“South Africa-2010” эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Хөлбөмбөгийн хорхойтнууд, хөгжөөн дэмжигчдийн болон уншигч авхай Та бүхэндээ “Таван цагариг” сонин, “Таван цагариг-Америкт” сэтгүүл(www.argamag.com/sport ), “Аргамаг инк”, “Замдаан” сэтгүүл(www.zamdaan.com ), “Даяар Монгол” сонин(www.dayarmongol.com ), “Мэдээлэл”(www.medeelel.com ), “Орлоо” (www.orloo.com) www.taavar.com вэб сайтууд хамтран “ World Cup 2010” буланг нээсэн.
Манай булангийн мэдээллийн спонсор “G-MOBILE” корпораци. (www.g-mobile.mn Африкийн сафари хөтөч нь болно.
“World Cup 2010” булан маань ДАШТ-ий үүх, түүхийг цувралаар танилцуулж байгаа бөгөөд энэ удаа 1934 оны ДАШТ-ий тухай өгүүлж байна.
“Скуадра Аззура”-гийн анхны түрүү буюу
Муссолинигийн түүхэн гавьяа
Анхны тэмцээн алс холын Өмнөд Америкт зохиогдсон учир удаах нь FIFA-гийн гишүүн орнуудын дийлэнх нь байдаг Европ тивд болох нь эхнээсээ тодорхой байлаа. Гэвч Их хямралын жилүүд дуусаагүй байсан зэрэг шалтгааны улмаас Швед, Итали хоёр л нэрээ дэвшүүлжээ. 1932 онд Стокгольмд болсон FIFA-гийн конгрессоор эл эрх Италид ирсэн юм. Үнэндээ бол фашист Бенито Муссолини тэргүүтэй Италийн Засгийн газар Шведийг нутагт нь “бярдан” өвдөглүүлсэн аж. Хоёр жилийн дараа яг энэ зарчмаар Гитлерийн Герман олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан түүхтэй.
Хөлбөмбөг нэгэнт дэлхийн хэмжээний спорт болоод байсан тэр үед 32 баг (Ази, Африкаас хүртэл!) Италид болох ДАШТ-д оролцох хүсэлтэйгээ илэрхийлжээ. Бараг л бардам зант британичуудаас бусад нь гэсэн үг. Тиймээс зохион байгуулагчид сонгон шалгаруулалт хийж, тэндээс шалгарсан шилдэг 16 багийг олимпийн системээр өрсөлдүүлэхээр шийдвэрлэв. Сорилгын дүнд Европоос Герман, Бельги, Швед, Голланд, Швейцарь, Чехословак, Румын, Австри, Франц, Унгар, Испани, Өмнөд Америкаас Аргентин, Бразил, Хойд Америкаас АНУ, Африкаас Египетийн шигшээ багууд Италийг зорих эрхээ өвөртөлсөн байна. Африкийн баг сонгон шалгаруулалтад Ази тивийн төлөөлөгч Палестинийг 4:1-ээр, АНУ хөрш Мексикийг 4:2-оор тус тус хожжээ. Дэлхийн аварга уругвайчууд өөрсдийнх нь зохиосон тэмцээнд Европын олон орон ирээгүйд хонзогнон Боливи, Парагвайн хамт хүчирхэг багтай тоглохоос татгалзсан тул тэд сорилгыг гар амар давсан байна.
Гэвч хөлсөө дуслуулаагүйнх нь гор гарч, шигшээ тэмцээний эхний даваанд Аргентин Шведэд 2:3-аар, Бразил Испанид 1:3-аар ялагдан нутаг буцжээ. Энэ нь тус хоёр багийн түүхэн дэх хамгийн богинохон ДАШТ болсон билээ. Өөрсдийгөө хамгийн шилдэг нь гэж боддог бразилчууд анхны Дэлхийн цомоос “Итали-34” хүртэлх дөрвөн жилийн хугацаанд маш цөөхөн тоглолт (дэлхийн аварга Уругвайтай хоёр тоглож, хоёуланд нь хожсон) хийснээс гадна энэ тэмцээнд дан сонирхогчдоос бүрдсэн шигшээгээ явуулжээ. Тоглолт эхлээд 28 минут өнгөрч байхад испаничууд гурван гоол оруулсан ч хоёрдугаар үеэс бразилчууд илүүрхэх болж, Леонидас 55 дахь минутад тоог 3:1 болгосон байна. 60 дахь минутад тэд пенальти хийх эрх олж авсан ч Валдемар цохилтоо Заморад хаалгуулах нь тэр. Тус тоглолтыг шүүсэн герман эр Бирлем Испанийн хамгаалагч Кинкосес торгуулийн талбайдаа гараар тоглохыг харсан атлаа 11 метрийн цохилт заагаагүйгээр барахгүй Леонидасын оруулсан бас нэгэн гоолыг тооцоогүй аж. Харин маш сулхан бүрэлдэхүүнтэй ирсэн цагаанцэнхрүүд Шведэд 2:3-аар дийлджээ. Аргентиний ихэнх мэргэжлийн клубүүд гол тоглогчдоо шигшээд өгөхөөс татгалзсан байна. Дээр нь олон жилийн турш шигшээгийн гол хөдөлгүүр нь болж байсан Луис Фелипе Монти, Энрико Гуаита, Раймундо Орси нарыг фашист удирдагч Бенито Муссолини их хэмжээний мөнгөөр урхидан Италийн нэрийн өмнөөс тоглохыг ятгаж дөнгөсөн билээ. Тэднээр хүчээ зузаатгасан “Скуадра Аззура” сорилгод Грекийг 4:0-ээр зовлонгүйхэн сөхрүүлж, улмаар шигшээ тэмцээний эхний даваанд америкчуудыг 7:1-ээр бут ниргэжээ. Энэ даваанд Герман Бельгийг 5:2-оор, Швейцарь Голландыг 3:2-оор, Чехословак Румынийг 2:1-ээр, Австри Францыг нэмэлт цагт 3:2-оор, Унгар Египетийг 4:2-оор тус тус буулган авсан байна.
Дунд шөвөгт дан Европын багууд буюу Герман Шведтэй, Швейцарь Чехословактай, Австри Унгартай, Испани Италитай таарав. Эдгээрээс хамгийн их сонирхол татаж байсан нь мэдээж домогт Рикардо Заморагаар удирдуулсан Испани, талбайн эзэн Италийн тулаан. Тоглолтын 31 дэх минутад баск эр Луис Регейро эхний бөмбөгийг хийсэн ч арваадхан минутын дараа Феррари тоог тэнцүүлэв. Гэрийн нохойны сүүл өөдөө гэгчээр италичууд санаачилгатай тоглож байсан ч Пиренейн хойгийнхон хаалгач Заморагийнхаа ачаар хожигдол хүлээсэнгүй, 1:1-ээр тэнцэж дөнгөлөө. Тэр үед нэмэлт цагийн дараа торгуулийн цохилтоор ялагчийг тодруулдаг дүрэм байгаагүй тул ахиж тоглох болов. Флоренцэд болсон хариу тоглолтод Италийн багт дөрөв, Испанийн бүрэлдэхүүнд долоон шинэ тоглогч нэмэгдсэн байсан бөгөөд Жузеппе Меаццагийн дүрэм зөрчин оруулсан гоолын ачаар хөх өмсгөлтнүүд хожжээ. Испаничууд хариуд нь хоёр ч цэвэр гоол хийсэн боловч швейцарь шүүгч Мерсе тооцсонгүй. Тэмцээний дараа FIFA шүүгчид арга хэмжээ авсан гэдэг.
Ийнхүү Пиренейн хойгийнхны ялалтыг нь луйвардан гарч ирсэн Муссолинигийн багийг хагас шигшээд олноо “Вундер тим” хэмээн алдаршсан Австрийн шигшээ хүлээж байлаа. 1934 оны зургадугаар сарын 3-нд Миланд ширүүн бороон дунд болсон тэрхүү хүнд хэцүү тоглолтод аргентин легионер Гуаита Италийн багт ялалтын гоолыг бэлэглэжээ. Их шөвгийн нөгөө тоглолтод Чехословак Германыг 3:1-ээр итгэл төгс хожсон байна. Чехословакийн шигшээ сүүлийн 11 тоглолтдоо ганц ч ялагдал хүлээгээгүй хүчирхэг баг байлаа. Тийм учраас өмнөх хоёр тойрогт хамаг хүчээ шавхсан талбайн эзэд финалын тоглолт эхлэх өдрийг бүтэн тав хоногоор сунгасан гэдэг.
Шигшээ тоглолт зургадугаар сарын 10-нд Ром хотын “Национале” цэнгэлдэх хүрээлэнд явагдаж, Шведийн шүүгч Иван Эклинн хянажээ. Чехословакчууд өрсөлдөгчөө алдахыг анаж, маш чамбай хамгаалан, үе үе аюултай контратак хийж байв. Цаг дуусахаас 14 минутын өмнө тэд санасандаа хүрч Антонина Пуч сөрөг довтолгоогоор тооны харьцааг 1:0 болгох нь тэр. Дараа нь Соботка, Свобода нарын хослол хоёр дахь бөмбөгийг хийх шахлаа. Гэвч италичууд сэтгэлзүйн бэлтгэл сайтайгаа харуулж, 82 дахь минутад бас нэгэн аргентин легионер Раймундо Орси тэнцээний бөмбөгийг оруулсан байна. Нэмэлт цагийн эхэнд Чехословакийн хамгаалагчид Италийн лидер Меаццагийн эсрэг бүдүүлэг тоглон гэмтээсэн ч Жузеппе шүд зуун тоглолтоо дуусгахаар шийджээ. Улмаар 95 дахь минутад түүний эхлүүлсэн довтолгоог Анжело Скьявио гүйцээн хожлын бөмбөгийг оруулсан юм. Ийнхүү дарангуйлагч Муссолини удирдагчтай, Витторио Поццо дасгалжуулсан “Төмөр легион” хочтой Италийн шигшээ Европын багуудаас анхлан дэлхийн аварга цолыг хүртсэн юм.
“ИТАЛИ-34” ТООНЫ ХЭЛЭЭР
Үргэлжилсэн хугацаа: 1934 оны тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10
Оролцсон баг: 16 (Европоос 12, Өмнөд Америкаас 2, Хойд Америк, Африкаас тус бүр 1)
Тоглолт: 17
Гоол: 70 (дунджаар 4.12)
11 метрийн цохилт: 4 (үүнээс хоёр нь амжилттай болсон)
Хотууд: 8 (Болонья, Флоренц, Генуя, Милан, Неаполь, Ром, Триест, Турин)
Цэнгэлдэх хүрээлэн: 8 (“Литториале”, “Жованни Берта”, “Луижи Феррарис”, “Сан-Сиро”, “Жоржо Аскарелли”, “Национале”, “Литторио”, “Бенито Муссолини”)
Үзэгч: 407 000
Улаан хуудас: 1
Хамгийн олон гоол орсон тоглолт: 7:1
Хамгийн олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт: 7:1
Мэргэн бууч: Неедлы (Чехословак)-5 бөмбөг
СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
-Тэмцээн ердөө хоёр долоо хоног үргэлжилж, нийтдээ 17-хон тоглолт явагдсан байна. Тоглолтууд өөр өөр хотуудад нэг цагт зэрэг эхэлж байсан тул нэг хүн дээд тал нь зургаан тоглолт (Итали-Испанийн нэмэлт тоглолтыг оролцуулаад) үзэх боломжтой байв.
-Финалд үлдсэн Итали, Чехословакийн багууд бүтэн долоо хоног амарсны эцэст шийдвэрлэх тулаанаа хийжээ.
-Анхны ДАШТ-ий адилаар цөөнгүй багууд тэмцээнийг хясан боов. Тодруулбал Өмнөд Америкийн Уругвай, Боливи, Парагвай, Их Британид харьяалагддаг Англи, Шотланд, Уэльс, Ирланд бойкотложээ.
-Аваргын хувь заяа анх удаа нэмэлт цагт шийдэгдсэн.
-Энэ тэмцээнээс эхлэн хүрэл медалийн төлөө тоглолт хийдэг болжээ.
-“Скуадра Аззура”-г аваргалахад гол үүрэг гүйцэтгэсэн Жузеппе Меаццад хүндэтгэл үзүүлж, тэмцээний дараа Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэхийг түүний нэрэмжит болгосон байна.
-Луис Фелипе Монти хоёр өөр багийн бүрэлдэхүүнд хоёр ДАШТ-ий финалд дараалан тоглосон анхны хөлбөмбөгч болжээ. Тэрбээр Аргентиний бүрэлдэхүүнд “Уругвай-30”-аас мөнгө, Италийн шигшээд “Итали-34”-өөс алтан медаль хүртсэн юм.
-Шөвгийн наймд учраа тааарсан Итали-Испанийн эхний тоглолт маш хүнд нөхцөлд болж, олон ч тоглогч гэмтжээ. Хариу тоглолтод хоёр багийн дасгалжуулагчид талбайд 11 шинэ тоглогчийг нэмж гаргасан байна.
-Зохион байгуулагчид тэмцээний зардалд 3.7 сая лир зарцуулсан нь тухайн үеийн ханшаар асар их мөнгө юм.
Шилдэг довтлогч Олдриж Неедлы (Чехословак)
1909 оны арванхоёрдугаар сарын 26-нд Австри-Унгарын эзэнт улсын Зебрак хотод төрсөн. Төрөлх хотынхоо “Зебрак”, Чехословакийн “Раковник”, “Спарта” багуудад тоглож байсан бөгөөд нийт 161 гоол оруулжээ. 1932, 1936, 1938, 1939 онуудад улсынхаа аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч болж байв. Харин шигшээдээ 1931-38 оны хооронд 43 тоглолт хийн 29 бөмбөг хийжээ.
“Итали-34” ДАШТ-д таван бөмбөг оруулсан амжилтаар шилдэг довтлогч болсон. Неедлы хагас шигшээд Германы эсрэг тоглолтод хет-трик хийсэн ч албан ёсны протоколд нэг гоолыг нь зүүн жигүүрийн довтлогч Рудольф Крчил хийснээр бүртгэсэн байдаг ажээ. Тиймээс ихэнх ном зохиолд Италийн Анжело Скьявио, Германы Эдмунд Конен нарын адилаар дөрвөн бөмбөг оруулсан хэмээн бичсэн байдаг. Дөрвөн жилийн дараа Францад болсон ДАШТ-д үүн дээрээ хоёр гоол нэмэрлэжээ.
Неедлы 1939 оны улирлыг дуусгаад зодог тайлсан бөгөөд 1990 онд 81 насандаа таалал төгсчээ.
1/8 ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Итали-АНУ 7:1
Гоол: Скьявио 18, 29, 64, Орси 20, 69, Феррари 63, Меацца 89-Донелли 57
Итали: Комби, Розетта, Аллеманди, Пицциоло, Монти, Бертолини, Гуаризи, Меацца, Скьявио, Феррари, Орси
АНУ: Жулиан, Черкевич, Мурхауз, Питрас, Гонсалвес, Флори, Райан, Нилсен, Донелли, Дик, Маклин
Шүүгч: Мерсе (Швейцар)
V.27. Рим, “Национале ПНФ”, 25000 үзэгч
Чехословак-Румын 2:1
Гоол: Пуч 61, Неедлы 73-Добай 37
Чехословак: Планичка, Женишек, Чтыроки, Кошталек, Чамбал, Крцил, Юнек, Силны, Соботка, Неедлы, Пуч
Румын: Зомбори, Фогль, Албу, Дехеляну, Котормани, Моравет, Биндя, Ковач, Сепи, Бодола, Добай
Шүүгч: Ланженю (Бельги)
V.27. Триест, “Стадио Литторио”, 9000 үзэгч
Герман-Бельги 5:2
Гоол: Кобирски 18, Зиффлинг 56, Конен 73, 77, 88-Ворхоф 24, 35
Герман: Кресс, Харингер, Шварц, Янес, Сепан, Зелински, Ленер, Хохманн, Конен, Зиффлинг, Кобирски
Бельги: Ван де Вейер, Смеллинкс, Йоахим, Перар, Велкенхейзен, Классенс, Деврис, Ворхоф, Капелле, Гриммонпре, Хереманс
Шүүгч: Маттеа (Итали)
V.27. Флоренц, “Жованни Берта”, 8000 үзэгч
Австри-Франц 3:2
Гоол: Шинделарж 34, Шалль 100, Бикан 112- Никола 18, Веррье 117 пен
Австри: Платцер, Цисар, Сеста, Вагнер, Шмиштик, Урбанек, Цишек, Бикан, Шинделарж, Шалль, Виртль
Франц: Тепо, Мересс, Маттлер, Дельфур, Вер¬рье, Льетар, Келлер, Алькасар, Никола, Рио, Астон
Шүүгч: ван Морсел (Голланд)
V.7. Турин, “Бенито Муссолини”, 16000 үзэгч
Испани-Бразил 3:1
Гоол: Ирарагорри 16 пен, 26, Лангара 41-Леонидас 72
Испани: Самора, Сириако, Кинкосес, Сильяурен, Мугерса, Маркулете, Ирарагорри, Лангара, Лекуэ, Лафуэнте, Горостиса
Бразил: Педроза, Силвио, Лус, Тиноко, Мартим Силвейра, Каналли, Луизиньо, де Брито, Леонидас, Армадиньо, Патеско
Шүүгч: Бирлем (Герман)
V.27. Генуя, “Луижи Феррарис”, 21000 үзэгч
Швейцар-Голланд 3:2
Гоол: Кильхольц 10, 36, Абегглен 57-Смит 23, Венте 80
Швейцар: Сешее, Минелли, Вайлер, Гиншар, Жаккар, Хуфшмид, фон Кенель, Пасселло, Кильхольц, Абегглен, Босси
Голланд: ван дер Мёйлен, Вебер, ван Рюн, Пелликан, Андерисен, ван Хел, Велс, Венте, Бакхейс, Смит, ван Неллен
Шүүгч: Эклинн (Швед)
V.27. Милан, “Сан-Сиро”, 33000 үзэгч
Швед-Аргентин 3:2
Гоол: Юнассон 33, 67, Кроон 80-Белис 16, Галатеа 49
Швед: Рюдберг, Аксельссон, С.Андерссон, Карльссон, Росен, Э.Андерссон, Дункер, Густафссон, Юнассон, Келлер, Кроон
Аргентин: Фрески, Педевилья, Белис, Нехин, Соса-Урбьета, Лопес, Руа, Вильде, де Винсенси, Галатеа, Ираньета
Шүүгч: Браун (Австри)
V.27. Болонья, “Стадио Литторале”, 14000 үзэгч
Унгар-Египет 4:2
Гоол: Телеки 7, Толди 18, 87, Винче 57-Фавзи 26, 42
Унгар: А.Сабо, Футо, Штернберг, Палоташ, Сюч, Лазар, Маркош, Винче, Телеки, Толди, Г.Сабо
Египет: Камель, Мансур, Мухтар, Эф-Фар, Рафаат, Рагаб, Латиф, Фавзи, Эс-Саед, Таха, М.Хассан
Шүүгч: Барлассина (Итали)
V.7. Неаполь, “Жоржио Аскарелли”, 9000 үзэгч
1/4 ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Герман-Швед 2:1
Гоол: Хохманн 57, 74-Дункер 85
Герман: Кресс, Харингер, Буш, Грамлих, Сепан, Зелински, Ленер, Хохманн, Конен, Зиффлинг, Кобирски
Швед: Рюдберг, Аксельссон, С.Андерссон, Карльссон, Росен, Э.Андерссон, Дункер, Густафссон, Юнассон, Келлер, Кроон
Шүүгч: Барлассина (Итали)
V.31. Милан, “Сан-Сиро”, 3000 үзэгч
Австри-Унгар 2:1
Гоол: Хорват 27, Цишек 71-Шароши 80 пен
Австри: Платцер, Цисар, Сеста, Вагнер, Шмиштик, Урбанек, Цишек, Бикан, Шинделарж, Хорват, Виртль
Унгар: А.Сабо, Ваго, Штернберг, Палоташ, Сюч, Салаи, Маркош, Авар, Шароши, Толди, Кемень
Улаан хуудас: Маркош 63
Шүүгч: Маттеа (Итали)
V.31. Болонья, “Литторале”, 23000 үзэгч
Итали-Испани 1:1
Гоол: Феррари, 45 - Регеро, 31
Итали: Комби, Монзельо, Аллеманди, Пицциоло, Монти, Кастеллацци, Гваита, Меацца, Скьявио, Феррари, Орси
Испани: Самора, Чириако, Кинкосес, Сильяурен, Мугерса, Лафуэнте, Ирарагорри, Лангара, Феде, Регеро, Горостиса
Шүүгч: Барт (Бельги)
V.31. Флоренц, “Жованни Берта”, 35000 үзэгч
Хариу тоглолт
Итали-Испани 1:0
Гоол: Меацца 12
Итали: Комби, Монзельо, Аллеманди, Феррарис, Монти, Бертолини, Гваита, Меацца, Борель, Де Мария, Орси
Испани: Ногес, Сабало, Кинкосес, Сильяурен, Мугерса, Лекуэ, Вентольра, Регеро, Кампаналь, Чачо, Бош
Шүүгч: Мерсе (Швейцар)
VI.1. Флоренц, “Жованни Берта”, 43000 үзэгч
Чехословак-Швейцар 3:2
Гоол: Свобода 36, Соботка 55, Неедлы 84-Кильхольц 18, Эгги 64
Чехословак: Планичка, Женишек, Чтыроки, Кошталек, Чамбал, Крцил, Юнек, Свобода, Соботка, Неедлы, Пуч
Швейцар: Сешее, Минелли, Вайлер, Гиншар, Жаккар, Хуяшмид, фон Кёнель, Эгги, Кильхольц, Абегглен, Эк
Шүүгч: Беранек (Австри)
V.31. Турин, “Бенито Муссолини”, 12000 үзэгч
ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Итали-Австри 1:0
Гоол: Гваита 10
Итали: Комби, Монзельо, Аллеманди, Феррарис, Монти, Бертолини, Гваита, Меацца, Скьявио, Феррари, Орси
Австри: Платцер, Цисар, Сеста, Вагнер, Шмиштик, Урбанек, Цишек, Бикан, Шинделарж, Шалль, Виртль
Шүүгч: Барлассина (Итали)
VI.3. Милан, “Сан Сиро”, 35000 үзэгч
Чехословак-Герман 3:1
Гоол: Неедлы 19, 80, Крцил, 71-Ноак, 62
Чехословак: Планичка, Бургр, Чтыроки, Кошталек, Чамбал, Крцил, Юнек, Свобода, Соботка, Неедлы, Пуч
Герман: Кресс, Харингер, Буш, Зелински, Сепан, Бендер, Ленер, Ноак, Конен, Зиффлинг, Коберски
Шүүгч: Барлассина (Итали)
VI.3. Рим, “Национале ПНФ”, 15000 үзэгч
ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
Герман-Австри 3:2
Гоол: Ленер 1, 40, Конен 15-Хорват 35, Сеста 63
Герман: Якоб, Буш, Янес, Зелински, Сепан, Мюнценберг, Бендер, Ленер, Конен, Зиффлинг, Хайдеманн
Австри: Платцер, Цисар, Сеста, Вагнер, Шмиштик, Урбанек, Цишек, Бикан, Браун, Хорват, Виртль
Шүүгч: Карраро (Итали)
VI.7. Неаполь, “Жоржио Аскарелли”, 7000 үзэгч
ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Итали-Чехословак 2:1
Гоол: Орси 81, Скьявио 95-Пуч 76
Итали: Комби, Монзельо, Аллеманди, Феррарис, Монти, Бертолини, Гваита, Меацца, Скьявио, Феррари, Орси
Чехословак: Планичка, Женишек, Чтыроки, Кошталек, Чамбал, Крцил, Юнек, Свобода, Соботка, Неедлы, Пуч
Шүүгч: Эклинн (Швед)
VI.10. Рим, “Национале ПНФ”, 50000 үзэгч
P.S. Та бүхнийг ухаан бодлоо уралдуулах, бас өөрийн хайртай багаа дэмжих, өрөөл бусадтай таавраараа өрсөлдөх боломжийг олгож байна. Та манай гаригийн хаана ч амьдран суудаг байсан хамаагүй www.taavar.com сайтад зочлон хөлбөмбөгийн ДАШТ-ий тааварт оролцох боломжтой боллоо.