2007-10-13
Америкт ирж магадгүй алаг бөмбөгийн арван од

Америкт ирж магадгүй алаг бөмбөгийн арван од

           

Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн лиг MLS(Major League Soccer)-т супер оддын нэг Дэвид Бекхэм хөл тавиад удаагүй байгаа билээ. Тус лигийн комиссионер Дон Гарбер лигийнхээ нэр хүндийг өсгөх, үзэгчдийн тоог нэмэх, улмаар ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд олон арга сүвэгчилж буйн нэг нь энэ. Бекхэм MLS-ийн нэрийг тодорхой хэмжээгээр гаргаж байгаа ч “ганц мод гал болддоггүй” гэдэг шиг түүнд “хань” болох дэлхийн хэмжээний одод яах аргагүй үгүйлэгдэж байгаа юм. Тиймээс ч MLS-ийн удирдлагууд, багийн эзэд Америкт ирэх бололцоотой оддыг хайж, тандаж байгаа билээ. Мэдээж Бразилийн Кака, Роналдиньо, Робиньо, Португалийн Криштиан Роналдо, Аргентиний Месси нарын томчуудыг Америкт авчрах гэж “сэрүүн зүүдлээд ч” нэмэргүй. Нэгдүгээрт тэдний нас залуу, ид тоглодог дээрээ байгаа. Хоёрдугаарт Испанийн “Реал”, “Барселона”, Италийн “Милан”, Английн “Манчестер Юнайтед” гээд хөлбөмбөгийн ертөнцөд хөрөнгө бэнчин, алдар суу, нэр хүндээрээ ноёлдог багуудтай хийсэн гэрээ нь дуусах яагаа ч үгүй, авч буй цалин мөнгө нь ч хангалттай өндөр. Тиймээс Америкийн менежерүүд хэдийгээр алдар нэртэй боловч нас явж, гэрээ нь дуусах дөхөж буй тоглогчдыг ихэд сонирхож байна. Түүнээс гадна бүхнийг мөнгөөр хэмждэг Америк оронд сайн тоглогч байхын сацуу хэл ам, хэвлэл мэдээллийн “овоо хараанд” байнга байдаг, дуулиан шуугианаас салдаггүй хүн зар сурталчилгаанд илүү ашигтай гэдгийг нь ч харж буй биз ээ. Ингээд ойрын жилүүдэд Америкт ирж, алаг бөмбөг өшиглөж магадгүй хөлбөмбөгчдийг таницуулья.

 

1.Роналдо(Бразил, “Милан”,30 настай)

 

Роналдог мэдэхгүй , танихгүй хүн ховор. Дэлхийн хошой аварга, Дэлхийн АШТ-нд хамгийн олон гоол оруулсан, дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг удаа дараа хүртэж, “Барселон”,”Реал”, “Интер”, “Милан” гээд энэ хорвоогийн супер клубүүдэд тоглож амжсан “шүдэрхэг”-ийн “Милан”-тай байгуулсан 12сарын гэрээ ирэх хавар дуусна. Тэгэхээр тун удалгүй “чөлөөт иргэн” болох нь. Жин их нэмж, нас нь явж, Бразилийн шигшээд гологдох болсон Роналдо Европын шилдэг багуудад тоогдохгүй байж мэдэх. Гэвч бурхнаас заяасан авьяас, ур чадвар, өндөр нэр хүнд нь Америкийн хөлбөмбөгт ус агаар шиг л хэрэгтэй. Роналдо Америкт бол ахиад 1-2 жил өндөр төвшинд тоглож дөнгөнө. Бас цаг үргэлж янз бүрийн хүүхнүүдтэй дурлалын роман үүсгэж явдаг “шүдэрхэг”-ийг хэвлэлийнхэн тун таатай угтах биз. Роналдог Нью Йоркийн “Ред буллз” баг ихээхэн сонирхож буй сураг байна.

 

2. Зинедин Зидан (Франц, зодог тайлсан, 35 настай)

 

Францын шигшээгийн экс ахлагч, Европын болон дэлхийн аварга, цуутай франц эр Зидан 2006 оны Дэлхийн аваргын шувтаргын тоглолтод Италийн Матерацциг халзан толгойгоороо мөргөн унагааж, “улаан жавтий” хүртэн, талбайгаас хөөгдсөнөөсөө хойш ногоон талбайд дахин гараагүй байгаа. Түүний энэ мөргөлт олон олон жилийн дараа ч дурсагдах биз. Хүмүүс 2006 оны дэлхийн АШТ гэхээр “Аа нөгөө Зиданы Матерацциг мөргөдөг дэлхийн аварга уу? “ гээд л санах байх. Хэдийгээр зодог тайлснаа зарласан ч олон зуун хөлбөмбөгийн хорхойтнууд түүнийг мартаагүй, ахиад тоглоосой гэж хүсч буй нь лав. Гэхдээ хэдийнэ 35 нас зооглосон Зидан Европын багт тоглох боломжгүй. Харин Америкт бол өөр хэрэг. Тэгээд ч энэ оны эцсээр Австралид аялан тоглолт хийх Бекхэмийн “Лос Анжелес Галэкси”-ийн бүрэлдэхүүнд Зидан оролцон тоглох гэрээ байгуулсан гэсэн яриа ч гараад байна. Тэгэхээр Зидан анхны алхамаа хийсэн гэсэн үг. Гэхдээ Зидан Америкт ирвэл “Лос Анжелес Галэкси”-д л лав тоглохгүй болов уу. Нэгдүгээрт Бекхэм Зидан хоёулаа дунд тоглодог, нөгөөтэйгүүр хоёр супер одын “хөлсийг” төлөхөд хэцүү байх биз.

 

3. Клод Макелеле (Франц, “Челси”, 34 настай)

 

Английн “Премьер лиг”-ийн багуудаас Америкт хамгийн алдартай нь “Манчестер Юнайтед”. Харин дараа Абрамовичийн “Челси” орох байх. Тэгвэл “Челси”-ийн алдартай хамгаалагчийг Америкууд сонирхоход гайхах юм алга. Гэвч америкчууд Макелелег бус, Макелеле өөрөө Америкийг сонирхож байгаа гэвэл илүү үнэмшилтэй болох биз. MLS-т тоглох хүсэлтэйгээ ч мань эр нэг бус удаа цухуйлгасан гэдэг. Түүний сүйт бүсгүй болох, супер модель Ноэми Ленойр нь “Rush Hour -3” киногоор жүжигчний гараагаа эхлээд байгаа. Тэгэхээр 34 нас хүрсэн Клодод  хайрт бүсгүйгээ Холливудад ойртуулахын хамт, өөрөө ч хөлбөмбөгөөсөө холдохгүй байхын тулд Америк аргагүй зөв сонголт. Хьюстоны “Динамо” хар арьст франц эрийг “тоочиглож” байгаа гэнэ.

 

4. Рафаэль Маркез(Мексик, “Барселона”, 28 настай)

 

2006 оны ДАШТ-ий дараа Мексикийн хамгаалагч цуут “Барса”-тай 2010 он хүртэл гэрээ байгуулсан билээ. Гэрээ нь дуусах үед тэрбээр гуч өнгөрөөд явчихсан байх тул Европод үлдэх боломж тааруу. Нөгөөтэйгүүр Америкийн олон сая цагаач мексикчүүдийн шүтээн “Чикаго “-ийн Бланко нас  нь талийж зодог тайлах дөхөж байгаа. Тэгэхээр “амиго” нарт шинэ баатар зайлшгүй хэрэгтэй болно. Тэр нь Маркез байх магадлал тун өндөр. Бодвол Маркез “Чикаго” юмуу “Чивас”-т тоглох байх.

 

5.Фабио Каннаваро(Итали, “Реал”М, 33 настай)

 

Өнгөрсөн жил дэлхийн аварга болж, оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон Италийн шигшээгийн ахлагчийн Мадридын “Реал”-тай байгуулсан гэрээ хоёр жилийн дараа дуусна. Түүнийг “Торонто” овоо хараандаа оруулаад судлаж байгаа гэнэ.

 

6. Тьерри Анри(Франц, “Барселона”, 30 настай)

 

Францын шилдэг довтлогчдын нэг Анри олон жил зүтгэсэн”Арсенал”-аасаа алдарт “Барса”-д энэ зун шилжин ирсэн. “Барса”-тай хийсэн гэрээ нь дуусах үед Америкийг сонгож магадгүй юм.  Учир нь түүний хамгийн дотны анд найз нь NBA-ийн од, “Сан Антонио спэрз”-ийн сагсчин Тони Паркер. Найзтайгаа ойртох хүсэл түүнд байгаа нь мэдээж. Анри бас амралтаа Нью Йоркт өнгөрүүлэх дуртай гэсэн. Сүүлийн үед Анри нэртэй гольфчин Тайгер Вудс, теннисний од Рожер Федерер нартай “Gillette”-ийн сурталчилгаанд хамтдаа тоглож, зурагтаар байнга гарч Америкт танилынхаа тоог нэмж байгаа. Анриг “Нью Йорк Ред буллз”, “Хьюстон Динамо”, “Даллас” багууд судалж байгаа аж.

 

7. Хуэн Себастьян Верон(Аргетин, “Эсудиантес”, 32 настай)

 

Олон жил Европын шилдэг багуудад тоглож байсан Верон одоогоор төрөлх “Эстудиантес” багтаа ирээд байна.Тэрбээр Европ руу эргэн очиж нөөц тоглогчдын суудалд сууснаас Америкт ирж авьяасаа гаргахыг илүүд үзэж магадгүй л юм. Түнийг “онилж” буй баг нь “Ди Си Юнайтед”.

 

8. Райан Гиггз(Уэльс, “МЮ”, 33 настай)

 

Бекхэмийн багын анд, “Манчестер Юнайтед”-д ирж байсан Райан одоог хүртэл багтаа үнэнчээр зүтгэж байна. “Премьер лиг”-ийн 9 түрүү авч өвөрмөц рекорд тогтоогоод байгаа Гиггзийн гэрээ ирэх жил дуусах юм. Тэрбээр зодог тайлах уу, эсвэл дахиад 2-3 жил тоглох уу гэдгээ шийдэхэд “Нью Инглэнд Революшн”, “Колорадо рапидс” багуудын тавьж буй санал нөлөөлөх биз ээ.

 

9. Хэнрик Ларссон(Швед, “Хельсингборг, 35 настай)

 

Европын шилдэг багуудад нэр төртэй тоглож явсан, Шведийн шигшээгийн нэрт довтлогч төрөлх эх орондоо тун ч даруухан багт алба хааж байгаа. Тиймээс MLS-т ирэх аваас гайхах юм алга.

 

10. Пьерлуижи Коллина(Итали, шүүгч, 47 настай)

 

Хөлбөмбөгийн ертөнцөд “Харь гаригийн хүн” хэмээн алдаршсан, хамгийн алдартай шүүгчийн нэг Коллина Америкт жинхэнэ тохирох хүн. Өвөрмөц этгээд гадаад төрх, ногоон талбай дээрх хатуу тогтоох “цааз хууль” нь хөлбөмбөгийн ертөнцөд алдаршуулсан шигээ реклам сурталчилгганд ихээхэн амжилт олох магадлал бий.

 

  

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 23:35 | | уншсан: 453 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)