- “G-Mobile” Таныг “South Africa-2010” руу хөтөлнө-
“South Africa-2010” эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Хөлбөмбөгийн хорхойтнууд, хөгжөөн дэмжигчдийн болон уншигч авхай Та бүхэндээ “Таван цагариг” сонин, “Таван цагариг-Америкт” сэтгүүл(www.argamag.com/sport ), “Аргамаг инк”, “Замдаан” сэтгүүл(www.zamdaan.com ), “Даяар Монгол” сонин(www.dayarmongol.com ), “Мэдээлэл”(www.medeelel.com ), “Орлоо” (www.orloo.com) вэб сайтууд хамтран “ World Cup 2010” буланг нээж байна.
Манай булангийн мэдээллийн спонсор нь “G-MOBILE” корпораци. (www.g-mobile.mn). Үндэсний маань шилдэг компанийн нэг G Mobile гадаадад амьдардаг монголчууддаа зориулан олон арван сэтгэлд шингэсэн үйлчилгээ явуулдгыг бид мэднэ. Тэгвэл энэ удаа хөлбөмбөгийн хорхойтнуудаа “Жи Мобайл” маань Африкийн сафари хөтөч нь болно.
“World Cup 2010” булан маань ДАШТ-ий үүх, түүхийг танилцуулж эхэллээ.
Ла-Платын эрэг дээрх уругвайчуудын ялалт
“Уругвай-30” тооны хэлээр:
ХУГАЦАА: 1930 оны долдугаар сарын 13-30
ОРОЛЦСОН БАГ: 13 (Өмнөд Америкаас долоо, Европоос дөрөв, Хойд Америкаас хоёр)
ТОГЛОЛТ: 18
ГООЛ: 70 (нэг тоглолтод дунджаар 3.89)
ХОТУУД: 1 (Монтевидео)
ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН: 3 (Сентанарио, Парк Сентраль, Поситос)
ҮЗЭГЧ: 629 300
МЭРГЭН БУУЧ: Гильермо Стабиле (Аргентин) – 8 гоол
11 МЕТРИЙН ЦОХИЛТ: 4 (үүнээс нэг нь л амжилттай болсон)
АВТОГООЛ: 1
УЛААН ХУУДАС: 1
ХАМГИЙН ОЛОН ГООЛ ОРСОН ТОГЛОЛТ: 6:3
ХАМГИЙН ОЛОН БӨМБӨГНИЙ ЗӨРҮҮГЭЭР ЯЛСАН ТОГЛОЛТ: 6:1
Сонирхолтой баримтууд:
-Дэлхийн цомын тэмцээний анхны гоолыг 1930 оны долдугаар сарын 13-ны 15.20 цагт Францын шигшээ багийн довтлогч Люсьен Лоран хийжээ.
-АНУ-ын шигшээ баг тулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ч зүтгэсээр их шөвөгт шалгарсан түүхтэй.
-ДАШТ-ий түүхэнд улаан хуудас авсан анхны хөлбөмбөгч бол Перугийн Галиндо. Тэрбээр Румыний тоглогчтой талбай дээр зодолдсоныхоо төлөө талбайгаас хөөгдсөн аж. Хэдий тийм ч өмнөд америкчууд удаан хугацаанд хүн дутуу тоглосонгүй, Румыний нэгэн тоглогч хамраа хугалуулан талбайг орхисноор хоёр баг адилхан арван хүнтэй тоглолтыг дуусгажээ. Тухайн үед зөвхөн хаалгачийг л сольдог дүрэмтэй байсан тул гэмтсэн тоглогчтой багийн хохь болоод л өнгөрчээ.
-Дэлхийн аварга болсон Уругвайн бүрэлдэхүүнд Эктор Кастро хэмээх ганц гартай довтлогч байсан бөгөөд тэрбээр аваргын төлөө тоглолтод сүүлчийн гоолыг оруулжээ.
-Тус тэмцээний бүх тоглолтууд ганцхан хот (Уругвайн нийслэл Монтевидео)-д явагдсанаараа онцлогтой.
-I хэсэгт учраа таарсан Аргентин-Мексикийн тоглолтын үеэр “цагаан-цэнхэрүүд” пенальти гүйцэтгэх эрх олж авчээ. Адольфо Сумельсийн цохисон бөмбөгийг Мексикийн хаалгач Бонфилья хааж чадсан бөгөөд нэмэхээр ирсэн довтлогчийн өөдөөс өшиглөн бүдүүлэг аашилсан байна. Шүүгч түүнийг талбайгаас хөөсөнгүй, харин ахиж 11 метрийн цохилт хийх шийдвэр гаргажээ.
-Америкийн довтлогч Бретт Пэйтноуд ДАШТ-ий анхны хет-трикийг хийсэн тоглогч хэмээн түүхэнд мөнхөрсөн юм. Түүний ачаар баг нь Парагвайг 3:0-ээр хожжээ. Зарим түүхчид эл тоглолтын нэг бөмбөгийг Парагвайн Аурелио Гонзалес өөрийнхөө хаалганд оруулсан гэж баталдаг ч FIFA үүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй аж.
-“Уругвай-30” нь хүрэл медалийн төлөөх тоглолт болоогүй цорын ганц World Cup. 1984 онд FIFA-гаас гаргасан нэгэн бюллетень дээр гуравдугаар байрын төлөө тоглолтод Югослав Сэм авгын хөлбөмбөгчдийг 3:1-ээр хожсон хэмээн бичсэн байдаг. Үнэн хэрэгтээ 1928 оны Амстердамын олимпод Югослав АНУ-ыг дээрх тоогоор хожиж байсан юм.
-Румыний шигшээг тус улсын хаан Карол дасгалжуулж байв. Тэрбээр ДАШТ эхлэхээс гурван сарын өмнө тоглогчдоо үндсэн ажлаас нь чөлөөлж, бэлтгэл хийлгэж байсан баримт бий.
-Румын-Перугийн тулааны 80 дахь минутад хаалагч Ласардо Нуэг Деметрио Нейрагаар сольсон нь анхны сэлгээ болжээ.
-Анхны ДАШТ-д оролцож явсан хөлбөмбөгчдөөс ганцхан Аргентиний Франсиско Антонио Варальо л амьд мэнд байна. Өдгөө 99 насыг зооглож буй тэрбээр ДАШТ-д оролцохын өмнө сонирхогчийн “Химнасиа” багт тоглодог байсан ба “Уругвай-30”-ын дараа мэргэжлийн хөлбөмбөгч болж, “Бока Хуниорс”-той гэрээ байгуулжээ.
Шилдэг довтлогч Гильермо Стабиле (Аргентин)
Анхдугаар тэмцээний шилдэг довтлогч Стабиле Аргентин-Мексикийн тоглолтын 8, 17, 80 дахь минутад гоол оруулан, ДАШТ-ий түүхэнд хет-трик хийсэн анхдагчдын нэг (Америкийн Пэйтноудын хамт) болсон юм. Тэрбээр 1906 оны нэгдүгээр сарын 17-нд Буэнос-Айрест төрсөн бөгөөд 1966 оны арванхоёрдугаар сарын 27-нд нас баржээ. Стабиле Уругвайн ДАШТ-д дөрвөн тоглолтод найман бөмбөг хийж, багаа финалд хүрэхэд гол үүргийг гүйцэтгэжээ. Тэмцээний дараа Италийн “Женоа” баг Гильермог төрөлх “Уракан” багаас нь тухайн үедээ санаанд багтамгүй их мөнгөөр худалдаж авсан гэдэг. Дараа нь тэрбээр “Serie-A”-гийн “Болонья”, “Наполи” багуудад тоглож байсан бөгөөд Францын “Red Star” клубт сүүлчийн тоглолтуудаа хийн, 1939-60 оны хооронд Аргентиний шигшээгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан баримт байдаг.
Анх XIX зууны төгсгөлөөр Англид үүссэн хөлбөмбөг хэмээх тоглоом богинохон хугацаанд олон оронд эрчимтэй түгэн дэлгэрсээр өнгөрсөн зууны 20-иод он гэхэд дэлхий нийтийн спорт болж чаджээ. Энэ ч утгаараа хаанахын хөлбөмбөгчид шилдэг нь вэ гэдэг маргааныг тайлах томоохон тэмцээн уралдаан зохиох зайлшгүй шаардлага гарч ирсэн юм. Хэдийгээр олимпийн наадмын хөтөлбөрт хөлбөмбөг багтдаг байсан ч Пьер де Кубертений “Түрүүлэхдээ бус оролцохдоо” хэмээх урианы дагуу сонирхогчид л өрсөлддөг байв.
Ингээд FIFA-гийн гурав дахь ерөнхийлөгч, Францын иргэн Жюль Римегийн санаачлагаар Дэлхийн цом булаалдах анхны тэмцээнийг зохиохоор шийдвэрлэж, 1929 онд Барселонад болсон конгрессоор Уругвайд энэ эрхийг өглөө. Тэдэнтэй Унгар, Итали, Швед, Голланд, Испани улсууд өрсөлдсөн ч Өмнөд Америкийн энэхүү жижигхэн орны тусгаар тогтнолынх нь 100 жилийн ой тохиож буйг харгалзан, 1924, 1928 оны олимпод түрүүлсэн амжилтыг гол болгосон юм. Тухайн жилүүдэд дэлхий дахиныг нөмөрсөн Их хямрал болж байсан ч үхрийн мах, ноос экспортолдог Уругвай эдийн засгийн хувьд харьцангуй боломжтой байлаа. Мөн тэд зочин багуудын замын зардлыг даахаа амлаж, ганцхан жилийн дотор “Estadio Centenario” хэмээх 90 мянган хүний багтаамжтай, орчин үеийн цэнгэлдэх хүрээлэнг ашиглалтад оруулахаа зарлан түүнийгээ ч ажил хэрэг болгож чадсан юм. Мэдээж энэ шийдвэр европчуудад таалагдсангүй. Тэр дундаа Английн хөлбөмбөгийн холбоо тус тэмцээнийг ДАШТ гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Европын ихэнх орнууд Атлантын далайг онгоцоор гэтлэх эрсдэлтэй аялалаас зайлсхийж, мэргэжлийн клубүүд нь тоглогчдоо урт хугацаагаар явуулахыг хүссэнгүй.
Тэмцээнийг санаачлагч Жюль Риме, түүний хамтрагч Анри Делон нар сандарч эхэлсэн боловч зарим холбоодыг ятгаж чаджээ. Ингээд Франц, Югослав, Румын, Бельгийн хөлбөмбөгчид ба FIFA-гийн удирдлага, шүүгч нарын суусан “Конте Верде” хөлөг онгоц их далайд найман хоног хөвсний эцэст 1930 оны долдугаар сарын 4-нд Монтевидеод зангуугаа хаялаа. Онгоцонд бразилчууд Рио-де-Жанейрогоос замдаа суусан тул хуваарьт хугацаанаасаа таван цагаар хоцорч иржээ. Зохион байгуулагчдаас гадна урилгаар ердөө 12 орон ирсэн тул FIFA багуудыг дөрвөн сагсанд хувааж, зөвхөн хэсгийн аваргууд л хагас шигшээд тоглох системийг ашиглахаар шийдэв.
ДАШТ-ий нээлтийн тоглолт орон нутгийн цагаар 13-ны 15.00-д Франц-Мексикийн тоглолтоор эхэлсэн бөгөөд анхны гоолыг 19 дэх минутад Францын Льюсен Лоран оруулжээ. Сонирхолтой нь энэ хөлбөмбөгч үүнээс хойш шигшээдээ ганц ч гоол хийгээгүй гэдэг. Энэ хэсэгт хамгийн олон буюу дөрвөн баг тойргийн журмаар тоглоход олимпийн мөнгөн медальт аргентинчууд бүх өрсөлдөгчөө хожин дараагийн шатанд шалгарсан аж. Тэдний гол өрсөлдөгч нь Чили байсан бөгөөд хэсгээс хэн нь гарахыг шийдвэрлэх тоглолтод “цагаан-цэнхэрүүд” 3:1-ээр ялсан юм. Бас Аргентин-Францын тоглолтыг онц сонирхолтой болсныг тэмдэглэх нь зүйтэй. Эл тулаанд аргентинчууд 80 дахь минутад Луис Монтигийн амжилттай гүйцэтгэсэн пенальтийн ачаар хожсон байна. Гоол алдсанаасаа хойш францчууд уулгалан дайрч, аюултай довтолгоо хэд хэдийг хийв. Энэ байдлаараа үргэлжилвэл тэд тун удахгүй тэнцээний бөмбөгийг хийх мэт. Гэтэл Бразилийн шүүгч Алмейда Рего цаг дуусахаас дөрвөн минутын өмнө шүглээ үлээх нь тэр. Аргентиний балиашгууд баярлан хөөрсөөр талбайд гарч ирцгээхэд Францын тоглогчид шүүгчийг бүчин авлаа. Талбайн шүүгч ч алдаа хийснээ ойлгож, цагдаа нарын тусламжтайгаар үзэгчдийг талбайгаас хөөж, аргентинчуудыг хувцас солих өрөөнөөс буцааж авчирсан боловч энэ хооронд францчуудын тоглолтын дайчин хэмнэл нь алдагдсан байлаа.
II хэсгээс хаалгач Милован Якшичийнхаа гайхамшигтай тоглолтын ачаар фаворит Бразилийг хожсон Югослав шалгарсан бол III хэсэгт талбайн эзэд хаалгандаа ганц ч гоол алдалгүй тэргүүллээ. Харин IV хэсгээс шотланд дасгалжуулагчтай Сэм ав-гын хөлбөмбөгчид шалгарах нь тэр. Техник муутай ч хүчний тоглолт сайтай биерхүү америкчууд Бельги, Парагвайг тус бүр 3:0-ээр хожсон байна. “Бөмбөгний хаалтууд” хэмээх хочтой болсон тэд хагас шигшээд Аргентинтай туллаа. 80 мянган хүн үзсэн уг тоглолтод Луис Монти ба түүний нөхөд өрсөлдөгчөө 6:1-ээр бутниргэсэн байна. Гэхдээ үүнийг ур чадварын зөрүү гэхээсээ америкчуудын бэртэл гэмтэлтэй холбон тайлбарлавал зохилтой. Хүнд хэцүү өрсөлдөөний эцэст тулсан 11-хэн тоглогчтой янкуудын хаалгач Жим Дуглас хүндээр бэртэж, төвийн хамгаалагч Рафаэль Трэси хөлөө хугалуулж, зүүн жигүүрийн хамгаалагч Энди нүүрээ өшиглүүлсэн байна.
Хагас шигшээгийн нөгөө хосын тоглолтод уругвайчууд дөнгөж дөрөв дэх минутад гоол алдан эхэлсэн ч зургаан гоолоор хариуг нь барьсан бөлгөө. Талбайн гадна байсан цагдаа бөмбөгийг буцааж өшиглөн талбайд оруулахад талбайн эзэд үргэлжлүүлэн тоглож гоол оруулснаас өөр ноцтой зүйл болсонгүй.
Ийнхүү хоёр жилийн өмнө Амстердамын олимпийн алтан медалийг булаацалдаж байсан (эхний тоглолтод 1:1-ээр тэнцээд, удаах тоглолтын нэмэлт цагт Уругвай 2:1-ээр хожсон) хөршүүд франц дархан Анри Лафлёрын алт, мөнгө хослуулан урласан дөрвөн килограмм жинтэй “Ариун Нике” цомын төлөө өрсөлдөхөөр боллоо. Рио де Ла-Плата сувгаар тусгаарлагддаг, хоорондоо 200 гаруйхан милийн зайтай орших хоёр улсын нийслэлүүд бүтэн гурван хоног дайны байдалтай байсан гэхэд болно. Шигшээ тэмцээн болдог өдөр багаа дэмжихээр 20 мянган гаруй хөгжөөн дэмжигч Буэнос-Айресаас Монтевидеог зорьсон баримт байдаг. Тэднийг усан онгоцноос буухад нэгжиж, цэнгэлдэх хүрээлэнд ороход бас шалгаж байсан нь галзуу фанатуудын мөргөлдөөнөөс сэргийлсэн хэрэг байлаа. Тухайн үеийн хөлбөмбөгчид дундаа торгуулийн цохилтыг хамгийн сайн гүйцэтгэдэг, алсын дамжуулалтыг чадварладаг хийдгээрээ нэрд гарсан Аргентиний лидер Луис Монти шигшээ тоглолтоос хэд хоногийн өмнө сүрдүүлсэн захиаг Аргентин, Уругвайн балиашгуудаас аль алинаас нь хүлээн авчээ. Нутаг нэгтнүүд нь финалд муу тоглох юм бол ээжид нь, уругвайн танхайчууд финалд багийг нь хожвол өөрт нь муу юм болно шүү хэмээн сүрдүүлсэн байв. Ацан шалаанд орсон тэрбээр албаны хүмүүсийн гуйлт, шахалтын хүчинд арай ядан өмсгөлөө өмсчээ. “Тэр талбайд ч, хувцас солих өрөөнд ч нам гүм байсан. Ер нь сүүлийн хэд хоногийг маш их айдас дунд өнгөрүүлсэн” хэмээн багийн гишүүн Варалло хожим дурссан байдаг.
Шувтаргын тоглолтод шүгэлдэх ёстой шүүгч Жон Лэнженус энэ мэт тулааны өмнөх уур амьсгалаас жийрхэхдээ талбайд гарахаас татгалзсан аж. Тэгээд эцэст нь өөрийг нь болон шүүгчийн бүрэлдэхүүнийг, тэдний гэр бүлийг Уругвайн засгийн газар албан ёсоор хамгаалалтад авч, тоглолт өндөрлөснөөс цагийн дотор л замд гарахаар тохиролцсоны дараа шүүхээр болсон байна.
Хүсэн хүлээсэн долдугаар сарын 30-ны өдөр хоёр баг өөрсдийн бөмбөгөөр тоглоно хэмээн маргалдсан бөгөөд энэ тухай дүрэм журмандаа тусгаагүй FIFA асуудлыг сугалаагаар шийдвэрлэх болов. Ингээд аргентинчууд эхний хагаст өөрийн бөмбөгөөр тоглож, 2:1-ээр давамгайлав. Тоглолт 1:1 байхад мөнөөх Монти Стабилед гоолын дамжуулалт өгч, багаа урагш гаргаад өөрөө бушуухан гэгч нь талбайгаас гарсан гэдэг. Гэвч зохион байгуулагчид амлалтаа зөрчин хоёрдугаар хагаст өөрсдийнхөө тоглодог том бөмбөгийг талбайд гаргасан юм. Ийнхүү талбайн эзэд тоглолтын санаачлагыг гартаа аван, гурван гоол дараалан оруулж 4:2-оор хожин анхны дэлхийн аварга хэмээх алдрыг хүртсэн билээ.
А ХЭСЭГ
Франц-Мексик 4:1
Гоол: Л.Лоран 19, Ланжийе 40, Машино 43, 87-Карреньо 70
Франц: Тепо, Капелль, Маттлес, Шантрель, Пинель, Виллаплан, Либерати, Дельфур, Машино, Л.Лоран, Ланжийе
Мексик: Бонфильо, Р.Гарса-Гуттьерес, М.Росас, Амескуа, Санчес, Ф.Росас, Лопес, Руис, Мехия, Карреньо, Перес
Шүүгч: Ломбарди (Уругвай)
VI.13. Монтевидео, “Покитос”, 3000 үзэгч
Аргентин-Франц 1:0
Гоол: Монти 81
Аргентин: Боссио, Делья Торре, Муттис, Х.Эваристо, Монти, Арико Суарес, Перинетти, Варальо, Феррейра, Чарро, М.Эваристо
Франц: Тепо, Капелль, Маттлес, Шантрель, Пинель, Виллаплан, Либерати, Дельфур, Машино, Л.Лоран, Ланжийе
Шүүгч: Реже (Бразил)
VI.15. Монтевидео, “Парке Сентраль”, 15000 үзэгч
Чили-Мексик 3:0
Гоол: Видаль 3, Субиабре 52, 65
Чили: Кортес, Пуарье, Моралес, А.Торрес, Сааведра, Эльгета, Охеда, Субиабре, Вильялобос, Видаль, Шнебергер
Мексик: Сота, Р.Гарсия-Гуттьерес, М.Росас, Амескуа, Санчес, Ф.Росас, Лопес, Гайон, Руис, Карреньо, Перес
Шүүгч: Кристоф (Бельги)
VI.6. Монтевидео, “Парке Сентраль”, 7000 үзэгч
Чили-Франц 1:0
Гоол: Субиабре 67
Чили: Кортес, Чапарро, Риверос, А.Торрес, Сааведра, К.Торрес, Охеда, Субиабре, Вильялобос, Видаль, Шнебергер
Франц: Тепо, Капелль, Маттлес, Шантрель, Дельмер, Виллаплан, Либерати, Дельфур, Пинель, Вейнан, Ланжийе
Шүүгч: Техада (Уругвай)
VI.19. Монтевидео, “Сентенарио”, 50000 үзэгч
Аргентин-Мексик 6:3
Гоол: Стабиле 8, 17, 80, Сумельсу 12, 55, Варальо 53-М.Росас 42 пен, 65, Гайон 75
Аргентин: Боссио, Делья Торре, Патерностер, Чивидини, Сумельсу, Орландини, Пейселье, Варальо, Стабиле, Демария, Спадаро
Мексик: Бонфильо, Р.Гарса-Гуттьерес, М.Росас, Оливарес, Санчес, Родригес, Ф.Гарса-Гуттьерес, Ф.Росас, Лопес, Гайон, Карреньо
Шүүгч: Сауседо (Боливи)
VI.19. Монтевидео, “Сентенарио”, 50000 үзэгч
Аргентин-Чили 3:1
Гоол: Стабиле 12, 13, М.Эваристо 51-Субиабре 15
Аргентин: Боссио, Делья Торре, Патерностер, Х.Эваристо, Монти, Орландини, Пейселье, Варальо, Стабиле, Феррейра, М.Эваристо
Чили: Кортес, Чапарро, Моралес, А.Торрес, Сааведра, К.Торрес, Арельяно, Субиабре, Вильялобос, Видаль, Агилера
Шүүгч: Лангенус (Бельги)
VI.22. Монтевидео, “Сентенарио”, 35000 үзэгч
Хо Тэ Хд Б/Х Байр
Франц 1 0 2 4-3 III
Аргентин 3 0 0 10-4 I
Чили 2 0 1 5-3 II
Мексик 0 0 3 4-13 IV
В ХЭСЭГ
Бразил-Югослав 1:2
Гоол: Прегиньо, 62 - Тирнанич 21, Бек 30
Бразилия: Жоэл, Брильянте, Италия, Эрмогенес, Фаусто, Фернандо, Поли, Нило, Аракен, Прегиньо, Перрейра
Югославия: Якшич, Ивкович, Михайлович, Арсениевич, Стеванович, Жекич, Тирнанич, Марьянович, Бек, Вуядинович, Секулич
Шүүгч: Техада (Уругвай)
VI.14. Монтевидео, “Парке Сентраль”, 20000 үзэгч
Боливи-Югослав 0:4
Гоол: Бек 60, 67, Марьянович 65, Вуядинович 85
Боливи: Бермудес, Дурандаль, Чаваррия, Арготе, Лара, Бальдеррама, Гомес, Бустаманте, Мендес, Альборта, Фернандес
Югослав: Якшич, Ивкович, Михайлович, Арсениевич, Стеванович, Деокич, Тирнанич, Марьянович, Бек, Вуядинович, Найданович
Шүүгч: Маттеуччи (Уругвай)
VI.17. Монтевидео, “Парке Сентраль”, 20000 үзэгч
Бразил-Боливи 4:0
Гоол: Модерато 37, 73, Прегиньо 67, 83
Бразил: Веллозо, Зе Луис, Италия, Эрмогенес, Фаусто, Фернандо, Бенедито, Руссиньо, Карвальо Лейте, Прегиньо, Модерато
Боливи: Бермудес, Дурандаль, Чаварриа, Сайнс, Лара, Бальдеррама, Фернандес, Ортис, Бустаманте, Мендес, Альборта
Шүүгч: Бальве (Франц)
VI.20. Монтевидео, “Сентенарио”, 12000 үзэгч
Хо Тэ Хд Б/Х Байр
Бразил 1 0 1 5-2 II
Боливи 0 0 2 0-8 III
Югослав 2 0 0 6-1 I
С ХЭСЭГ
Перу-Румын 1:3
Гоол: Соуса-Феррейра 75-Станчу 1, 89, Барбу 78
Перу: Вальдивьесо, де лас Касас, Сория, Галиндо, Гарсия, Валле, Лорес, Вильянуэва, Денегри, Нейра (Нуэ 80), Соуса-Феррейра
Румын: Лэпушняну, Бюргер, Штайнер, Айсенбайсер, Фогль, Рафинши, Ковач, Дешу, Ветцер, Станчу, Барбу
Улаан хуудас: Галиндо 56
Шүүгч: Варнкен (Чили)
VI.14. Монтевидео, “Покитос”, 300 үзэгч
Уругвай-Перу 1:0
Гоол: Кастро 60
Уругвай: Бальестеро, Техера, Насасси, Андраде, Фернандес, Хестидо, Урдинаран, Кастро, Петроне, Сеа, Ириарте
Перу: Пардон, Де лас Касас, Макильон, Галиндо, Астенго, Лорес, Вильянуэва, Денегри, Лавалье, Нейра, Соуса-Феррейра
Шүүгч: Лангенус (Бельги)
VI.18. Монтевидео, “Сентенарио”, 85000 үзэгч
Уругвай-Румын 4:0
Гоол: Дорадо 7, Скароне 24, Ансельмо 30, Сеа 35
Уругвай: Баллистеро, Мачерон, Насасси, Андраде, Фернандес, Хестидо, Дорадо, Скароне, Ансельмо, Сеа, Ириарте
Румын: Лэпушняну, Бюргер, Чако, Айсенбассер, Фогль, Робе, Ковач, Дешу, Ветцер, Рафиниши, Барбу
Шүүгч: Реже (Бразил)
VI.21. Монтевидео, “Сентенарио”, 80000 үзэгч
Хо Тэ Хд Б/Х Байр
Уругвай 2 0 0 5-0 I
Перу 0 0 2 1-4 III
Румын 1 0 1 3-5 II
D ХЭСЭГ
АНУ-Бельги 3:0
Гоол: Макги 23, 38, Пэйтноуд 68
АНУ: Дуглас, Вуд, Мурхауз, Галлахер, Трейси, Браун, Гонсалвес, Флори, Пэйтноуд, Олд, Макги
Бельги: Бажу, Наувенс, Хоэйдонкс, де Клер, Хеллеманс, Ф.Брен, Дидденс, Ворхоф, Адамс, Мушал, Версейп
Шүүгч: Масиас (Аргентин)
VI.13. Монтевидео, “Парке Сентрал”, 15000 үзэгч
Парагвай-АНУ 0:3
Гоол: Пэйтноуд 10, 15, 50
Парагвай: Денис, Ольмедо, Миракка, Эчеверри, Диас, Агирре, Несси, Домингес, Гонсалес, Бенитес Касерес, Варгас Пенья
США: Дуглас, Вуд, Мурхауз, Галлахер, Трейси, Браун, Гонсалвес, Флори, Пэйтноуд, Олд, Макги
Шүүгч: Масиас (Аргентин)
VI.17. Монтевидео, “Парке Сентрал”, 20000 үзэгч
Парагвай-Бельги 1:0
Гоол: Варгас Пенья 40
Парагвай: П.Бенитес, Ольмедо, Флорес, С.Бенитес, Диас, Гарсете, Несси, Ромеро, Гонсалес, Бенитес Касерес, Варгас Пенья
Бельги: Бажу, де Декенс, Хоэйдонкс, Мушал, Хеллеманс, Ф.Брен, Дидденс, Наувенс, Адамс, Дельбек, Версейп
Шүүгч: Вальярино (Уругвай)
VI.20. Монтевидео, “Сентенарио”, 12000 үзэгч
Хо Тэ Хд Б/Х Байр
АНУ 2 0 0 6-0 I
Бельги 0 0 2 0-4 III
Парагвай 1 0 1 1-3 II
ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Аргентин-АНУ 6:1
Гоол: Монти 20, Скопельи 56, Стабиле 69, 87, Пейселье 80, 85-Браун 89
Аргентин: Ботассо, Делья Торре, Патерностер, Х.Эваристо, Монти, Орландини, Пейселье, Скопельи, Стабиле, Феррейра, М.Эваристо
АНУ: Дуглас, Вуд, Мурхауз, Галлахер, Трейси, Браун, Гонсалвес, Флори, Пэйтноуд, Олд, Макги
Шүүгч: Лангенус (Бельги)
VI.26. Монтевидео, “Сентенарио”, 50000 үзэгч
Уругвай-Югослав 6:1
Гоол: Сеа 18, 67, 72, Ансельмо 20, 31, Ириарте 61-Вуядинович 4
Уругвай: Бальестеро, Машерони, Насасси, Андраде, Фернандес, Хестидо, Дорадо, Скароне, Ансельмо, Сеа, Ириарте
Югослав: Якшич, Ивкович, Михайлович, Арсениевич, Стеванович, Жекич, Тирнанич, Марьянович, Бек, Вуядинович, Секулич
Шүүгч: Реже (Бразил)
VI.27. Монтевидео, “Сентенарио”, 55000 үзэгч
ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Уругвай-Аргентин 4:2
Гоол: Дорадо 12, Сеа 57, Ириарте 68, Кастро 89-Пейселье 20, Стабиле 37
Уругвай: Бальестеро, Машерони, Насасси, Андраде, Фернандес, Хестидо, Дорадо, Скароне, Кастро, Сеа, Ириарте
Аргентин: Ботассо, Делья Торре, Патерностер, Х.Эваристо, Монти, Арико Суарес, Пейселье, Варальо, Стабиле, Феррейра, М.Эваристо
Шүүгч: Лангенус (Бельги)
VI.30. Монтевидео, “Сентенарио”, 60000 үзэгч