2007-10-20
Шилдэг “ширэн бээлийтнүүд” Чикагод цугларлаа

Шилдэг “ширэн бээлийтнүүд” Чикагод цугларлаа

 

Олон улсын сонирхогчдын боксын холбоо(AIBA)-ноос хоёр жил тутам зохион явуулдаг Дэлхийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн энэ аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын гурванд АНУ-ын Чикаго хотноо болох гэж байна..

Энэхүү тэмцээн эхлэхээсээ өмнө л дуулиан шуугиан болж, рекорд амжилт тогтоож эхлэв. Тухайлбал урьд нь хамгийн олон орон, хамгийн олон тамирчин оролцсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2005 онд БНХАУ-д болж, 74 орны 412 боксчин орж байж. Тэгвэл Чикагод 114 орны 623 шилдэг “ширэн бээлийтнүүд” оролцохоор эцсийн мэдүүлгээ өгөөд байна.

            Мөн “Чикаго-2007” боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жин тус бүртээ эхний наймд (хамгийн хүнд хоёр жинд эхний дөрөв) шалгарсан боксчид “Бээжин-2008” олимпийн наадамд оролцох эрх олгох болохоор багууд тун чамбай бүрэлдэхүүнтэй байна.Чикагод сүүлчийн ДАШТ-ий медальтай 27 боксчин, “Афин-2004” Олимпийн наадмын медальтай найман боксчин ирээд байна. Тухайлбал:

 48 кг-ийн жинд дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт БНХАУ-ын Зоү Ши Минь, дэлхийн аваргын мөнгөн медальт Унгарын Б.Педак, ДАШТ-ий хүрэл медальт Тажикстаны Ш.Достиев, Казахстаны Б.Жакыпов,

            51 кг-ийн жинд дэлхийн аваргын хүрэл медальт Казахстаны М.Сарсамбаев, АНУ-ын Р.Уоррен,

            54 кг-ийн жинд олимпийн хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальт Германы Р.Х. Рахимов, ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Г.Рассель, Францын А.Халлаб,

            57 кг-ийн жинд Европ, дэлхий, Олимпийн аварга ОХУ-ын А.Тищенко, дэлхийн аваргын мөнгөн медальт Болгарын А.Шайдулин,

            60 кг-ийн жинд ДАШТ-ий хүрэл медальт Италийн Д.Валентино,

            64 кг-ийн жинд дэлхийн аварга Казахстаны С.Сапиев, ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Д.Мамудов, хүрэл медальт Азербайжаны Э.Махаррамов,

            75 кг-ийн жинд Европын болон дэлхийн аварга ОХУ-ын М.Коробов, ДАШТ-ий мөнгөн медальт Украйны И.Силлах, хүрэл медальт Египтийн М.Хикаль,

            81 кг-ийн жинд дэлхийн аварга Казахстаны  Е.Жанабергенов, дэлхийн аваргын мөнгөн медальт Хорватын М.Сиволижа,

            -91 кг-ийн жинд ДАШТ-ий мөнгө медальт Азербайжаны Э.Ализаде, Европын болон ДАШТ-ий хүрэл медальт Германы А.Повернов, ДАШТ-ий хүрэл медальт Узбекистаны Я.Мажанов,

            +91 кг-ийн жинд дэлхийн аваргын мөнгө, Европын хүрэл медальт ОХУ-ын Р.Романчук, олимпийн болон дэлхийн аваргын хүрэл медальт Италийн Р.Каммарелле, дэлхийн аваргын хүрэл медальт Болгарын В.Пулев нарын шилдэг боксчид өрсөлдөх нь.

            Харин “ширэн бээлийт”-нүүдээрээ дэлхийд гайхагддаг Кубын боксчид ДАШТ-д оролцохгүй нь. Учир нь өнгөрсөн зун Бразилд болсон Пан Америкийн наадмын үеэр Кубын боксчин олимпийн хошой аварга, дэлхийн аварга Г.Ригонда, дэлхийн аварга Э.Лара нар нь оргон алга болоод баригдсан болохоор Кубын эрх баригчид боксчдоо ДАШТ-д оролцуулахгүй гэж мэдэгдсэн билээ.

            1974 оноос эхлэн зохиогдсон ДАШТ-ээс Монголын “ширэн бээлийтнүүд” хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. 1982 онд гавьяат тамирчин Р.Отгонбаяр мөнгө, 1993 онд гавьяат тамирчин Э.Цогтжаргал хүрэл, 1997 онд гавьяат тамирчин Т.Үйтүмэн  мөнгөн медаль авч байсан билээ.

            Энэ удаа Монгол Улсаа Чикагогийн рингэн дээр дараах тамирчид төлөөлнө.

            48 кг: ОУХМ Пүрэвдоржийн СЭРДАМБА. 2007 оны Ази тивийн аварга, оюутны ДАШТ-ий хүрэл медальтай.

            51 кг:  СМ Лувсанцэрэнгийн ЗОРИГТБААТАР. Тайланд, Чех, Германы ОУТ-ий медальтай.

            54 кг: ОУХМ Энхбатын БАДАР-УУГАН. 2007 оны Ази тивийн аварга. Оюутны дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, Германы Халле хотноо болдог “Химийн цом” ОУТ-ий аварга.

            57кг: ОУХМ Зоригтбаатарын ЭНХЗОРИГ. 2007 оны Ази тивийн аварга. ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай.

            60 кг: ОУХМ Уранчимэгийн МӨНХ-ЭРДЭНЭ. Зүүүн Азийн наадмын аварга, Азийн наадмын мөнгө, Оюутны ДАШТ-ий хүрэл медальтай. Германы “Химийн цом”, Чехийн ОУТ-ий аварга. ДАШТ-ий шагналт байрт шалгарч, 2004 оны Афины олимпод оролцож байсан.

64 кг: ОУХМ Бямбаагийн ТҮВШИНБАТ. Оюутны ДАШТ-ий хүрэл, Азийн аваргын мөнгөн медальтай. ОУТ-ий мөнгө, хүрэл медальтай.

69 кг: СМ Мөнгөнцоожийн НАНДИН-ЭРДЭНЭ. Азийн АШТ-ий мөнгөн медальтай.

           

“ТАВАН ЦАГАРИГ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

 

           

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 05:49 | | уншсан: 529 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)