  Тэр үед цэцэг, далбаа, эмгэнэлийн үгсээр дүүрэн байсан бол өнөөдөр юу ч болж байгаагүй мэт нам жим ээ.

“Олимпийн паркаар” жаал зугаалж, авсан бол хойхно талд нь хаяа дэрлэн орших “Georgia aquarium”, “World of Coca Cola” орьё. Энэ хоёр хоёулаа шинээр баригдсан юм билээ. “Кока Кола”-гийн музей уг нь хотын төвөөс зүүн зүгт байсан бөгөөд  өнгөрсөн жил энд нүүгээд ирсэн гэнэ. Харин аквариум бол гурван жилийн өмнө нээгджээ.

Georgia aquarium” нь дэлхийн хамгийн том аквариум гэнээ. “Home Depot” гээд барилгын болон гэр ахуйн аварга том сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч Бернард Маркус гэгч баян эр Монтеррей Бэй аквариумд 60 насныхаа ойн зоог барьж суухдаа дэлхийд хамгийн том аквариум барих санаа төрсөн ажээ. Энэ бол өдгөөгөөс 18 жилийн өмнөх явдал гэнэ.  Бернард болон түүний эхнэр Билли нар 13 орны 57 аквариумд зочилж “туршлага судалсны” дараа л “Georgia aquarium”-ийг ямар дизайнтай, ямар бүтэцтэй байхыг шийдсэн байна. Ингээд 250 сая долларын хөрөнгийг оруулжээ.

2005 оны арваннэгдүгээр сард “Georgia Aquarium” нээлтээ хийсэн бөгөөд ердөө 98-хан хоногийн дараа 1 000 000 дахь үзэгчээ хүлээн авчээ. Өнгөрсөн оны тавдугаар сар гэхэд дэлхийн хамгийн том аквариумыг 5 сая хүн хэдийнээ үзээд амжжээ.

Georgia Aquarium”-ийг үзэхэд том хүн 26 доллар төлдөг юм билээ. Зургийн аппарат, видео камер авч ороход  ямар ч асуудал байхгүй. Ханатлаа зургаа даруулж, бичлэг хийж болно гэсэн үг. Фото аппаратаа мартсан, эсвэл байхгүй байсан ч санаа зовох хэрэггүй ээ. Тусгай зурагчин ороход чинь зургийг тань аваад гарахад чинь 20 доллараар мэргэжлийн түвшинд авсан “патиар” чинь бэлэн байх болно. Ар талд чинь аварга загас, далайн амьтад дурайж бйах болно.

Энэ аквариумд нийтдээ 30,6 сая литр далайн болон цэнгэг устай бөгөөд 100 000-120 000 орчим, 500 гаран төрөл, зүйл ангийн амьтан байдаг гэнэ. Аварга том энэ айлын “өрхийн тэргүүн” нь, нэг ёсны нүүр царай , бахархал нь Whale shark, Beluga Whale юм билээ. Тус бүр дөрөв харагдана лээ. Эхнийх нь аварга загасны нэг төрөл. Энэ аварга амьтан халим болон аварга загасны аль аль шинжийг авсан болохоор ийм нэртэй болсон байхаа. Урт нь аквариумд байгаа нь 4-5 метр орчим , далайд бол 20 хүртэл метр урттай нь ч байдаг гэсэн. Хоёр дахь нь хойд мөсөн далайн орчмоор амьдардаг нэгэн зүйлийн халим. Цагаан халим ч гэж нэрлэдэг  юм билээ. Бас л 5 метр орчим хүрдэг, 1300 кг жинтэй гэж байна лээ.

Мөн “Hammerhead shark” буюу алхан толгойтой аварга загасны нэг төрөл их сонин содон харагдсан. За тэгээд далайн олон мянган амьтныг энд харж болноо. Далайн морь, далайн од, далайн арслан, оцон шувуу, халиу, минж гээд алийг хэлж барах вэ. “Капитон Немо”-гийн “Наутилус”-ийн цонхоор л харж яваа мэт бодож, төсөөлж явлаа. Үнэхээр гоё гэдгийг нь үзсэн хүн л мэднэ үү гэхээс үгээр хэлэх аргагүй юм даа.

Эндээс гараад л  зүүн гар талд чинь саахалт ч хүрэхгүй газар “World of Coca Cola” хүлээж байна. Дэлхийд хамгийн алдартай сэрүүн ундааны музей шинэ “гэртээ” ороод удаагүй байгаа юм байна. Өмнө нь үзэж байсан эндээс хэдхээн милийн цаана байрлах  хуучин музейгээс хавьгүй том юмаа. Их ч өөрчлөгдөж, шинэчлэгдсэн аж. “Кока Кола”-ийн ертөнцөөр зорчих тасалбарын үнэ нь 15 доллар. Жилийн 362 хоногт нь (Easter , Thanksgiving, Christmas-аар амардаг) үүд хаалга нь нээлттэй, “Манайд ирээрэй!” гээд байж байдаг гэнэ. Жилдээ 1,2-1,5 сая хүн үздэг юм байна.

Уг нь 19 дүгээр зуунд Жон Пэмбертон гэгч эм зүйч нөхөр толгойны өвчин намдаах эм гаргаж авахаар оролдож байгаад жорыг нь гаргасан гэгдэх “Кока кола” сэрүүн ундаа дэлхийн 200 гаран оронд худалдаалагддаг “Аугаа том гүрэн” гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Гэхдээ л энэ музейг үзэж байж л уг алдарт ундаа хэрхэн яаж бүтдэг, ямар үүх, түүхийг туулж ирснийг мэдэж, хэрхэн үйлдвэрлэж, савлаж буйг харж, хэдэн төрлийн ямар амттай бүтээгдэхүүн  байдгийг амталж болох ажээ. Нэг үгээр хэлбэл уг компанийн, “Кока Кола”-ийн өчигдөр, өнөөдөр, маргаашийг нэгэн зэрэг үзэх бололцоотой юм.

Энд нэг сонирхолтой зүйл нь  Coca Cola World Connection” хэмээх танхимын хананд дэлхийн орон , орны үндэстэн ястны төлөөлөгчдийн зургийг байрлуулжээ. Зургийн хажууд утас байрлуулсан бөгөөд харилцуурыг авмагц “Кока кола” энэ хүний амьдралд хэрхэн тус болсон тухай өгүүлэх аж. Хамгийн эхэнд шахуу монгол үндэсний хувцастай хоёр хүүхэд нэг эрэгтэй хүний зураг байна. Жинхэнэ халх хувцас ч бас биш юм аа. Үзэмчин захчин юм уу гэхээр. Харилцуурыг аваад чагнавал өнөөх эр Өвөр Монголын нэгэн аймгийн дунд сургуулийн багш бөгөөд өнөөх охин хүү хоёрыг Санаа, Мандаа гэх агаад  шавь нар нь гэнэ. Энэ сургууль “Кока Кола” –ийн ивээн тэтгэлээр баригдсан бөгөөд тэд ийнхүү уг компанид баярлаж, талархсанаа “хэлж зогсоо нь” тэр юм байж. Ямартаа  ч нэгэн монгол төлөөлөгч маань алдартай компанийн үүдэнд заларч байгаа нь сайхан санагдсан шүү.

4-D хэмээх технологоор бүтэгдсэн кино зааланд “Кола” ундааг яаж хийдгийг харуулсан хөөрхөн кино их сонирхолтой. Жавар сэнгэнэж, ус дуслахыг та биеэрээ мэдрэнэ ээ. 

За тэгээд хүмүүс хамгийн их саатдаг, бас гэдсээ цүрийтэл ундаа уух газар бол “Амтлах заал”. Энд тус компанийн үйлдвэрлэдэг ундаануудыг бүгдийг нь ямар ч хэмжээгээр ууж болно.  “Гүүтэй айлын гүзээтэй хүү”  юм чинь нилээд явуулах байх гэсэн чинь  хамар цоргиулсан гаазтай хүйтэн ундаа чинь ордоггүй эд байна лээ шүү. Хэдэн хэдэн төрлөөс амссанаас цааш хэтэрсэнгүй ээ.

Хэдийгээр “Кока Кола”-ийн бүх юм үзэгчдийн өмнө нээлттэй, ил  боловч  ганцхан л “нууц” байдаг юм билээ. Өнөө хүртэл “Кока Кола”-ийн найрлагын нууц өөр бусдад задлагдаагүй байдаг юм гэсэн.

За ингээд сэрүүн ундааны “хаан”-тай танилцаад гарахад чинь нэг шил “ганзай” (архи биш шүү, “сооса соолаа”) өгөөд явуулна даа. Гэхдээ бүүр шилтэй, жинхэнэ “ориг” амттайгаас нь.

Атлантад гол үзэх юм гэвэл дээр дурьдсан газрууд. Бас “Алтан” олимпийн нээлт, хаалт болсон  тухайн үед “Centennial Olympic stadium” нэртэй байсан, одоо бол “Turner Field” гээд нэрээ өөрчлөөд, багтаамжаа ч багасгаад бэйсболынх болчихсон  цэнгэлдэх хүрээлэн, нэрт бэйсболч Хэнк Аароны 755 дахь хөүм ранаа хийсэн газар, түүний хөшөө, хүн бүхний мэдэх “Home Depot”, “UPS” компанийн төв байрууд, баруун зүгт 20 дугаар замаар хэдхэн миль давхиад хүрчих, Америкийн хоёр дахь “Six Flags” парк, Атлантын амьтны хүрээлэн, хөвгүүдийн найрал дууны хамтлаг, хөгжмийн оркестр гээд зөндөө, зөндөө. Хүн хүний хүсэл сонирхол өөр өөр болохоор алийг нь үзнэ, өөрсдөө л мэдэх хэрэг. Харин Атланта бол энэ бүгдийг цогцлуулсан хот шүү гэдгийг эцэст нь дахин хэлье дээ.

 

“ТАВАН ЦАГАРИГ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

 

 

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 11:56 | | уншсан: 1007 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking кока кола муу not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking not talking
кока кола муу rolling eyes rolling eyes rolling eyes rolling eyes rolling eyes rolling eyes rolling eyes rolling eyes rolling eyes rolling eyes rolling eyes rolling eyes rolling eyes rolling eyes rolling eyes rolling eyes rolling eyes rolling eyes
кока кола муу dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone dont tell anyone
Бичсэн: хүн (зочин) цаг: 21:42, 2010-09-15 | Холбоос | |


үнэхээр сайхан бичсэн байна
сайхан бичсэн байна завтай бол узэх юмсан
Бичсэн: lucky (зочин) цаг: 01:14, 2008-02-15 | Холбоос | |


Сайхан юм аа хө. Хэсэгтээ л Монголоос гарчлаа шуу. Нээрээ л ийм сайхан юмсыг угээр илэрхийлэх амаргуй дээ. Дараагийн бичлэгийг чинь хулээж байна шуу. Зурагнууд бас гоё байсан.
Бичсэн: Туяа цаг: 17:02, 2008-02-14 | Холбоос | |





:-)