2010-06-03
Хөлбөмбөгийн ДАШТ-ий үүх, түүхийг эргэн харахуй . 1934 он

“South Africa-2010” эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Хөлбөмбөгийн хорхойтнууд, хөгжөөн дэмжигчдийн болон уншигч авхай Та бүхэндээ “Таван цагариг” сонин, “Таван цагариг-Америкт” сэтгүүл(www.argamag.com/sport ), “Аргамаг инк”, “Замдаан” сэтгүүл(www.zamdaan.com ), “Даяар Монгол” сонин(www.dayarmongol.com ), “Мэдээлэл”(www.medeelel.com ), “Орлоо” (www.orloo.com) www.taavar.com вэб сайтууд хамтран “ World Cup 2010” буланг нээсэн.

Манай булангийн мэдээллийн спонсор  “G-MOBILE” корпораци. (www.g-mobile.mn Африкийн сафари хөтөч нь болно.

“World Cup 2010” булан маань ДАШТ-ий үүх, түүхийг цувралаар танилцуулж байгаа бөгөөд энэ удаа 1934 оны ДАШТ-ий тухай өгүүлж байна.

 

 

 

Скуадра Аззура”-гийн анхны түрүү буюу
Муссолинигийн түүхэн гавьяа



Анхны тэмцээн алс холын Өм­нөд Америкт зохиогдсон учир удаах нь FIFA-гийн гишүүн орнуу­дын дийлэнх нь байдаг Европ тивд болох нь эхнээсээ тодорхой бай­лаа. Гэвч Их хямралын жилүүд дуу­саагүй байсан зэрэг шалтгааны улмаас Швед, Итали хоёр л нэрээ дэв­шүүл­жээ. 1932 онд Стокгольмд бол­сон FIFA-гийн конгрессоор эл эрх Италид ирсэн юм. Үнэндээ бол фашист Бенито Муссолини тэр­гүүтэй Италийн Засгийн газар Шведийг нутагт нь “бярдан” өв­дөг­лүүл­сэн аж. Хоёр жилийн дараа яг энэ зарчмаар Гитлерийн Герман олимпийн наадмыг зохион бай­гуулах эрхийг авсан түүхтэй.
Хөлбөмбөг нэгэнт дэлхийн хэм­жээний спорт болоод байсан тэр үед 32 баг (Ази, Африкаас хүртэл!) Италид болох ДАШТ-д оролцох хүсэлтэйгээ илэрхийлжээ. Бараг л бардам зант британичуудаас бусад нь гэсэн үг. Тиймээс зохион байгуулагчид сонгон шалгаруулалт хийж, тэндээс шалгарсан шилдэг 16 багийг олимпийн системээр өр­сөл­дүүлэхээр шийдвэрлэв. Со­рил­гын дүнд Европоос Герман, Бельги, Швед, Голланд, Швей­царь, Чехословак, Румын, Авст­ри, Франц, Унгар, Испани, Өм­нөд Америкаас Аргентин, Бразил, Хойд Америкаас АНУ, Аф­рикаас Египетийн шигшээ багууд Италийг зорих эрхээ өвөр­төл­сөн байна. Африкийн баг сонгон шал­гаруулалтад Ази тивийн төлөөлөгч Палестинийг 4:1-ээр, АНУ хөрш Мексикийг 4:2-оор тус тус хожжээ. Дэлхийн аварга уругвайчууд өөрсдийнх нь зохио­сон тэмцээнд Европын олон орон ирээгүйд хонзогнон Боливи, Па­раг­вайн хамт
хүчирхэг багтай тоглохоос татгалз­сан тул тэд сорилгыг гар амар давсан байна.
Гэвч хөлсөө дуслуулаагүйнх нь гор гарч, шигшээ тэмцээний эх­ний даваанд Аргентин Шведэд 2:3-аар, Бразил Испанид 1:3-аар ялагдан нутаг буцжээ. Энэ нь тус хоёр багийн түүхэн дэх хам­гийн богинохон ДАШТ болсон билээ. Өөрсдийгөө хамгийн шил­дэг нь гэж боддог бразилчууд анх­ны Дэлхийн цомоос “Итали-34” хүртэлх дөрвөн жилийн хугацаанд маш цөөхөн тоглолт (дэл­хийн аварга Уругвайтай хоёр тог­лож, хоёуланд нь хожсон) хийснээс гадна энэ тэмцээнд дан сонирхогчдоос бүрдсэн шиг­шээгээ явуулжээ. Тоглолт эх­лээд 28 минут өнгөрч байхад испаничууд гурван гоол оруулсан ч хоёрдугаар үеэс бразилчууд илүүр­хэх болж, Леонидас 55 дахь минутад тоог 3:1 болгосон байна. 60 дахь минутад тэд пенальти хийх эрх олж авсан ч Валдемар цохилтоо Заморад хаалгуулах нь тэр. Тус тоглолтыг шүүсэн герман эр Бирлем Испанийн хамгаалагч Кинкосес торгуулийн талбайдаа гараар тоглохыг харсан атлаа 11 метрийн цохилт заагаагүйгээр барах­гүй Леонидасын оруулсан бас нэгэн гоолыг тооцоогүй аж. Ха­рин маш сулхан бүрэлдэхүүнтэй ирсэн цагаанцэнхрүүд Шведэд 2:3-аар дийлджээ. Аргентиний ихэнх мэргэжлийн клубүүд гол тог­логчдоо шигшээд өгөхөөс татгалзсан байна. Дээр нь олон жилийн турш шигшээгийн гол хөдөлгүүр нь болж байсан Луис Фелипе Монти, Энрико Гуаита, Раймундо Ор­си нарыг фашист удирдагч Бе­нито Муссолини их хэмжээний мөн­гөөр урхидан Италийн нэрийн өм­нөөс тоглохыг ятгаж дөнгөсөн билээ. Тэднээр хүчээ зузаатгасан “Скуадра Аззура” сорилгод Грекийг 4:0-ээр зовлонгүйхэн сөхрүүлж, улмаар шигшээ тэмцээний эхний даваанд америкчуудыг 7:1-ээр бут ниргэжээ. Энэ даваанд Герман Бельгийг 5:2-оор, Швейцарь Голлан­дыг 3:2-оор, Чехословак Румы­нийг 2:1-ээр, Австри Францыг нэмэлт цагт 3:2-оор, Унгар Египетийг 4:2-оор тус тус буулган авсан байна.
Дунд шөвөгт дан Европын багууд буюу Герман Шведтэй, Швей­царь Чехословактай, Австри Ун­гартай, Испани Италитай таа­рав. Эдгээрээс хамгийн их сонир­хол татаж байсан нь мэдээж домогт Рикардо Заморагаар удирдуулсан Испани, талбайн эзэн Италийн тулаан. Тоглолтын 31 дэх минутад баск эр Луис Ре­гейро эхний бөмбөгийг хийсэн ч арваадхан минутын дараа Феррари тоог тэнцүүлэв. Гэрийн нохой­ны сүүл өөдөө гэгчээр ита­личууд санаачилгатай тоглож бай­сан ч Пиренейн хойгийнхон хаалгач Заморагийнхаа ачаар хожиг­дол хүлээсэнгүй, 1:1-ээр тэн­цэж дөнгөлөө. Тэр үед нэмэлт цагийн дараа торгуулийн цохилтоор ялагчийг тодруулдаг дүрэм байгаагүй тул ахиж тоглох болов. Флоренцэд болсон хариу тог­лолтод Италийн багт дөрөв, Ис­панийн бүрэлдэхүүнд долоон шинэ тоглогч нэмэгдсэн байсан бөгөөд Жузеппе Меаццагийн дүрэм зөр­чин оруулсан гоолын ачаар хөх өмсгөлтнүүд хожжээ. Испаничууд хариуд нь хоёр ч цэвэр гоол хий­сэн боловч швейцарь шүүгч Мерсе тооцсонгүй. Тэмцээний дараа FIFA шүүгчид арга хэмжээ авсан гэдэг.  
Ийнхүү Пиренейн хойгийнхны ялалтыг нь луйвардан гарч ирсэн Муссолинигийн багийг хагас шиг­шээд олноо “Вундер тим” хэмээн алдаршсан Австрийн шиг­шээ хүлээж байлаа. 1934 оны зур­гадугаар сарын 3-нд Миланд ширүүн бороон дунд болсон тэрхүү хүнд хэцүү тоглолтод аргентин легионер Гуаита Италийн багт ялалтын гоо­лыг бэлэглэжээ. Их шөвгийн нөгөө тоглолтод Чехословак Германыг 3:1-ээр итгэл төгс хожсон байна. Чехословакийн шигшээ сүүлийн 11 тоглолтдоо ганц ч ялагдал хүлээгээгүй хүчирхэг баг байлаа. Тийм учраас өмнөх хоёр тойрогт хамаг хүчээ шавхсан талбайн эзэд финалын тоглолт эхлэх өдрийг бүтэн тав хоногоор сунгасан гэдэг.
Шигшээ тоглолт зургадугаар сарын 10-нд Ром хотын “На­цио­нале” цэнгэлдэх хүрээлэнд яваг­даж, Шведийн шүүгч Иван Эк­линн хянажээ. Чехословакчууд өрсөл­дөг­чөө алдахыг анаж, маш чамбай хамгаалан, үе үе аюултай контратак хийж байв. Цаг дуусахаас 14 минутын өмнө тэд санасандаа хүрч Ан­тонина Пуч сөрөг довтолгоогоор тооны харьцааг 1:0 болгох  нь тэр. Дараа нь Соботка, Свобода нарын хослол хоёр дахь бөмбөгийг хийх шахлаа. Гэвч италичууд сэтгэлзүйн бэлтгэл сайтайгаа харуулж, 82 дахь минутад бас нэгэн аргентин легионер Раймундо Орси тэн­цээний бөмбөгийг оруулсан бай­на. Нэмэлт цагийн эхэнд Чехословакийн хамгаалагчид Италийн лидер Меаццагийн эсрэг бүдүүлэг тог­лон гэмтээсэн ч Жузеппе шүд зуун тоглолтоо дуусгахаар шийджээ. Улмаар 95 дахь минутад түүний эхлүүлсэн довтолгоог Ан­жело Скьявио гүйцээн хож­лын бөмбөгийг оруулсан юм. Ийнхүү дарангуйлагч Муссолини удирдагчтай, Витторио Поццо дас­галжуулсан “Төмөр легион” хоч­той Италийн шигшээ Европын багуудаас анхлан дэлхийн аварга цолыг хүртсэн юм.

 

 

 

“ИТАЛИ-34” ТООНЫ ХЭЛЭЭР


Үргэлжилсэн хугацаа: 1934 оны тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10
Оролцсон баг: 16 (Европоос 12, Өмнөд Америкаас 2, Хойд Америк, Африкаас тус  бүр 1)
Тоглолт: 17
Гоол: 70 (дунджаар 4.12)
11 метрийн цохилт: 4 (үүнээс хоёр нь амжилттай болсон)
Хотууд: 8 (Болонья, Флоренц, Генуя, Милан, Неаполь, Ром, Триест, Турин)
Цэнгэлдэх хүрээлэн: 8 (“Литториале”, “Жованни Берта”, “Луижи Феррарис”, “Сан-Сиро”, “Жоржо Аскарелли”, “Национале”, “Литторио”, “Бенито Муссолини”)
Үзэгч: 407 000
Улаан хуудас: 1
Хамгийн олон гоол орсон тоглолт: 7:1
Хамгийн олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт: 7:1
Мэргэн бууч: Неедлы (Чехословак)-5 бөмбөг

 

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД


-Тэмцээн ердөө хоёр долоо хоног үргэлжилж, нийтдээ 17-хон тоглолт явагдсан байна. Тоглолтууд өөр өөр хотуудад нэг цагт зэрэг эхэлж байсан тул нэг хүн дээд тал нь зургаан тоглолт (Итали-Испанийн нэмэлт тоглолтыг оролцуулаад) үзэх боломжтой байв.
-Финалд үлдсэн Итали, Чехословакийн багууд бүтэн долоо хоног амарсны эцэст шийдвэрлэх тулаанаа хийжээ.
-Анхны ДАШТ-ий адилаар цөөнгүй багууд тэмцээнийг хясан боов. Тодруулбал Өмнөд Америкийн Уругвай, Бо­ливи, Парагвай, Их Британид харьяалагддаг Англи, Шотланд, Уэльс, Ирланд бойкотложээ.
-Аваргын хувь заяа анх удаа нэмэлт цагт шийдэгдсэн.
-Энэ тэмцээнээс эхлэн хүрэл медалийн төлөө тоглолт хийдэг болжээ.
-“Скуадра Аззура”-г аваргалахад гол үүрэг гүйцэт­гэсэн Жузеппе Меаццад хүндэтгэл үзүүлж, тэмцээний дараа Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэхийг түүний нэрэмжит болгосон байна.
-Луис Фелипе Монти хоёр өөр багийн бүрэлдэхүүнд хоёр ДАШТ-ий финалд дараалан тоглосон анхны хөл­бөмбөгч болжээ. Тэрбээр Аргентиний бүрэлдэхүүнд “Уругвай-30”-аас мөнгө, Италийн шигшээд “Итали-34”-өөс алтан медаль хүртсэн юм.
-Шөвгийн наймд учраа тааарсан Итали-Испанийн эхний тоглолт маш хүнд нөхцөлд болж, олон ч тоглогч гэмтжээ. Хариу тоглолтод хоёр багийн дасгалжуулагчид талбайд 11 шинэ тоглогчийг нэмж гаргасан байна.
-Зохион байгуулагчид тэмцээний зардалд 3.7 сая лир зарцуулсан нь тухайн үеийн ханшаар асар их мөнгө юм. 

 

 

Шилдэг довтлогч Олдриж Неедлы (Чехословак)


1909 оны арванхоёрдугаар сарын 26-нд Австри-Унгарын эзэнт улсын Зебрак хотод төрсөн. Төрөлх хотынхоо “Зебрак”, Чехословакийн “Раковник”, “Спарта” багуудад тоглож байсан бөгөөд нийт 161 гоол оруулжээ. 1932, 1936, 1938, 1939 онуудад улсынхаа аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч болж байв. Харин шигшээдээ 1931-38 оны хооронд 43 тоглолт хийн 29 бөмбөг хийжээ.
“Итали-34” ДАШТ-д таван бөмбөг оруулсан амжилтаар шилдэг довтлогч болсон. Неедлы хагас шигшээд Германы эсрэг тоглолтод хет-трик хийсэн ч албан ёсны протоколд нэг гоолыг нь зүүн жигүүрийн довтлогч Рудольф Крчил хийснээр бүртгэсэн байдаг ажээ. Тиймээс ихэнх ном зохиолд Италийн Анжело Скьявио, Германы Эдмунд Конен нарын адилаар дөрвөн бөмбөг оруулсан хэмээн бичсэн байдаг. Дөрвөн жилийн дараа Францад болсон ДАШТ-д үүн дээрээ хоёр гоол нэмэрлэжээ.
Неедлы 1939 оны улирлыг дуусгаад зодог тайлсан бөгөөд 1990 онд 81 насандаа таалал төгсчээ.





1/8 ШИГШЭЭ ТОГЛОЛТ


Итали-АНУ 7:1
Гоол: Скьявио 18, 29, 64, Орси 20, 69, Феррари 63, Меацца 89-Донелли 57
Итали: Комби, Розетта, Аллеманди, Пицциоло, Монти, Бертолини, Гуаризи, Меацца, Скьявио, Феррари, Орси
АНУ: Жулиан, Черкевич, Мурхауз, Питрас, Гонсалвес, Флори, Райан, Нилсен, Донелли, Дик, Маклин
Шүүгч: Мерсе (Швейцар)
V.27. Рим, “Национале ПНФ”, 25000 үзэгч
Чехословак-Румын 2:1
Гоол: Пуч 61, Неедлы 73-Добай 37
Чехословак: Планичка, Женишек, Чтыроки, Кошталек, Чамбал, Крцил, Юнек, Силны, Соботка, Неедлы, Пуч
Румын: Зомбори, Фогль, Албу, Дехеляну, Котормани, Моравет, Биндя, Ковач, Сепи, Бодола, Добай
Шүүгч: Ланженю (Бельги)
V.27. Триест, “Стадио Литторио”, 9000 үзэгч

Герман-Бельги 5:2
Гоол: Кобирски 18, Зиффлинг 56, Конен 73, 77, 88-Ворхоф 24, 35
Герман: Кресс, Харингер, Шварц, Янес, Сепан, Зелински, Ленер, Хохманн, Конен, Зиффлинг, Кобирски
Бельги: Ван де Вейер, Смеллинкс, Йоахим, Перар, Велкенхейзен, Классенс, Деврис, Ворхоф, Капелле, Гриммонпре, Хереманс
Шүүгч: Маттеа (Итали)
V.27. Флоренц, “Жованни Берта”, 8000 үзэгч

Австри-Франц 3:2
Гоол: Шинделарж 34, Шалль 100, Бикан 112- Никола 18, Веррье 117 пен
Австри: Платцер, Цисар, Сеста, Вагнер, Шмиш­тик, Урбанек, Цишек, Бикан, Шинделарж, Шалль, Виртль
Франц: Тепо, Мересс, Маттлер, Дельфур, Вер¬рье, Льетар, Келлер, Алькасар, Никола, Рио, Астон
Шүүгч: ван Морсел (Голланд)
V.7. Турин, “Бенито Муссолини”, 16000 үзэгч

Испани-Бразил 3:1
Гоол: Ирарагорри 16 пен, 26, Лангара 41-Леонидас 72
Испани: Самора, Сириако, Кинкосес, Сильяурен, Мугерса, Маркулете, Ирарагорри, Лангара, Лекуэ, Лафуэнте, Горостиса
Бразил: Педроза, Силвио, Лус, Тиноко, Мартим Силвейра, Каналли, Луизиньо, де Брито, Леонидас, Армадиньо, Патеско
Шүүгч: Бирлем (Герман)
V.27. Генуя, “Луижи Феррарис”, 21000 үзэгч

Швейцар-Голланд 3:2
Гоол: Кильхольц 10, 36, Абегглен 57-Смит 23, Венте 80
Швейцар: Сешее, Минелли, Вайлер, Гиншар, Жаккар, Хуфшмид, фон Кенель, Пасселло, Кильхольц, Абегглен, Босси
Голланд: ван дер Мёйлен, Вебер, ван Рюн, Пелликан, Андерисен, ван Хел, Велс, Венте, Бакхейс, Смит, ван Неллен
Шүүгч: Эклинн (Швед)
V.27. Милан, “Сан-Сиро”, 33000 үзэгч

Швед-Аргентин 3:2
Гоол: Юнассон 33, 67, Кроон 80-Белис 16, Галатеа 49
Швед: Рюдберг, Аксельссон, С.Андерссон, Карльссон, Росен, Э.Андерссон, Дункер, Густафссон, Юнассон, Келлер, Кроон
Аргентин: Фрески, Педевилья, Белис, Нехин, Соса-Урбьета, Лопес, Руа, Вильде, де Винсенси, Галатеа, Ираньета
Шүүгч: Браун (Австри)
V.27. Болонья, “Стадио Литторале”, 14000 үзэгч

Унгар-Египет 4:2
Гоол: Телеки 7, Толди 18, 87, Винче 57-Фавзи 26, 42
Унгар: А.Сабо, Футо, Штернберг, Палоташ, Сюч, Лазар, Маркош, Винче, Телеки, Толди, Г.Сабо
Египет: Камель, Мансур, Мухтар, Эф-Фар, Рафаат, Рагаб, Латиф, Фавзи, Эс-Саед, Таха, М.Хассан
Шүүгч: Барлассина (Итали)
V.7. Неаполь, “Жоржио Аскарелли”, 9000 үзэгч

1/4 ШИГШЭЭ ТОГЛОЛТ

Герман-Швед 2:1
Гоол: Хохманн 57, 74-Дункер 85
Герман: Кресс, Харингер, Буш, Грамлих, Сепан, Зелински, Ленер, Хохманн, Конен, Зиффлинг, Кобирски
Швед: Рюдберг, Аксельссон, С.Андерссон, Карльссон, Росен, Э.Андерссон, Дункер, Густафссон, Юнассон, Келлер, Кроон
Шүүгч: Барлассина (Итали)
V.31. Милан, “Сан-Сиро”, 3000 үзэгч

Австри-Унгар 2:1
Гоол: Хорват 27, Цишек 71-Шароши 80 пен
Австри: Платцер, Цисар, Сеста, Вагнер, Шмиштик, Урбанек, Цишек, Бикан, Шинделарж, Хорват, Виртль
Унгар: А.Сабо, Ваго, Штернберг, Палоташ, Сюч, Салаи, Маркош, Авар, Шароши, Толди, Кемень
Улаан хуудас: Маркош 63
Шүүгч: Маттеа (Итали)
V.31. Болонья, “Литторале”, 23000 үзэгч

Итали-Испани 1:1
Гоол: Феррари, 45 - Регеро, 31
Итали: Комби, Монзельо, Аллеманди, Пицциоло, Монти, Кастеллацци, Гваита, Меацца, Скьявио, Феррари, Орси
Испани: Самора, Чириако, Кинкосес, Сильяурен, Мугерса, Лафуэнте, Ирарагорри, Лангара, Феде, Регеро, Горостиса
Шүүгч: Барт (Бельги)
V.31. Флоренц, “Жованни Берта”, 35000 үзэгч
Хариу тоглолт

Итали-Испани 1:0
Гоол: Меацца 12
Итали: Комби, Монзельо, Аллеманди, Феррарис, Монти, Бертолини, Гваита, Меацца, Борель, Де Мария, Орси
Испани: Ногес, Сабало, Кинкосес, Сильяурен, Мугерса, Лекуэ, Вентольра, Регеро, Кампаналь, Чачо, Бош
Шүүгч: Мерсе (Швейцар)
VI.1. Флоренц, “Жованни Берта”, 43000 үзэгч

Чехословак-Швейцар 3:2
Гоол: Свобода 36, Соботка 55, Неедлы 84-Кильхольц 18, Эгги 64
Чехословак: Планичка, Женишек, Чтыроки, Кошталек, Чамбал, Крцил, Юнек, Свобода, Соботка, Неедлы, Пуч
Швейцар: Сешее, Минелли, Вайлер, Гиншар, Жаккар, Хуяшмид, фон Кёнель, Эгги, Кильхольц, Абегглен, Эк
Шүүгч: Беранек (Австри)
V.31. Турин, “Бенито Муссолини”, 12000 үзэгч

ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТ

Итали-Австри 1:0
Гоол: Гваита 10
Итали: Комби, Монзельо, Аллеманди, Феррарис, Монти, Бертолини, Гваита, Меацца, Скьявио, Феррари, Орси
Австри: Платцер, Цисар, Сеста, Вагнер, Шмиштик, Урбанек, Цишек, Бикан, Шинделарж, Шалль, Виртль
Шүүгч: Барлассина (Итали)
VI.3. Милан, “Сан Сиро”, 35000 үзэгч

Чехословак-Герман 3:1
Гоол: Неедлы 19, 80, Крцил, 71-Ноак, 62
Чехословак: Планичка, Бургр, Чтыроки, Кошталек, Чамбал, Крцил, Юнек, Свобода, Соботка, Неедлы, Пуч
Герман: Кресс, Харингер, Буш, Зелински, Сепан, Бендер, Ленер, Ноак, Конен, Зиффлинг, Коберски
Шүүгч: Барлассина (Итали)
VI.3. Рим, “Национале ПНФ”, 15000 үзэгч

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ

Герман-Австри 3:2
Гоол: Ленер 1, 40, Конен 15-Хорват 35, Сеста 63
Герман: Якоб, Буш, Янес, Зелински, Сепан, Мюнценберг, Бендер, Ленер, Конен, Зиффлинг, Хайдеманн
Австри: Платцер, Цисар, Сеста, Вагнер, Шмиш­тик, Урбанек, Цишек, Бикан, Браун, Хорват, Виртль
Шүүгч: Карраро (Итали)
VI.7. Неаполь, “Жоржио Аскарелли”, 7000 үзэгч

ШИГШЭЭ ТОГЛОЛТ

Итали-Чехословак 2:1
Гоол: Орси 81, Скьявио 95-Пуч 76


Итали: Комби, Монзельо, Аллеманди, Феррарис, Монти, Бертолини, Гваита, Меацца, Скьявио, Феррари, Орси

Чехословак: Планичка, Женишек, Чтыроки, Кошталек, Чамбал, Крцил, Юнек, Свобода, Соботка, Неедлы, Пуч
Шүүгч: Эклинн (Швед)
VI.10. Рим, “Национале ПНФ”, 50000 үзэгч

 

 

P.S. Та бүхнийг ухаан бодлоо уралдуулах, бас өөрийн хайртай багаа дэмжих, өрөөл бусадтай таавраараа өрсөлдөх боломжийг олгож байна. Та манай гаригийн хаана ч амьдран суудаг байсан хамаагүй www.taavar.com сайтад зочлон хөлбөмбөгийн ДАШТ-ий тааварт оролцох боломжтой боллоо.

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 13:26 | | уншсан: 573 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)