2007-10-20
Сэтгэлийн зул

Сэтгэлийн зул

 

Эглээс эгэл, даруухнаас даруухан нэгэн байж дээ

 

Алд биений жаргалыг хайж бус, амьдралын мөр хөөж, хайртай бүхнээсээ хол , тэднийхээ ирээдүйн аз жаргалын төлөө өөрийгөө золиосолж , өвчин зовлон тусахгүй мэт санаж, амь насаа нурахгүй адил бодож, алд биеээ алжаахыг ч мэдэхгүй явдаг  бидний л адил нэгэн нөхөр маань халамжит хань, хайртай бяцхан үрс, хангай шиг түшигтэй аав, ээжээсээ хол, харь хүний нутагт цэл залуухнаараа Бурхны орон руу явчих юм даа.

Америк орны алтан шар замыг хөнлөн гулд туулж,аяны жолоогоо мушгин явахдаа, хайрт хань, хөөрхөн үрстэйгээ, ачит аав ээжтэйгээ, ах дүү анд нөхөдтэйгээ уулзах өдрийг бодолдоо төсөөлөн,  нойртой нойргүй, хоолтой хоолгүй яарч явсан байхдаа.

Талийгаачтай би тийм ч олон уулзаж, дотно нөхөрлөж явсангүй. Гэхдээ зуун удаа уулзсан ч дүр нь хоногшдоггүй хүн байхад зурвасхан харсан ч сэтгэлд мөнхөрдөг нэгэн байдаг лугаа Жачин маань сэтгэлд тод үлджээ.

Хориод жилийн өмнө талийгаачтай анх   танилцаж билээ. “Алдар” нийгэмлэгийн хөлбөмбөгийн идэрчүүдийн шигшээ баг хот, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлд гараад байсан үе. Сандагаа багш маань нэгэн бэлтгэл дээр туранхай өндөр бор хүүг дагуулаад ирлээ. Энэ хүүхэд хамгаалагчаар тоглочихоор, бие хаа сайтай, хөл гар урттай юм гээд л бидэнд танилцуулж байсансан. Тоглолтын дараа хожоод баярлаж хөөрөөд хашгиралдаж байсан ч , хожигдоод уруу царайлаад хоорондоо хатуу үг хэлэлцэж байхад ч дуугүй л инээмсэглээд зогсож байдаг өндөр бор хүү одоо ч нүдний өмнө ил ээ.

Тэр үеээс хойш  түүнтэй уулзалгүй нэг л мэдэхэд 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн онд Денверт Америкийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Чикагогийн “Аргамаг” багт нэг л харсан махлаг бор залуу тоглоод байлаа. Хэн билээ гэж бодсоор, нэр нь орж ирэхгүй болохоор нэрэлхээд асууж чадалгүй мэнд мэдээд л салсан. Харин энэ жил Чикагод нөгөө дуугүй, нүдээрээ инээсэн тарган бор залуутайгаа яриа өдтөл хориод жилийн өмнө нэг багт тоглож явсан багын минь танил, багийн маань нөхөр Жанчин байжээ. “Би ч чамайг ноднин таньсан л даа. Чамайг таньж ядаад байхаар чинь дуугүй байсан юм” гээд даруухан өгүүлж билээ. Бид хоёр тэмцээний зай завсраар жаал ярьж хөөрч, дараа тухтай уулзаж, хууч хөөрөхөөр тохироод салсан. Даан ч дахиад уулзах хувьгүй байжээ.

Хөлбөмбөгийн ногоон талбайд анх зүс харалцсан, хөлбөмбөгийн ногоон талбайд ч бас хамгийн сүүлд  уулзсан эгэл даруухан анд минь энэ хорвоогоос  хальжээ. Энэ гашуун мэдээг сонсохоор их л зүйл бодогдоно. Хоёр ч дээд сургууль дүүргэж, өндөр боловсрол эзэмшсэн инженер хүн, мэдсэн сурснаа гүйцэд гаргаж амжилгүй, хүний нутагт хар бор ажил хийгээд , алаг үрсийнхээ өсч торнихыг ч үзэлгүй, жаргал зовлонг цугтаа туулдаг  ханьтайгаа ч хамтдаа байж чадалгүй, ачит аав ээжтэйгээ ч золгож , үнсүүлж амжилгүй  хорвоог орхисон нь юутай харамсмаар.

Алаг үрс чинь том болоод аавынхаа хэний төлөө зүтгэж явсныг ойлгож ухаарнаа. Амраг хань чинь эр нөхрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилгыг  гүйцээнээ. Ачит аав,  ээж тань ийм сайхан эглээс эгэл, даруухнаас даруухан , найз нөхөддөө  нэртэй хүндтэй  явсан хүүгээрээ бахарханаа.

Анд минь амгалан энхийн орондоо тайван нойрс  доо. Ум ма ни бад ми хум.

 

Сэтгэлийн зул өргөсөн Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)

 

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 05:53 | | уншсан: 575 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)